
2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 18:10 цагт Оюу толгойн уурхайн талбар дахь цахилгааны хуурай салгуурын шугам хооронд шувуу орж, богино залгаа үүссэнээр цахилгааны шугамын автомат хамгаалалт ажиллаж, уурхайн зарим хэсэгт цахилгааны доголдол үүсжээ.
Улмаар гүний уурхайгаас гадарга руу ажилтнуудыг зөөвөрлөдөг өргүүрийн аюулгүйн шаталсан систем идэвхжиж, өргүүр зогсож саатсан ба ажиллагааг сэргээхэд тодорхой хугацаа шаардагдсан байна.
Уурхайн холбогдох багууд ажиллаж, өргүүрт байсан 61 ажилтныг тухайн оройн 23:57 цагт гадарга руу аюулгүй, бэртэл гэмтэлгүй гаргажээ.
Өргүүр зогссон хугацаанд агаарын урсгал хэвийн байсан бөгөөд ажилтнуудтайгаа байнгын холбоо харилцаатай байж, тогтмол хяналт тавьж ажилласан.
Ажилтнуудыг гадарга руу гарсан даруйд эмч, сэтгэл зүйч нар хүлээн авсан бөгөөд сэтгэл зүйн дэмжлэг туслалцааг ажилтнууд болон гэр бүлд нь үзүүлж байгаа аж.
Болсон үйл явдлын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж байгаа бөгөөд шаардлагатай сайжруулалтуудыг авч хэрэгжүүлэх болно гэж Оюу толгой компани мэдэгдлээ.










