
Цэцэрлэгийн хүүхдүүд энэ хичээлийн жилээс нэгдсэн цэсээр хооллож эхэлсэн. Гэвч зарим цэцэрлэг хүүхдүүдэд “усан шөл” өгсөн, дотор махаар хоол хийсэн гэх зургууд цахим орчинд тарж, эцэг эхчүүдийн шүүмжлэлийг дагуулаад байсан юм.
Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 242 мянга 742 хүүхэд хамрагдаж буй. Хоол хүнс нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтэй шууд холбоотой учраас цэцэрлэгийн хоолны чанар, орц найрлагад иргэд анхаарал хандуулж, зарим нь бухимдалтай байна.
Уг асуудлаар Боловсролын ерөнхий газрын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайвангаас тодруулахад, шүүмжлэл дагуулсан тухайн цэцэрлэгийн тогооч, нярав шинээр ажилд орсон хүмүүс байсан бөгөөд байгууллага доторх ойлголтын зөрүүнээс алдаа гарсан гэв.
Тэрбээр “Тухайн хоолонд орох ёстой орц, материалыг урьдчилан тодорхой болгож өгсөн. Гэвч сургууль, цэцэрлэгийн ажилтнуудын дунд ойлголтын зөрүү гарсан тохиолдол байна. Иймээс мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, бусад байгууллагад ижил эрсдэл үүсэхээс сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл зохион байгуулж байгаа” хэмээн тайлбарлалаа.
Нэгдсэн цэсийг хэрэгжүүлэхэд зөвхөн ажилтнуудын ойлголтын зөрүү бус, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлттэй холбоотой асуудал ч тулгарч байгаа аж. Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт болон шатахууны хомсдолоос шалтгаалан зарим нийлүүлэгч бүтээгдэхүүнээ хугацаанд нь хүргэж чадахгүй байх, эсвэл ажлын бус цагаар нийлүүлэх тохиолдол гарчээ.
Харин дотор махаар хоол хийж буйд эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байгаа ч сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд ашиглаж болох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний батлагдсан жагсаалтад дотор мах багтдаг байна. Ялангуяа элэг зэрэг бүтээгдэхүүн нь төмөр, эрдэс бодис болон бичил шим тэжээлийн агууламж өндөртэйг албаныхан онцоллоо. Мөн сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд дотор мах ашиглах технологийн ном, гарын авлага боловсруулан ажиллаж байгаа аж.
Гэхдээ шим тэжээлтэй гэдэг нь хүүхэд бүр тухайн хоолыг дуртай иднэ гэсэн үг биш. Тиймээс хүүхдийн нас, идэх чадвар, амтлах онцлогт тохирсон жор, технологиор боловсруулах нь чухал хэвээр.
Хуулиар цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны зардлыг 4,000 төгрөг, 24 цагийн цэцэрлэгийн хүүхдийнхийг 5,000 төгрөгөөр тооцдог. Энэ төсөвт багтаан нэгдсэн цэсийн орц, нормыг мөрдөж, хүүхдүүдэд шаардлагатай шим тэжээлийг хүргэх үүргийг цэцэрлэгүүд хүлээж байна.
Харин нэгдсэн цэсийг өдөр тутам хэрэгжүүлж буй тогооч нарын хувьд бэлэн жор, грамм хэмжээтэй болсон нь ажлыг хөнгөвчилсөн ч зарим бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж зөрүү гардаг гэдгийг хэлэв.
Ийнхүү нэгдсэн цэсийг хэрэгжүүлэх эхний өдрүүдэд ажилтнуудын ойлголтын зөрүү, бүтээгдэхүүний түгээлт, орцын хэмжээг технологийн дагуу тохируулах зэрэг хүндрэл гарчээ. Хүүхдийн өдөр тутмын хоол нь эрүүл мэнд, өсөлт хөгжилд нь чухал нөлөөтэй учраас цэс батлахаас гадна цэцэрлэг бүрд хэрхэн хэрэгжиж байгааг тогтмол хянах шаардлагатай байгааг иргэд хэлсэн юм.
М.Солонго













