
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, ОХУ-ын шатахууны экспортын бодлогын өөрчлөлт, дэлхийн газрын тосны зах зээлийн савлагаа зэрэг хүчин зүйлс Монголын шатахууны зах зээлд шууд нөлөөлж эхэллээ. Засгийн газрын ээлжит хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын шатахууны хангамжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, дотоодын үнийн өөрчлөлт, нөөцийн хэмжээ, цаашдын эрсдэлийн талаар мэдээлэв.
Сүүлийн арав гаруй хоногт дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өсөж, нэг баррель нь 100.34 ам.долларт хүрээд байсан бол долдугаар сарын 24-нөөс хойш бага зэрэг тогтворжин, 27-ны өдрийн байдлаар 87.89 ам.доллар болж буурсан байна. Гэсэн хэдий ч энэ нь оны эхэн үеийн түвшнээс өндөр хэвээр байгаа бөгөөд зах зээлийн тодорхойгүй байдал үргэлжилсээр байна.

Дэлхийн зах зээлд үнийн хэлбэлзэл нэмэгдэхийн зэрэгцээ Монгол Улсын гол нийлүүлэгч ОХУ дотоодын шатахууны хангамжаа хамгаалах бодлогоо улам чангатгажээ. Оросын Засгийн газар энэ онд шатахууны экспортын түр хязгаарлалтыг хэд хэдэн удаа сунгаж, дөрөвдүгээр сараас эхлэн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад хүртэл экспортын хязгаарлалтыг мөрдүүлэх шийдвэр гаргасан.
Уг арга хэмжээ нь дотоодын шатахууны үнийг тогтворжуулах, улирлын эрэлт болон газар тариалангийн ажлын үеийн хангамжийг хамгаалах зорилготой байсан гэж ОХУ-ын Засгийн газар тайлбарласан байна.
Харин долдугаар сарын эхээр нөхцөл байдал дахин хүндэрч, Украины дроны халдлагын улмаас хэд хэдэн газрын тос боловсруулах үйлдвэр доголдсоноор ОХУ дизель түлшний экспортоо дахин хориглож, зарим бүс нутагт шатахууны худалдаанд хүртэл хязгаарлалт тогтоож эхэлжээ. Оросын дотоодын зах зээлд шатахууны үнэ өсөж, урт дараалал үүссэн нь экспортын бодлогыг улам хатууруулахад хүргэсэн гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Энэ нөхцөл байдал Монгол Улсад ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй. “Роснефть” компанитай байгуулсан гэрээний хүрээнд 2026 оны гуравдугаар сараас эхлэн АИ-92 автобензинийг тонн тутамд 705 ам.долларын тогтмол үнээр нийлүүлж байсан ч дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ гурван сар дараалан 30 гаруй хувиар өссөнөөр уг үнийг хэвээр хадгалах боломжгүй болсон байна.
Үүний дараа талууд хэлэлцээ хийж, нийлүүлэлтийг ОХУ-ын дотоодын биржийн үнэд суурилсан шинэ механизмаар тооцохоор тохиролцжээ. Ингэснээр Монголын зах зээлд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ 250 төгрөгөөр өссөн бол дизель түлшний үнэ эсрэгээрээ 100-150 төгрөгөөр буурсан байна.
ОХУ шатахууны экспортдоо хязгаарлалт тогтоосон ч Монгол Улс хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд шатахуун нийлүүлэлтээ үргэлжлүүлж байгаа цөөн улсын нэг хэвээр байна. Гэсэн ч нийлүүлэлтийн үнэ цаашид олон улсын зах зээл болон Оросын биржийн үнээс илүү хамаарах болсон нь дотоодын үнийн хэлбэлзлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж салбарынхан үзэж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлснээр долдугаар сарын 23-ны байдлаар Монгол Улс улсын хэмжээнд АИ-92 автобензиний 37 мянган тонн буюу ердийн хэрэглээний 17 хоногийн, дизель түлшний 91 мянган тонн буюу 23 хоногийн нөөцтэй байна. Энэ нь ойрын хугацаанд хангамж тасалдах эрсдэлийг бууруулж байгаа ч нийлүүлэлтийн суурь эх үүсвэр нэг улсаас хэт хамааралтай хэвээр байгааг өөрчлөхгүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор шатахууны стратегийн нөөцийг нэмэгдүүлэх ажлыг Засгийн газар эрчимжүүлж эхэлжээ.
Одоогийн байдлаар 18 аж ахуйн нэгжийн нийт 22 агуулах буюу 250 мянган тонн хүртэл шатахуун хадгалах хүчин чадал бүхий төслүүдийн санхүүжилтийн шийдвэр гарч, банкуудтай зээлийн гэрээ байгуулан бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Барилгын ажлын явц төслөөсөө хамааран 5-85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх 4-12 сарын хугацаанд үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Эдийн засагчдын үзэж буйгаар Монгол Улс шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ-аас импортолдог бүтэц өөрчлөгдөөгүй цагт дэлхийн газрын тосны үнийн савлагаа, ОХУ-ын экспортын бодлого, бүс нутгийн геополитикийн аливаа өөрчлөлт дотоодын шатахууны үнэ болон инфляцид шууд нөлөөлсөөр байх юм. Иймээс зөвхөн стратегийн нөөц нэмэгдүүлэхээс гадна нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг хугацаанд нь ашиглалтад оруулах нь эрчим хүчний аюулгүй байдлын хамгийн чухал зорилтын нэг хэвээр байна.








