
“Энэ чигээрээ зургаа дарж байгаад л дуусна даа” хэмээн инээмсэглэн ярих эрхмийг Чулууны Батхуяг гэдэг. Өдөр бүр Сүхбаатарын талбайн хөл хөдөлгөөн дунд камераа барин зогсож, зургаа авахуулахыг хүссэн хүмүүсийн өмнө нэгэн хором саатна. Тэр хоромд бусдын инээмсэглэл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, найз нөхдийн нандин холбоо, хосуудын догдлол бүгд нэг кадрт олон өнгөөр бууна. Ч.Батхуягийн хувьд энэ бүхэн жирийн нэг ажлын өдөр мэт боловч талбайд ирсэн хүмүүсийн хувьд дахин давтагдашгүй дурсамжийн хэсэг нь болж үлдэнэ.
Өдөрт 30-40 орчим хүний зургийг дардаг тэрээр өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 7000 гаруй хүний дурсамжийг гэрэл зурагт үлдээжээ. Сүхбаатарын талбай дээр 34 жилийн турш тасралтгүй зураг дарж байгаа тэрээр гэрэл зурагчин биш гагнуурчин мэргэжилтэй аж. Гэвч мэргэжлээрээ ердөө нэг жил ажиллаад л, найзыгаа даган талбай дээр зураг дарж эхэлсэн нь өнөөдрийн хагас жарны түүхийн эхлэл болжээ.

Батхуягийн талбайд зураг авч эхэлсэн үе өнөөдрийнхөөс тэс өөр. Дижитал камер хэрэглээнд бүрэн нэвтрээгүй, гар утас хүн бүрийн гарт байгаагүй цаг. Зураг авахын тулд хальс хэрэглэж, дарсан агшинаа тэр дор нь шалгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэг кадрыг дарахаас өмнө тухайн мөчөө алдахгүй байх, камераа зөв тохируулах, гэрэл сүүдрийг тааруулах гээд зурагчны анхаарал бүхэлдээ тэр хэдхэн хоромд төвлөрнө. Авсан зураг ч шууд хүний гарт очихгүй. Хальсаа угаалгаж, хэд хоног хүлээсний эцэст л тэр дурсамж цаасан дээр бууна. Өнөөдөр утасныхаа дэлгэц дээр дарсан зургаа хэдхэн секундын дараа хараад, таалагдахгүй бол дахин авах боломжтой болсон бол тэр үеийн зураг нэг талаар хүлээх нь хүндрэлтэй мэт боловч, нөгөө талаар илүү үнэ цэнтэй байжээ.
“Тэр үе үнэхээр гоё. Одоо шиг тав, арван минутын дараа зургаа угаалгаад авчихдаггүй, хэд хоногийн дараа л авна. Гар утас олон байгаагүй болохоор талбай дээр ирсэн хүн болгон зургаа даруулдаг байлаа. Зураг даруулж байгаа хүмүүс бүгд л баярлаж, догдолсон жаргалтай харагддаг. ” хэмээн өнгөрсөн үеэ дурсана ярьж байлаа.
Хальсан камераас дижитал камер, дижитал камераас гар утасны камер хүртэл технологи хэдийнэ хэд хэдэн үе дамжжээ. Гэсэн ч хүмүүс өөрийнхөө амьдралын чухал мөчийг биет зураг болгон хадгалах хэрэгцээгээ орхисонгүй. Харин Батхуяг өөрөө энэ бүх өөрчлөлтийн дунд камераа барьсан хэвээр. Анх найзыгаа дагаж талбай дээр ирсэн тэр залуу өнөөдөр 34 жилийн туршлагатай гэрэл зурагчин болсон байна. Гагнуурчин мэргэжлээрээ ажилласан нэг жил нь түүний амьдралын хамгийн богино хугацаанд хийсэн ажил болж, камераа барьсан он жилүүд нь хамгийн урт тод зам нь болжээ.
Талбай дээр өнгөрүүлсэн энэ олон жилийн хугацаанд тэр хүмүүсийн амьдралын олон өнгөтэй мөчийг харсан ч өөрийн ажлыг онцгой зүйл гэж ярьсангүй. Өдөр бүр л камераа барина. Хүмүүс ирнэ. Зургаа авахуулна. Тэгээд дурсамжаа өвөртлөөд буцна. Харин тэр дараагийнхаа хүнийг хүлээнэ. Ингэж тэр өөрийнхөө амьдралын 34 жилийг бусдын дурсамжийн цаана өнгөрүүлжээ. Өнөөдөр түүний камерт үлдсэн 7000 гаруй зурагт мянга мянган хүний амьдралын өөр өөр мөчийг тодоор харуулна. Харин тэдгээр зургийг дарсан энэхүү эрхэм өнөөдөр ч талбайн голд, камераа барин зогссоор…










