
Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч компани болох “Сүү” ХК өнөөдөр (2026.08.27) “Сүү бонд 3”-ын анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлж, цан цохих ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Тус бонд нь компанийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, бизнесийн хөгжлийн дараагийн шатны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой юм. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж хүртэх боломж олгож, үндэсний үйлдвэрлэгчийн өсөлт хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломжийг бий болгож байна.
“Сүү бонд 3”-ын андеррайтераар Таван Богд Капитал ҮЦК ХХК, арилжаа зохион байгуулагч биржээр Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК ажиллаж байгаа бөгөөд цан цохих ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгө оруулагчид, үнэт цаасны зах зээлийн оролцогчид болон хамтрагч байгууллагууд оролцож, бондын арилжаа албан ёсоор эхэлснийг зарлалаа.
“Сүү бонд 3” бондын үндсэн нөхцөл:
- Нийт үнийн дүн: 25 тэрбум төгрөг
- Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
- Хугацаа: 24 сар
- Жилийн өгөөж: 16 хувь
- Хүү төлөх нөхцөл: Улирал тутам
Анхдагч зах зээлийн арилжаа өнөөдрөөс эхлэн нээлттэй явагдах бөгөөд нийт санал болгож буй хэмжээ бүрэн захиалагдсан тохиолдолд арилжаа хаагдана. Хөрөнгө оруулагчид өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан захиалга өгөх боломжтой.


“Сүү бонд 3” нь компанийн гаргаж буй гурав дахь бонд бөгөөд “Сүү” ХК өмнө нь 2017 онд зургаан тэрбум төгрөгийн “Сүү Бонд”, 2025 онд таван тэрбум төгрөгийн “Сүү Бонд 2”-ыг амжилттай гарган хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татаж байсан туршлагатай. Энэ удаагийн бонд нь өмнөх амжилттай хэрэгжсэн бондын хөтөлбөрүүдийн үргэлжлэл болж, компанийн цаашдын өсөлт, өрсөлдөх чадварыг дэмжихэд чиглэж байна.
Ийнхүү “Сүү бонд 3” нь үндэсний үйлдвэрлэгчдийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгийн зах зээлийн идэвхжил, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодит эдийн засагт чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих ач холбогдолтой бүтээгдэхүүн болж буй юм.










