
Хүүхэд насных нь ихэнх цаг хөгжмийн сургууль, давтлага, шалгалтын дунд өнгөрчээ. Үеийн охид урт хумс хийлгэж, үсээ хүссэн өнгөөрөө будуулан, өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлэхийг харах бүрдээ Д.Зөөлөнсийд “Би ч бас ингэх юм сан” гэх бодол төрдөг байв. Сонгодог хөгжмийн ертөнцийн тогтсон дүр төрх түүний хувь хүний хүсэл, сонирхолтой зөрчилдөх үе ч цөөнгүй байжээ.
Тиймээс тэр 12 дугаар ангидаа үеийнхнийхээ хэдийн мэдэрсэн олон зүйлийг анх удаа үзэж буй мэт санагддаг байв. Зуны амралтаараа хумсаа хийлгэж, үсээ улаанаар будуулан, өмнө нь өөртөө зөвшөөрч байгаагүй зүйлсээ туршиж үзжээ.
Дунд ангид орсноос хойш шантрах, хөгжмөө орхих тухай бодох үе олон байсан ч тэр хэзээ ч бууж өгөөгүй байна.
“Намайг миний авьяас аварсан гэж боддог. Шантармаар үе олон байсан ч арагшаа сууж, больж байгаагүй. Хичээсээр л байсан” хэмээн тэр ярив.
Ахлах ангид орсноор тэрбээр олон найзтай болж, гадуур гарч, өсвөр насныхны туулдаг баяр, гуниг, нөхөрлөл, хайр дурлалтай нүүр тулсан байна. Энэ бүхний дунд хөгжим нь хэсэгхэн хугацаанд мартагдаж, багаасаа зорьсон Шанхайн хөгжмийн их сургууль ч бодлоос нь холдох үе байжээ.
Хөгжмийн сургуулиа төгсөхөд түүнд бүх зүйл дууссан мэт санагдсан гэдэг. Харин удалгүй төгсгөл гэж бодсон тэр мөч нь амьдралынх нь шинэ эхлэл байсныг ойлгожээ.
“Сургуулиа төгсөөд миний бүх зүйл дуусчихлаа, амьдрал ингээд болчихлоо гэж бодсон. Гэтэл амьдрал одоо л эхэлж байгаа юм байна гэдгийг маш сайн ойлгосон.”
Аав нь түүнийг нэгдүгээр ангиас нь хөгжмийн замд хөтөлж, мэргэжлийн хөгжимчин болгохын төлөө олон жил бэлтгэсэн байна. Мөн охиноо Шанхайн хөгжмийн их сургуульд сургахыг анхнаас нь зорьжээ. Д.Зөөлөнсий ч энэ сургуулийг өөрийн мөрөөдлөөс гадна аавынхаа олон жилийн хүсэл хэмээн хардаг.
Тэрбээр хоёр жилийн өмнө Өрөг.мн сайтад өгсөн ярилцлагадаа Шанхайн хөгжмийн их сургуульд элсэх зорилготой байгаагаа ярьж байсан бол өдгөө тус сургуулийн анхны монгол оюутан болжээ.
“Аавынхаа ачийг яаж хариулах вэ гэж их боддог. Би аавдаа мөнгө өгөх тухай яриагүй. Харин зорьсон сургуульд нь орж, төгсөөд, дипломоо аваад “За, аав аа, болчихлоо” гэж хэлэхийг хүсдэг.”
Хөгжмөөс гадна дууны үг зохиох нь түүний бас нэгэн сонирхол. Ганцаараа байх үед нь үг, аялгуу өөрийн эрхгүй орж ирдэг тул мартахгүйн тулд утсандаа тэмдэглэж авдаг аж. Ялангуяа түгжрэл дунд машины улаан гэрлүүдийг ширтэн, оройн тэнгэрт сар харагдах үед дууны санаа хамгийн их төрдөг гэнэ.
Анхны дууныхаа үгийг найман настайдаа бичиж, аавдаа сонсгожээ. Харин 16 нас хүрээд хүүхэд насандаа эхлүүлсэн тэр дуугаа бүрэн дуусгасан байна.
Түүний амьдралын чухал мөч бүрд найзууд нь хамт байжээ. Аавтайгаа хоёулхнаа өссөн Д.Зөөлөнсийгийн хувьд найзууд нь гэрт нь ирж хоол хийж өгөн, бүхнээ ярилцаж, зөвлөгөө өгдөг хамгийн дотнын хүмүүс нь болсон байна. Тиймээс удахгүй сургуулиа зорих гэж буй түүнд найзуудаасаа холдоно гэдэг амаргүй санагдаж байгаа аж.
“Найзууддаа л хоргодоод байгаа юм. Гэхдээ тэд маань ч бас тал тал тийшээ явах гэж байна. Бүгдээрээ мундаг хүмүүс болоод эргэж ирнэ. Тэгээд хэдүүлээ бүр гоё болоод уулзана аа гэж хэлмээр байна.”
Сүүлийн үед тэрбээр аавынхаа туулсан амьдрал, үүрч явсан хариуцлагыг илүү их боддог болжээ. Өөрийнх нь гаргасан алдааг хүмүүс зөвхөн Д.Зөөлөнсийгийн үйлдэл гэж харахгүй, аавынх нь нэртэй холбон ярьдаг нь түүнд хариуцлагаа улам ихээр мэдрүүлсэн байна.
Тэр аавыгаа зөвхөн өөрийнх нь төлөө бус, гэр бүлийнхээ олон хүний өмнөөс хариуцлага үүрч явдаг хүн гэдгийг одоо илүү сайн ойлгодог болжээ.
“Аав минь их ачаа үүрсэн, том нуруутай хүн юм билээ. Тиймээс би зорилгоо биелүүлж, мөрөөдөлдөө хүрээд, аавынхаа ачааг хөнгөлөн, ачийг нь хариулж, аз жаргалтай амьдруулахыг хүсдэг болсон.”
Д.Зөөлөнсийгийн хувьд Шанхайн хөгжмийн их сургуульд элссэн нь шантралгүй үргэлжлүүлсэн өөрийнх нь хөдөлмөр, аавынх нь олон жилийн зүтгэл, тэдний хамтын мөрөөдлийн эхлэл юм.











