
Хичээлийн шинэ жилийн босгон дээр айл бүрийн амьдралд нэгэн ижил дүр зураг давтагддаг. Хүүхдийнхээ шинэ дүрэмт хувцас, цүнх, гутлыг бэлдэхийн хажуугаар үнийн өсөлтийг тооцоолох, аль болох хэмнэлттэй худалдан авалт хийх бодит амьдралын тооцоо дагалдана. Харин таван хүүхэдтэй айлын хувьд энэ бүх бэлтгэл ямархан хэмжээний зардал, хөдөлмөр, төлөвлөгөө шаарддаг бол? Энэ удаа бид Төв аймгийн Мөнгөн-Морьт сумын харьяат Б.Мөнхболдын гэр бүлийг дагаж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг нь сурвалжиллаа.
Өглөө эртхэн хөл хөдөлгөөнд дарагдсан Нарантуул захын үүдээр ормогц хичээлийн шинэ жилийн уур амьсгал хэдийнэ мэдрэгдэнэ. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ дагуулан нааш цааш яарч, нэг дэлгүүрээс нөгөө рүү орж, үнэ асууж, сонголтоо харьцуулна. Зарим нь ганц хүүхдийнхээ хэрэгслийг базаах гэж ирсэн бол зарим нь хэд хэдэн хүүхдийнхээ бүтэн жилийн хэрэглээг нэг дороос шийдэхээр зорьжээ.
Тэдний дунд таван хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг базаахаар Мөнгөн-Морьт сумаас хотыг зорьж ирсэн Б.Мөнхболдын гэр бүл байлаа.
Тэднийх ам бүл долуулаа. Таван хүүхэд нь нас насны ангид суралцдаг учраас нэг айлын хичээлийн шинэ жилийн бэлтгэл гэдэг тэдний хувьд зөвхөн дэвтэр, үзэг авахаар хязгаарлагдахгүй. Ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцас, цүнх, гутлаас эхлээд бага ангийн хүүхдийн хэрэглэл, нэгдүгээр ангид элсэн орж буй бяцхан хүүхдийн бүтэн багц, цэцэрлэгийн насны хүүхдийн хэрэгцээт зүйлс гээд авах зүйл мундахгүй.
Нарантуул зах дээр цаг гаруйхан явсны дараа л тэдний худалдан авалтын дүн хоёр сая төгрөгийг давжээ.
Нэг айлын таван хүүхдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлд хоёр сая гаруй төгрөг зарцуулагдана гэдэг чамгүй их мөнгө. Тэгээд ч энэ нь зөвхөн тухайн өдрийн худалдан авалт. Хичээлийн жилийн турш хүүхдүүдийн хэрэглэх бусад зүйл, замын зардал, хоол хүнс, сургалтын нэмэлт хэрэглээ зэрэг нь цаашдаа ар араасаа нэмэгдэнэ.
“Дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн нь мэдрэгдэж байна”

Тэдний том хүү О.Баяржавхлан долдугаар ангид суралцдаг. Насныхаа хувьд багачуудынхаа дундаас ах ч ярианаас нь харахад юмны үнэ цэнэ, эцэг эхийн хөдөлмөрийг ойлгож эхэлсэн нь илт.
Тэрбээр хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн үеэр өмнөх жилүүдтэй харьцуулахад дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн нь мэдрэгдэж байгааг хэлсэн юм.
“Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өмнөх жилтэй харьцуулахад нэмэгдсэн нь мэдрэгдэж байна. Саяхан л махны үнэ тэнгэрт хадтал нэмэгдсэн шүү дээ” хэмээн тэр ярив.
Долоодугаар ангийн хүүгийн амнаас гарсан энэ үг энгийн нэг хүүхдийн ажиглалтаас илүүтэй, өнөөдрийн өрхийн амьдралын бодит дүр зургийг илтгэнэ. Хүүхэд өөрөө үнэ өссөнийг мэдэрч, эцэг эх нь хэдэн төгрөгөө хэрхэн хуваарилахаа бодож, нэг гэр бүлийн таван хүүхдийн хэрэгцээг зэрэг хангах гэж тооцоо хийж байна.
Нэг айлын таван өөр нас, таван өөр хэрэгцээ
Б.Мөнхболдын гэр бүлийн таван хүүхэд бүгд өөр өөр нас, өөр өөрийн хэрэгцээтэй.
Том охин О.Хонгорзул, том ах О.Идэржавхлан, бага ах О.Баяржавхлан, бага хүү О.Батболд нарын хичээлийн хэрэгцээ нас, ангиас нь хамаарч ялгаатай. Харин хамгийн бага хүүхэд нь цэцэрлэгт явдаг.
Тэдний авсан зүйлсийг харахад нэг айлын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ямар их зардалтай болох нь илүү тодорхой харагдана. Ахлах ангийн нэг сурагчийн дүрэмт хувцас, цүнх, гутал. Дунд ангийн нэг хүүхдийн хэрэглэл. Бага ангийн нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл. Нэгдүгээр ангид анх удаа хөл тавьж буй хүүхдийн бүтэн багц. Үүн дээр цэцэрлэгийн хүүхдийн хэрэгцээ нэмэгдэнэ.
Хүүхэд бүрийн хэрэгцээ тусдаа боловч эцэг эхийн хувьд бүгдийг нь зэрэг хангах ганц л зорилго бий. Хүүхэд бүр хичээлийн шинэ жилийн эхний өдөр шинэ хувцастай, шинэ цүнхтэй, хэрэгтэй бүхнээ бэлдсэн байх ёстой. Тиймээс таван хүүхэдтэй айлын хувьд “хичээлийн шинэ жилийн бэлтгэл” гэдэг хоёр, гурван дэвтэр, үзэгний тухай асуудал биш. Харин өрхийн төсвийн томоохон хэсгийг эзлэх хэмжээний зардал юм.
“Хүүхдүүдээ бодоод өөрийгөө орхиж болохгүй”
Ээж С.Долгор хүүхдүүдийнхээ хэрэгцээг нэгдүгээрт тавьж, олон жил хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базааж иржээ.


Хүүхдүүд нь бага байхаас эхлэн жил бүр хот орж, хичээлийн хэрэгслээ бөөндөж авах нь тэдний гэр бүлийн нэгэн хэвшил болжээ. Орон нутагт амьдардаг учраас хотод ирсэн дээрээ хэрэгтэй бүхнээ нэг дороос авах нь цаг, зардлын хувьд ч илүү тохиромжтой байдаг аж.
Гэхдээ олон хүүхэдтэй айлын ээж зөвхөн хүүхдүүдээ бус, өөрийгөө ч бас мартахгүй байх хэрэгтэйг онцолж байв. Энэ жил Б.Мөнхболдын гэргий цэцэрлэгт багшаар ажиллахаар болжээ. Тиймээс хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг базаахын зэрэгцээ өөртөө зориулж ажилдаа өмсөх хэд хэдэн ээлжийн хослол авав.
Олон хүүхдийн ээж, эхнэр, ажил хөдөлмөр эрхэлдэг эмэгтэй гээд олон үүргийг зэрэг үүрч яваа эмэгтэйчүүд өөрсдийгөө хойш тавих нь элбэг. Харин тэрбээр олон хүүхдийн ард өөрийгөө орхигдуулахгүй, өөрийнхөө ажил амьдралд ч анхаарч, өөртөө хэрэгтэй зүйлсээ авч байхыг бусад ээжүүдэд уриалж байлаа. Учир нь хүүхдүүдээ сайн сайхан авч явахын зэрэгцээ ээж аав өөрсдөө ч бас эрүүл, цэгцтэй, өөртөө итгэлтэй байх нь гэр бүлийн амьдралын нэг хэсэг.
“Үнэ нь өссөн ч чанар нь муудав”
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хийх бүрд хамгийн их анхаарал татдаг зүйлсийн нэг нь сурагчийн дүрэмт хувцас. Энэ гэр бүлийнхэн ч мөн адил дүрэмт хувцасны үнийн өсөлтийг анзаарчээ.
Ээжийн ярьснаар сурагчийн дүрэмт хувцас жил ирэх тусам үнэтэй болж байгаа ч чанарын хувьд эсрэгээрээ сэтгэлд хүрэхгүй байх тохиолдол бий. Зарим жил хүүхдүүдийнх нь дүрэмт хувцас хичээлийн жилийн дундуур элэгдэж, дахин солих шаардлага гардаг байна.
Ингэснээр анх нэг удаа гэж тооцож байсан зардал хоёр дахин нэмэгдэх үе ч гардаг аж. Хүүхэд өдөр бүр өмсөх учраас дүрэмт хувцас гэдэг ганцхан удаа өмсөөд тайлах хувцас биш. Сургууль дээр өдөр тутам өмсөнө, угаана, индүүднэ, хөдөлгөөн ихтэй хүүхэд бол хурдан элээнэ. Тиймээс үнэ төдийгүй чанар ч чухал. Гэвч үнэ өссөн хэрнээ чанар нь хангалттай сайжрахгүй байгаа нь эцэг эхчүүдийн хувьд дахин нэг дарамт болж байна.
Айлын “томчуудын” нуруун дээрх бас нэг үүрэг
Таван хүүхэдтэй айлын амьдралд эцэг, эхийн хөдөлмөрөөс гадна том хүүхдүүдийн оролцоо ч чухал байр суурь эзэлдэг. Энэ гэр бүлийн хоёр том хүүхэд дүү нараа харж, ээж аав нь эзгүй үед гэрийнхээ ажлыг нугалалцдаг байна. Олон хүүхэдтэй айлд том хүүхэд гэдэг зөвхөн өөрийнхөө хичээл, амьдралыг хариуцахаас гадна дүү нартаа үлгэр дуурайл болох үүрэгтэй болдог. Өглөө дүүгээ сэрээхээс эхлээд хооллох, хичээл номыг нь харах, эцэг эхээ эзгүйд гэр орноо анхаарах гээд томчуудын хийдэг олон ажлыг тэд бага багаар үүрэлцэнэ.
Энэ нь нэг талаар тэднийг үеийнхнээсээ илүү хэрсүү, хариуцлагатай болгодог байх.
Хичээлийн шинэ жилийн “цаана”
Нарантуулын хөл хөдөлгөөн дунд Б.Мөнхболдын гэр бүл нэг нэгээрээ хэрэгтэй зүйлсээ сонгож, үнэ ханшийг нь тооцож, хүүхдүүдийнхээ хэмжээг тааруулж явна.
Нэг хүүхдийн гутлыг өмсүүлж үзээд, нөгөөгийнх нь дүрэмт хувцсыг хэмжинэ. Дэвтэр, үзэг, цүнхээ шалгана. Хүүхэд бүрийн хэрэгцээг нэг бүрчлэн бодно. Ингэж явсаар цаг гаруйхан хугацаанд хоёр сая гаруй төгрөгийн худалдан авалт хийжээ.
Харин энэ мөнгөний цаана зөвхөн “хичээлийн хэрэгсэл” гэсэн хэдэн зүйл бус, таван хүүхдийнхээ ирээдүйд зориулсан эцэг эхийн хөдөлмөр, хариуцлага, хайр халамж бий. Нэг хүүхэд хичээлийн шинэ жилээ шинэ цүнхтэй угтах нь энгийн мэт боловч таван хүүхэдтэй айлын хувьд энэ нь томоохон төлөвлөгөө, санхүүгийн тооцоо шаардсан ажил. Гэсэн ч эцэг эхийн хувьд хүүхдүүдийнхээ шинэ хичээлийн жилийн эхний өдрийг догдлолтой, сайхан дурсамжтай эхлүүлэх нь хамгийн чухал.
Мөнгөн-Морьт сумаас хотыг зорьж ирсэн энэ гэр бүлийн түүх бол зөвхөн нэг айлын хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн тухай биш. Өнөөдөр Монголын олон айл өрхийн өмнө тулгарч буй нэгэн бодит асуудлын жижигхэн дүр зураг юм.
Тэгээд ч хичээлийн шинэ жилийн эхний хонх дуугарахад хүүхдүүдийн хувьд шинэ цүнх, шинэ хувцас, шинэ дэвтэр л харагдана. Харин тэдний ард ээж аавын хэдэн сарын хөдөлмөр, тооцоо, хэмнэлт, заримдаа өөрсдийнхөө хэрэгцээг хойш тавьсан шийдвэрүүд байдгийг хүүхэд бүр тэр бүр мэддэггүй.
Харин Б.Мөнхболдын гэр бүлийн хоёр том хүүхэд энэ бүхнийг бага багаар ойлгож эхэлжээ. Дүү нараа харж, ээж аавдаа тусалж, гэр бүлийнхээ амьдралын нэг хэсгийг үүрэлцэж яваа тэдний хувьд “шинэ хичээлийн жил” гэдэг зөвхөн шинэ ном, шинэ хувцас биш. Харин хамтдаа хичээж, хамтдаа өсөж, нэг нэгнээ түшиж явах амьдралын бас нэгэн шинэ хуудас юм.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ийнхүү эхэлж, айл бүрийн гэрт хүүхдүүдийн инээд, шинэ хувцасны үнэр, шинэ дэвтрийн цаасны чимээтэй хамт нэгэн шинэ хичээлийн жил эхлэх гэж байна.












