
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл “Гэр бүлийн хууль”-ийн шинэчилсэн төслийн талаар мэдээлэл өглөө.
“Бид 27 жилийн турш “Гэр бүлийн хуульдаа гар хүрээгүй. Өнөөдрийн байдлаар гэр бүлтэй болон гэрлэлттэй холбоотой харилцаа хуучирсан гэж хэлж болно. Бид хүүхдийн дээд ашиг сонирхол гэх олон улсын ойлголт гаргаж ирээд гэр бүлийн асуудал яригдахад хүүхдийн эрх ашиг нэгт юм аа гэх зүйлийг хууль тогтоомжийн хүрээнд тогтоож өгч байна. Гэр бүлээс гадуур харилцаанд ороод салсан тохиолдолд хөрөнгийн маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ гэх мэт өөрчлөлтүүд орж ирж байна.
Гэр бүлийн чиглэлээр ажилдаг хуульч өмгөөлөгчид, гэр бүл судлаачид гэр бүлийн хуульд маш сайн өөрчлөлтүүд орж байна аа энэ хуулийн өөрчлөлтийг батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй хаяад явдаг хүмүүсийн хувьд шүүхээр шийдвэрлэгдсэн тэтгэмжийн төлөлт 30 орчим хувьтай байна. Үүний цаана амьдралаа авч яваа ээж, гэр бүл хэцүү байдалтай байгаа гэсэн үг.
Шинэ хуулиар хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй гурван сар болсон бол “Зээлийн мэдээллийн сан”-д мэдээллийг нь оруулах. Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй бол мэдээллийг нь нэр зургийн нь олон нийтэд нээлттэй мэдээлэх гэх мэт өөрчлөлтүүд орно” гэв.









