
Нийтлэлч Б.Мягмардорж
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Улсын Их Хурлын тухай хуульд тус тус зааснаар Ерөнхий сайдыг дараах гурван үндэслэлээр огцруулж болдог. Үүнд:
- Ерөнхий сайд өөрөө огцрох хүсэлт гаргавал;
- Ерөнхий сайд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д оруулбал;
- УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д тавивал.
Засгийн газрын тухай хуулийн 22.1-т зааснаар Ерөнхий сайд өөрөө биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ УИХ-д өргөн мэдүүлэх хуультай байна.
Тухайлбал, uih.mn сайтад “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөл” – ийг одоогийн байдлаар 52.423 хүн дэмжсэн байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзвэл тэрээр дээрх хуулийн заалтын дагуу албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлэхээр байна.
Түүнд итгэхгүй байгаа мянга, мянган иргэдийн төлөөлөл болж 48,412 хүн түүнийг Ерөнхий сайд байх ёсгүй хүн гэж үзэж байгааг Л.Оюун-Эрдэнэ хүндэтгэж хандаж байгаа бол тэрээр энэ хүсэлтийг гаргавал гаргачихаар хугацаа өнгөрөөд байна. Гэтэл тэрээр энэ хүсэлтийг гаргах нь бүү хэл жагсагчдыг “бусдын” нөлөөгөөр жагсаж байгаа “ялаанууд, битгий горьд” гэх байр сууриа өнгөрөгч бямба гараг буюу тавдугаар сарын 17-ны өдөр цөөн хэдэн хэвлэлд хандан хэлсэн үгс завсраа хавчуулжээ. Үндсэн хуульд заасан үндсэн эрхээ эдэлж буй иргэдээ ийнхүү үндэслэлгүй хардаж, гутаах гэж оролдож мөн доромжилж байгаа нь тэрээр Ерөнхий сайд байх хэмжээний ёс зүйтэй хүн биш гэдгийг улам л бататгаж байх шиг.
Ерөнхий сайдыг огцруулах хоёр дахь боломж нь мөн л Ерөнхий сайд өөрөө УИХ-д энэ талаар хандах зохицуулалт байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлбэл УИХ тус төслийг гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, арав хоногийн дотор УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэх зохицуулалттай байна.
Хэрвээ, иргэдийн итгэлийг хүлээсэн Ерөнхий сайд мөн эсэх тухай асуудлыг “бодлогын тодорхой асуудал” гэж харвал Ерөнхий сайд энэ талаар тогтоолын төслөө УИХ-д оруулан шийдвэрлүүлэх нь ээ. Тус Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар УИХ тухайн тогтоолын төслийг нь баталбал Ерөнхий сайдад итгэл үзүүлж байна гээд тухайн асуудлыг дэмжсэн тооцно гэжээ. Харин, УИХ тухайн тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцно гэж тус хэсэгт мөн заасан байна.
Ерөнхий сайдыг огцруулах гурав дахь “боломж” бол УИХ-ын гишүүд хамтарч Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д гаргах юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу одоогийн 126 гишүүний дор хаяж 32 нь хамтарч Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж болох нь ээ. Ийнхүү санал гаргасан тохиолдолд УИХ-ын нийт гишүүний олонх буюу дор хаяж 64 гишүүн тус саналыг дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд огцрох юм.
Харамсалтай нь энэ оны 2-р сард УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дээрх заалтын дагуу, УИХ-ын тухай хуулийн 8.1.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж Ерөнхий сайдыг огцруулах тухай санал гаргахаар бэлтгэн бусад УИХ-ын гишүүдээ уриалсан ч өөрөөс нь гадна хоёрхон буюу нийт 3 гишүүн л тэр саналд гарын үсэг зурснаас харахад энэ хувилбараар Ерөнхий сайд огцрохгүй ээ гэдэг нь бараг ойлгомжтой. Нэг нам нь олонх болсон байхад сөрөг хүчний намууд нь “эвсэх” нэрээр засгийн газрын бүрэлдэхүүнд орж “бялуу” хүртэж байгаа энэ үед арга ч үгүй биз.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, С.Цэнгүүн нар өчигдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр “огцрох амархан” жагсаал дээр очиж индэр дээрээс үг хэлэхдээ жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлж огцруулах гарын үсэг зурна гэдгээ илэрхийлсэн ч тэд иргэд гарын үсэг зурж буй хүснэгт дээр гарын үсгээ зурчхаад явав. Угтаа бол улс төрийн оноо цуглуулах зорилготой биш харин үнэхээр иргэдийн жагсаалыг дэмжиж байгаа бол Ч.Лодойсамбуу гишүүний санаачилсан санал дээр гарын үсэг зурж байж УИХ-ын гишүүний хувьд огцруулах шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсанд тооцогдох юм.
Ерөнхий сайд огцрох, чөлөөлөгдөх хуульд заасан ийм 3 боломж байгаагаас итгэл хүлээлгэх болон УИХ гишүүдээс гаргах санал хоёрыг хэлэлцэх процесс тодорхой, мөн саналын босго нь ч “нийт гишүүдийн олонх” гэж тодорхой хуульчлагджээ. Харин, Ерөнхий сайд өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргавал ямар процессоор хэлэлцэх вэ, саналын босго нь “нийт гишүүдийн олонх” байх уу, эсвэл хуралдаанд оролцож буй гишүүдийн олонх байх уу гэдэг нь тодорхойгүй буюу хуульд тусгагдаагүй харагдаж байна.
Иргэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байхад эрх барих дээд байгууллага буюу УИХ нь гүйцэтгэх засаглалын тэргүүн болох Ерөнхий сайд цаашид ажлаа үргэлжлүүлэх ёстой эсэхийг зайлшгүй хэлэлцдэг байх нь ардчилсан улсад байх ёстой, зүй ёсны шаардлага юм. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгээс тэрээр одоогоор иргэдийн шаардлагыг тоох “шинжгүй” байгаа нь харагдаж байх тул иргэд илүү олноор, “тоотол нь” нэгдэж жагсах шаардлагатай нь харагдаж байна. Үүнтэй зэрэгцээд цаашид ийм буруу, ардчилсан бус жишиг тогтоохгүй тулд УИХ-ын гишүүд ч зоригтойгоор нэгдэх ёстой харагдаж байна, эс бөгөөс бид дийлдэшгүй, хэн ч ямар ч зүй ёсны шаардлага тавьсан үл ойшоодог “гэдгэр” нь дэндсэн Ерөнхий сайдаас салж чадахгүй нь ээ.
Ерөнхий сайд огцорвол дараа нь яах вэ?
Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж буй иргэдийн жагсаалтай зэрэгцээд “огцруулаад яг яах юм?” гэж байгаа иргэд ч цөөнгүй байх шиг. Тэдний зарим нь Л.Оюун-Эрдэнэтэй “нэг тал” тул хамгаалж байгаа нь анзаарагдаж байхад зарим иргэд үнэхээр залхсан, шантарсан, ирээдүйдээ итгэх итгэлгүй болсондоо одоо байгаа байдлыг хүлээн зөвшөөрч, эвлэрч байгаа харагдах шиг.
“Огцруулаад яах юм, ялгаагүй нэг адилхан хулгайч л дахиад Ерөнхий сайд болно шүү дээ” гэдгээс өөрөөр яаж алдарсан итгэл, завхарсан улс төрөөс залхсанаа илэрхийлэх вэ дээ. Гэхдээ, энэ бол хамгийн буруу жишиг тогтоох “байр суурь” юм шүү. Үнэхээр болохгүй, бүтэхгүй Ерөнхий сайдыг иргэд огцруулж чаддаг байх ёстой. Эс бөгөөс бид тэдний хууль бус авир, хулгай, булхайтай нь эвлэрч, өөгшүүлж дэмжсэн мэт болно.
Та хулгай, булхайтай эвлэрэхгүй ээ гэвэл “дараагийн Ерөнхий сайд хэн байх юм?” гэдэг асуултыг эхэнд тавих биш харин “энэ хүн Ерөнхий сайд байхаар хүн мөн үү?” гэдэг асуултыг эхэнд тавих нь зүйтэй юм.
Ийм олон алдаа, “но” байсаар байхад хэдхэн өдөр “огцор” гэж шаардаж байгаад “дараагийнх нь ялгаагүй” гэх мэт шалтаг тоочоод огцруулж чадахгүй яваад байвал тэд улам даварна, хулгай, булхай нь улам томорно шүү дээ.
Ерөнхий сайд “амжилттай” огцорчихвол Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шинэ Ерөнхий сайдыг 30 хоног томилох хуультай байна. Мөн, Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж заасанчлан тухайн шинэ Ерөнхий сайд нь Засгийн газрын бүрэлдэхүүнийг хуульд заасны дагуу томилохоор байна.
Харин, ийнхүү 30 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгчөөс УИХ-ыг тараах шийдвэр гаргана гэж хуульчилжээ.
Мөн, хэрвээ дээр дурдсанчлан итгэл хүлээлгэх эсхүл огцрох хүсэлт гаргасныг УИХ хэлэлцээд УИХ-аас Ерөнхий сайдад итгэл хүлээлгэсэн бол, эсвэл огцрох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор дахин ийм агуулга бүхий асуудал хэлэлцэхгүй талаар Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсгүүдэд тус тус заажээ.