
- Нийт харшилтай хүмүүсийн 80 гаруй хувь нь удамшлын хандлагатай өвчилж байна
- Төрснөөсөө хойш амьтантай ойр байсан бол харшлахгүй
- Харшил бүрэн эдгэрэхгүй, шинж тэмдэг нь л дарагдана
- Туйлбаргүй байдал харшлыг архагшуулдаг
Таван хүн тутмын нэг нь ургамал болон тоосноос харшилдаг. Харин нийт харшилтай хүмүүсийн 80 хувь нь удамшлын байдлаар харшилтай байдаг байна. Бид харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар АШУҮИС-ийн Уушги харшил судлалын тэнхимийн багш анагаах ухааны доктор, профессор С.Мөнхбаярлахаас тодрууллаа.
Тэрээр, “Харшлын өвчний хамгийн чухал эмчилгээ бол шалтгаанаа тодорхойлуулах ёстой. Яг юуны харшилтай гэдгээ мэдэж байгаа тохиолдолд урьдчилан сэргийлэх боломжтой юм. Ингэсэн цагт ямар нэгэн шинж тэмдэг зовуурьгүй байна. Харшил бол урьдчилан сэргийлж болдог өвчин. Өөрөөр хэлбэл хянагддаг өвчин.
Хүн гэдэг амьтны биологийн хөгжил нь орчин, ахуйн хөгжлөө дагаад хурдацтай өөрчлөгдөх боломжгүй. Энэ хоёрын хооронд тэнцвэртэй бус харьцаа үүсэж байгаа учраас өвчлөл ихсээд байгаа юм. Тиймдээ ч 40 жилийн хугацаанд өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа Англи улсад хүүхдүүдийн 50 хувь нь харшилтай болсон байна. Энэ олон харшлууд хүн амын дунд хэдэн хувийн тархалттай, хэдэн хувь нь өвчлөөд байгаа юм гэдэг нарийн судалгаа өнөөдрийг хүртэл хараахан байхгүй.
Аливаа өвчнийг эмчлэхийн тулд харшлын эмч хянах ёстой. Хэн нэгэн хүнээс сонссон, олон нийтийн харилцааны хэрэгслээр дамжиж авсан мэдээлэлдээ үндэслэж, өөртөө эмчилгээ хийнэ гэдэг нь өөрийнхөө бие дээр туршилт хийж байгаатай адил. Манай өвчтөнүүдийн хувьд байдаг дутагдалтай тал нь эмчилгээ бичүүлээд тухайн эмчилгээний үр дүн гарахаас өмнө, 1-2 хоногийн дотор бүх шинж тэмдэг нь арилах юм шиг ойлгоод хийсэн эмчилгээ үр дүнгүй, арилахгүй байна гэж их яардаг. Нэг эмчилгээнийхээ үр дүнг үзээгүй байж дараагийн эмч, эмнэлэгтээ хандаад яваад байх юм бол өвчин ужгирах, архагших нөлөө үзүүлдэг.
Гэр бүлдээ гишүүн нэмээд амьтны дэлгүүрээс муур нохой зэргийг авч байна. Үүнээс шалтгаалаад харшилтай болох тохиолдол байгаа юм. Хэрвээ тухайн хүүхэд төрснийхөө дараагаас эхлээд амьтантай ойр дотно байсан бол харшилтай болдоггүй. Ямар нэгэн зүйл хэрэглэхгүйгээр шалтгаанаасаа зайлс хийж чадах юм бол урьдчилан сэргийлж чадаж байна гэсэн үг.
Харшлын хувьд нэг онцлог зүйл байдаг. Энэ юу гэхээр, нийт харшилтай хүмүүсийн 80 гаруй хувь нь удамшлын хандлагатай өвчилж байна. Энэ зүйл нь насан туршид биед нь байна гэсэн үг. Тэгээд дараагийн үед удамшина. Харшлаар өвчилсөн хүмүүс эмчид хандаад цоо эрүүл болох юм шиг ойлгодог. Тэгэхээр шинж тэмдэг дарагдаж болно. Сэргийлээд эмчлээд зовуурьгүй явж болно. Биеийн ерөнхий харшламтгай суурь байж л байна гэсэн үг.
Хамар битүүрэх шинж тэмдэг олон өвчний үед илэрнэ. Жишээлбэл, харшил, ханиад томуу тусах, хамрын дайвар хөндийн үрэвсэл үүсээд битүүрч болно. Түүнээс гадна жирэмсэн үед дааврын өөрчлөлттэй холбоотой битүүрч болно, мөн сэтгэцийн эмгэг, мэдрэлийн ядаргаанд орж судасны тонус зохицуулгын алдагдал болох үед хамар битүүрэлт байна. Тухайлбал. Хүмүүс орчин үед маш их мэдээллийн зуунд байна. Мэдрэхүйн эрхтний тусламжтайгаар байнгын хэт их мэдээллийг авахаар хүний тархи, мэдрэлийн систем ядаргаанд ордог. Энэ мэдрэлийн системийн сэрэлттэй байдал нь шөнө тайван хангалттай унтаж, амарч чадах юм бол эргээд сэргэж байдаг. Тэгэхээр нойр муутай, оюуны өндөр ачаалалтай ажиллаж байгаа хүмүүс мэдрэлийн ядаргаанд ордог. Мэдрэлийн ядаргаанд орохоор хүний биеийн дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг хүний ухамсраас үл хамаарч зохицуулдаг автомат мэдрэлийн системийн тэнцвэрт байдал нь алдагддаг. Ингэснээр судас өргөсгөдөг мэдрэлийн тогтолцоонууд нь давамгайлсан үед хамар битүүрэлт болдог. Үүнийг вазомоторны битүүрэл гэж нэрлэнэ. Тэгэхээр олон төрлийн өвчин эмгэгийн үед хамар битүүрэх шинж илэрдэг гэсэн үг. Үүний шалтгааныг зөв оношлоод эмчлэх шаардлагатай. Хамар байнга битүүрч байх нь хүчилтөрөгчийн дуталд орох, толгой өвдөх, хоолой залгиурын эмгэг үүсгэх зэрэг олон сөрөг нөлөөтэй” гэлээ.