
“Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон асуудлаар хийсэн УИХ-ын Хянан шалгах түр хорооноос гаргасан дүгнэлтээр УИХ-ын тогтоол гаргасан бөгөөд үүний дагуу Засгийн газраас баталж өгсөн удирдамжийн дагуу төлөөллүүд ажлын хэсэг байгуулан “Рио Тинто”-той хэлэлцээний ширээний ард сууж байгаа.
УИХ-аас гаргасан 120-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг ахалж,
- ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр,
- Хууль зүйн сайд С.Амарсайхан,
- Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Э.Энхбаяр
Зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг ахалж,
- Сангийн сайд З.Мэндсайхан
Менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийг ахалж
- АҮЭБ-ын сайд Г.Дамдинням нар Рио тинтогийн эсрэг талд сууж, хэлэлцээ хийнэ.
Дубайн гэрээнээс хойш хөрөнгө оруулалтын гэрээнд дахин өөрчлөлт оруулах гэж буй тул ажлын хэсгийнхнээс өндөр үр дүн хүлээж байгаа.
Одоогоор ажлын хэсгийнхнээс “Рио Тинто”-гийн төлөөллүүдтэй хэд хэдэн удаагийн хэлэлцээ хийсний дүнд хөрөнгө оруулагч талаас хүүг бууруулах агуулгаар долоон жил тутам хэлэлцдэг байдлыг халах, менежментийн төлбөрийн хэмжээг Монголын талын хүсэлтэд нийцүүлэн бууруулах эерэг хариу өгөөл байгаа аж.
УИХ-аас гаргасан 120-р тогтоолд,
ОЮУ ТОЛГОЙ БҮЛЭГ ОРДЫН АШИГЛАЛТАД МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙГ ХАНГУУЛАХ, ХҮРТЭХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХҮРЭЭНД ХИЙСЭН ТУСГАЙ ШАЛГАЛТ, НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫН МӨРӨӨР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1. Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын ашиглалттай холбогдуулан дараах арга хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтэд нийцүүлэн авч хэрэгжүүлж, үр дүнг Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулж шийдвэрлүүлэх, явцыг улирал тутам Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд нээлттэй танилцуулж, ил тод байдлыг хангаж ажиллах,
1/стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хангаж байхаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, баяжмалын агууламжийг уурхайн амнаас лабораториор хянан баталгаажуулж, экспортод гаргах;
2/”Эрдэнэс МГЛ” ХХК, “Айвенхоу Оюу Толгой /Би Ви Ай/” Лтд. “Оюу Толгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь, хэмжээг бодитоор бууруулах;
3/стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;
4/Монголын талын хүртэх үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан техник, эдийн засгийн үндэслэл /2010 он/-ийн анхны тооцооллын дагуу нэрлэсэн үнээр 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг 3 жил тутам харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлж, “Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагааны жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тусгаж тайлагнах;
5/”Оюу Толгой” ХХК-ийн экспортын борлуулалтын орлогыг Монгол Улсын Төв банк /Монголбанк/ болон арилжааны банкуудаар бүрэн дамжуулдаг болох.
2. Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” сэдвийн хүрээнд зохион байгуулсан хяналт шалгалт, нээлттэй сонсголын явцад ил болсон гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу шалгаж, шийдвэрлэх гэж заасан.
Үүн дээр нэмээд хамгийн чухал асуудал бол “Онтрэ”-гийн эзэмшилд очсон хоёр лиценз дээр Монголын тал ямар байдлаар оролцох вэ гэдэг нь хэлэлцээнээс шалтгаална.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Рио Тинто” руу 5-р сарын 12-нд хэлэлцээг хийх хүсэлт тавьж, захидал илгээсэн бөгөөд Рио тинтогийн тал энэ сарын 18 буюу өнөөдөр болгож хариу өгчээ.
Ингэснээр өнөөдөр талууд уулзаж хэлэлцээ хийнэ.
Товчхондоо, Монголын байр суурь бол хүүгийн төлбөрийг бууруул, “Онтрэ”-гийн лиценз дээр төр хувь эзэмшинэ, хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой” зэрэг “Оюу Толгой”-н гэрээтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр хорооноос явуулсан нээлттэй сонсголын дүгнэлтийн дагуу хатуу шаардлага тавьж буй.
Хэлэлцээний хугацаа ойртох тусам улс төрийн шинжтэй цөөнгүй үйл явдал өрнөсөн.
Сөрөг хүчин буюу Ардчилсан нам Ерөнхий нарийн бичгийн даргаараа Оюу толгойн гэрээг гардан хийсэн С.Баярцогтыг томилсон бол Оюу толгойн сонсголыг зохион байгуулж, 120 дугаар тогтоолыг боловсруулсан Түр хорооны гишүүд Оюу толгойн гэрээний асуудлыг олон нийтийн өмнө дахин санууллаа.
Мөн “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж буй гишүүдийг чөлөөлөхийг Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа үүрэг болгосон. Харин энэ сарйн 09-ний өдөр Монголын талыг төлөөлж байсан Д.Цолмон чөлөөлж, “Эрдэнэ монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилоод байгаа билээ.







