
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өчигдөр /2026.08.10/ Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч, ашиглалтад орууллаа.
Тус хөрөнгө оруулалтаар хүүхдийн компьютер томографийн аппарат, хүүхдийн дуран, рентген хоолой, дижитал рентген аппарат, хоёр гемодиализийн аппарат, гемодиализийн зөөврийн усны аппарат болон зүрхний цахилгаан бичлэгийн хоёр аппарат буюу нийт долоон төрлийн есөн тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

Шинэ тоног төхөөрөмжүүд ашиглалтад орсноор Дархан-Уул аймаг төдийгүй төвийн бүсийн иргэдийн оношилгоо, эмчилгээний хүртээмж нэмэгдэж, Улаанбаатар хотыг зорин өндөр зардал, цаг хугацаа зарцуулах шаардлага буурах боломжтой болж байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд нийгмийн хариуцлагын хүрээнд 3.1 тэрбум төгрөг зарцуулсан бол 2026 оны эхний хагас жилийн байдлаар 2.7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна.
Тус компани эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна Дархан-Уул аймгийн Хонгор суманд мини хөл бөмбөгийн талбай байгуулах, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн инженерийн хөтөлбөрийг дэмжих, сагсан бөмбөг, волейбол, шайбтай хоккейн багуудтай хамтран ажиллах зэрэг нийгмийн хариуцлагын олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.









