
СУИС-ийн Соёл, иргэншлийн сургуулийн оюутан байхдаа ангийнхаа долоон эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэх 34 настай Н.Шинэцэцэгийн хэрэг олны анхаарлыг татаж байна.
Түүний ярьснаар, уг хэрэг есөн жилийн өмнө буюу тэрээр хоёрдугаар курст сурч байх үед болжээ. Тухайн үед ангийн шинэ жилийн арга хэмжээний дараа оюутнууд зочид буудалд очиж, согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Ш тухайн орой бага хэмжээний архи хэрэглэсэн бөгөөд дараа нь бие нь муудаж, бөөлжин, улмаар ухаан алдсан гэжээ. Тэрээр ууж байсан ундаандаа ямар нэгэн зүйл хийсэн байж болзошгүй хэмээн хардаж байгаагаа мөн илэрхийлсэн байна.
Н.Шинэцэцэг угаалгын өрөөнд ухаангүй, биеэ удирдах чадваргүй болсон үедээ ангийнхаа нэг залууд туслуулж байна гэж ойлгосон боловч өөр өрөөнд аваачигдан, хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ. Улмаар хэсэг хугацаанд ухаан ороход ангийнхаа бусад залуусыг ойр орчимд нь зогсож байхыг харсан гэж ярьсан байна.
Тухайн үедээ бусдаас эмээж, цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандаагүй аж. Харин сургуулиа үргэлжлүүлэн төгссөн байна.
Тэрбээр, 2020 оноос эхлэн уг хэргийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар ханджээ. Тэрээр цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны дараа хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлж байсан байна. Харин прокуророос хэргийг хаахыг зөвшөөрөхгүй, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан гэж мэдээлжээ.
Ш-ийн мэдээлснээр, хэрэгт холбогдуулан Б.Мөнх-Алдар, Т.Содбаяр, С.Энхболд, Н.Шижирбат, Н.Чинзориг, Н.Сүхбаатар, Н.Халтар нарыг шалгаж байгаа аж. Мөн тухайн залуус болсон явдлыг бусдад ярьж байсан бөгөөд сургуулиа төгстөл өөрийг нь үл тоомсорлож, доромжлох байдал гаргасан хэмээн мэдэгдсэн байна.
Уг хэрэгтэй холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2026 оны наймдугаар сарын 27-нд Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.
Хэрэв хэрэгт холбогдсон этгээдүүдийг бүлэглэн, хохирогчийг тохуурхан доромжилж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасны дагуу таван жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай.
Одоогоор хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд гэм буруутай эсэхийг шүүхийн шийдвэрээр тогтооно.










Хэрэг хуучирдаггүй гэдгийг харуул
зарим үл бүтэхүүд нь гадагш гарч зугатсан сураг байсан шүү, тэднийг эрж олж ирэх хэрэгтэй шүү.