
-Нэг тэрбум долларын борлуулалттай Америк брэнд Quince Монгол ноос, ноолуурын компаниудтай танилцаж, хамтарч ажиллахаар судалж байна-
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Америкийн онлайн худалдааны бизнес эрхлэгч Quince компанийн удирдлагууд монголд ирж, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, ноолуурын холбооны төлөөлөл болон “Цагаан алт” хөтөлбөрийн удирдлагуудтай уулзжээ. Тэд монголын талтай хамтран ажиллах, ноос ноолууран эцсийн бүтээгдэхүүн авах, захиалга өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Улмаар Америкийн зах зээлд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж бий болж, хамтарч ажиллах эхлэлээ тавиад байгаа юм.
АНУ, Хятад хоорондын татварын асуудлаас үүдэн Америкийн худалдааны бизнес эрхлэгчид бусад зах зээлүүдээс бараа бүтээгдэхүүнээ татах шийдлийг хайж байгаа. Quince компанийн хувьд жилдээ нэг тэрбум долларын борлуулалт хийдэг ба нийт борлуулалтын 30 орчим хувь нь ноолууран бүтээгдэхүүн юм. Энэ жилийн хувьд 3.2 сая ширхэг орчим сүлжмэл бүтээгдэхүүнийг жилдээ борлуулах төлөвлөгөөтэй байна.
-Ноолуураар зогсохгүй, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр ч монголын талтай хамтрахаар зорьж байна-
Тэд өмнө нь анхдагч ноолууран бүтээгдэхүүнээ Хятадад үйлдвэрлүүлдэг байсан бол тарифын асуудалтай холбоотойгоор, монголд үйлдвэрлүүлэх судалж буй. Цаашдаа монголын ээрэх үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа тухайгаа монголын талынхантай хэлэлцжээ. Зөвхөн ноолуураар зогсохгүй, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр ч монголын талтай хамтрахаар зорьж байна.
Бидэнд бэлэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх захиалга орж ирж буй нь монголын нэмүү өртгийн сүлжээнд томоохон дэмжлэг болохоор байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа. Хамгийн бага тарифтай, түүхий эдийн асар их нөөцтэй орны хувьд америкийн бизнесүүдийн сонирхлыг татаж эхэлж буй нь бидний хувьд том боломж нээгдэж буй хэрэг мөн.
Quince компанийн захиалга нь жилдээ 2000 тонн түүхий ноолуур, 1000 тонн самнасан ноолуур, 1000 тонн ээрсэн утас, гурван сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн болно. Манай шат шатны үйлдвэрүүд зөв зохион байгуулж нэгдэж чадвал захиалагч талын хүсэл хэрэгцээг хангах боломжтой юм.
Шууд хэрэглэгчдэд зориулсан худалдааны компани Quince брэнд нь чанартай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ боломжийн үнээр зах зээлд гаргахыг эрхэмлэдэг.
Үйл ажиллагаагаа 2018 оноос хойш явуулж байгаа. Брэндийн зорилго нь дэлхийн тансаг брэндүүдтэй эн тэнцүү эсвэл илүү чанартай бүтээгдэхүүн бүтээж, хэрэглэгчдэд илүү хямд үнээр санал болгох явдал юм. Энэ жил Quince’s cashmere төрлийнхөө зөөлөн, бат бөх байдлыг дээшлүүлэхийн тулд шинэчлэл хийж буй.
Чанар бол Quince брэндийн бүх загварын сонголтын гол цөм нь. Quince-ийн бүтээлч захирал Тодд Баркет хэлэхдээ, “2025 он бидний хувьд чухал жил. Бид бараа бүтээгдэхүүнийхээ ангиллыг өргөжүүлж, шинэ хэрэглэгчдэд хүрч, үйлчлүүлэгчидтэйгээ нүүр тулан холбогдохын тулд анхаарлаа төвлөрүүлж байна. Кашемир 2.0 гэх мэт одоогийн бүтээгдэхүүнүүдийг сайжруулах, чанар, үнэ цэнийг нэгтгэх зорилготой” гэжээ.