
“Харри Поттер”-ийн фенүүд Харри Поттерийн үнэнч нөхөр, гэрийн эльф Доббиг оршуулсан газраар цахилгааны шугам сүлжээ дайран өнгөрөх байсныг болиулж чаджээ.
“Харри Поттер ба Үхлийн шүтээн 1-р хэсэг” уран сайхны кинон дээр Харри Поттер дайснуудын гарт амиа алдсан Добби гэрийн эльфийг далайн эргээс холгүй оршуулж буй хэсэг гардаг билээ. Уг хэсгийн зураг авалт явагдсан Уэльсийн Freshwater West наран шарлагын газар нь Харри Поттерийн фенүүдийн хамгийн ихээр очдог газруудын нэг болсон юм.

Тэгвэл Их Британийн Цахилгаан эрчим хүчний үндэсний сүлжээг Умард Ирландын цахилгаан эрчим хүчний сүлжээтэй холбох, нарны болон салхины эрчим хүчний станцуудаас цахилгаан эрчим хүчийг дамжуулах 201 км урттай Greenlink кабель татаж ашиглалтад оруулсан төслийн менежер Саймон Ладлем Energy Revolution подкастад оролцох үеэрээ Харри Поттерийн фенүүд цахилгаан эрчим хүч дамжуулах уг кабель нь Доббиг оршуулсан газраар дайран өнгөрөхийг мэдсэнийхээ дараа олон тооны санал гомдол гаргаж, төслийн багийнхан руу тасралтгүй залгаж, үүнээс болж төслийн багийнхан Freshwater West наран шарлагын газраар дайран өнгөрөх байсан кабелийн чиглэлийг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн талаар дурджээ.









