
Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ үед Баянзүрх захын хөл хөдөлгөөн бусад зах худалдааны төвөөс харьцангуй сийрэг байв. Худалдагчид лангууныхаа ард үйлчлүүлэгч хүлээж, иргэд хүнс, хичээлийн хэрэгсэл болон ахуйн барааны үнэ асуун явна.

Энэ үеэр гэрийнхээ хүнс, ахуйн хэрэглээнээс авахаар ирсэн 78 настай Д.Оля гуайтай уулзлаа. Тэрбээр ногоон түрийвч, гар утсаа барьж, худалдаж авсан зүйлсээ үүргэвчиндээ хийжээ. Хөл нь бага зэрэг муу учир шатаар өгсөж, уруудахдаа бариулаас түшиж байсан ч гэр нь ойрхон тул зах руу алхаж ирсэн гэлээ.
Д.Оля гуай санхүүгийн мэргэжилтэй. Өмнө нь өөр чиглэлийн ажил хийж байсан ч хожим мэргэжлээрээ ажиллаж, сүүлийн жилүүдэд бүртгэл, тооцооны ажил эрхэлсээр тэтгэвэрт гарчээ.


Түүний хэлснээр тэтгэвэр нь 80 мянган төгрөгөөр нэмэгдэж, сард авах тэтгэвэр нь 820 орчим мянган төгрөг болсон байна. Тэтгэврийн мөнгө нь хоол хүнс, өдөр тутмын хэрэглээнд зарцуулагдаад дуусдаг учраас хувцас, байрны төлбөр зэрэг бусад зардлыг хүүхдүүд нь хариуцдаг аж.
“Тэтгэврээ идэж, уух юм болон энэ мэт хэрэгцээндээ зарцуулаад л дуусна. Өөр хувцас хунар, байрны мөнгө төлөх боломжгүй. Тэрийг үр хүүхдүүд л төлж байгаа” хэмээн ярив.
Д.Оля гуай хүүхдүүд, ач зээтэйгээ амьдардаг. Гэрийнхэн нь тэтгэврээ юунд зарцуулахыг зааж, мах, ахуйн бараа авч ирэхийг шаарддаггүй ч тэрбээр хэрэгтэй зүйлсээсээ өөрийн боломжоор авдаг байна.
“Мах чинь дээд зэргийн хэрэглээ болчхож”
Түүний хувьд энэ өдөр мах авахаар ирээгүй ч ярилцлагын үеэр махны үнэ хөндөгдөв. Д.Оля гуайн хэлснээр нэг төлөг 500-600 мянган төгрөгийн үнэтэй болжээ. Энэ нь түүний сарын тэтгэврийн дийлэнхтэй тэнцэнэ.
“Одоо бүхэл мах чанаад хүүхдүүдтэйгээ нэг сайхан идье дээ гэх боломж байхгүй байна шүү дээ. Мах чинь дээд зэргийн хэрэглээ болчхож” гэв.
Махны үнэ яагаад өссөн гэж бодож байгааг нь асуухад “Хэн мэдэх вэ. Юу нь болоод нэмэгдсэнийг эмээ нь сайн мэдэхгүй. Гэнэтхэн л сансарт гарчихсан байсан” хэмээн хариуллаа.
Махны үнэ 500-600 мянган төгрөг, тэтгэвэр нь 820 мянган төгрөг. Ийм үед бүхэл мах авбал сарын бусад хэрэглээнд үлдэх мөнгө эрс багасахыг түүний яриа харуулж байв.
Д.Оля гуай захын доод давхарт байрлах хүнсний лангуу руу орж, гурилын үнэ асуулаа.
“Улаанбаатарын нэгдүгээр гурил ямар үнэтэй байна, миний хүү?” гэхэд худалдагч таван килограммтай нэгдүгээр гурил 15 мянга орчим, дээд гурил 20 мянган төгрөгийн үнэтэй байгааг хэлэв.
Тэрбээр таван килограмм нэгдүгээр гурил аваад цааш хөдөллөө. Гэвч хэдхэн алхсаны дараа гар утсаа гурилын лангуун дээр үлдээснээ анзаарав.
“Би утсаа яалаа?” хэмээн асуусаар буцаж, утсаа авсныхаа дараа “Одоо юмаа мартчих гээд байдаг болж” гэж инээлээ.
Дараа нь төмс, сонгинын үнэ асуув. Монгол сонгино килограмм нь дөрвөн мянган төгрөгийн үнэтэй байснаас 500 граммыг авахаар сонголоо. Мөн ариун цэврийн цаас худалдаж авав. Үүргэвчиндээ багтаасан зүйлсээсээ гадна гурил, ариун цэврийн цаасаа гартаа барьж явлаа.
Хичээлийн бэлтгэлд зургаан сая орчим төгрөг шаардлагатай
Шинэ хичээлийн жилийн бэлтгэлийн талаар ярилцахад Д.Оля гуай ач нь хувийн сургуульд сурдгийг хэлэв. Тус сургуулийн төлбөр энэ жил таван сая төгрөг болсон бөгөөд хичээлийн хэрэгсэл, бусад зардлыг нэмбэл нийт зургаан сая орчим төгрөг хэрэгтэй болохоор байгааг ярилаа.
Хичээлийн бэлтгэл, хүнс болон өрхийн бусад зардлыг хүүхдүүд нь хариуцдаг ч Д.Оля гуай тэтгэврээсээ өдөр тутмын хэрэгцээтэй зүйлсээ авдаг байна. Энэ өдөр ч гурил, сонгино, ариун цэврийн цаас болон ахуйн бусад бараа худалдаж авав.
Гэр нь захаас холгүй учраас унаагаар зорчих шаардлагагүй гэнэ. Автомашиныг улсын дугаараар нь тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй шийдвэр түүнд нөлөөлсөн эсэхийг асуухад:
“Хөл л хөдөлж байхад машингүй надад бол хамаагүй юм. Харин хүүхдүүд маань их л дургүй байна билээ” хэмээн хариулав.
Д.Оля гуай авсан зүйлсээ барин гэрийн зүг явлаа. Тэтгэврийн мөнгө өдөр тутмын хүнсэнд хүрээд дуусдаг, нэг төлөг авахад сарын орлогынх нь ихэнх шаардлагатай болсон талаар тэр ярьсан юм. Гэсэн ч ярианыхаа төгсгөлд:
“Түмэн олон эв найрамдалтай, эрүүл саруул, энх тунх байвал бүх юм болно доо, хүүхдүүд минь” гэсэн юм.
Видео:
М.Солонго












