
Ардчилсан нам 4:11 мэдээллийн цагаараа шатахууны хомсдол, үнийн хөөрөгдөл болоод иргэдийн орлого буурч түүнийгээ дагаад худалдан авах чадвар буурсан болон яаралтай төсвийн тодотголоо хийх тухай цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “Сүүлийн арван жилд иргэдийн зээл 428 хувиар нэмэгдэж, сүүлийн нэг жилд 17 хувиар өссөн нь иргэдийн орлого амжиргаанд нь хүрэхгүй байгаагаас зээл авч зохицуулж байна гэсэн үг. Ардчилсан намын зүгээс Төсвийн тодотголоо оруулж ирэхийг шаардсан. Хэдийн оруулж ирсэн ч энэ арав хоногт хэлэлцсэнгүй. Хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй хэвээр байна. Яаралтай ээлжит бус чуулган зарлаж Төсвийн тодотгол, ирэх оны төсвөө хэлэлцэх ёстой.
Нэг зах, худалдааны төв рүү ороод асуухад л худалдагчид нь иргэд мах, тосоо граммаар авч байна гэдгийг хэлсээр байгаа. Энэ бүгд улс төржилт биш бодит байдал. Мөн Ардчилсан нам данхайсан төрөө цомхотгож, 20 сайдыг цөөлөх шаардлагыг тавьсан. Өнөөдрийн шатахууны үнийн өсөлтөөс хамаарсан инфляцын өсөлт хараахан мэдрэгдэж эхлээгүй байна. Удахгүй ард иргэдийн амьдралд мэдрэгдэж эхэлнэ” гэв.
Ардчилсан намын дэд дарга Н.Ганибал
Салбарын сайд нь буруу бодлого явуулсан учраас ийм нөхцөл байдалд хүрчихээд байна. Наадмын өмнө Засгийн газар ард иргэдээ хөдөө яв, амар, шатахуун тасалдахгүй гэж Г.Дамдинням сайд нь мэдэгдчихээд иргэдийг хөдөө явсны дараа хомсдол үүссэн. Уг нь шатахууны нөөцийг хэрхэн бүрдүүлж, ийм хомсдлын нөхцөл байдалд хүргэхгүй байх вэ гэдгийг урьдчилан тооцоолох боломжтой байсан.
Хичээлийн шинэ жил дөхөж байхад ард түмэн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд ч хүндхэн боллоо
Нэг хүүхдийн хичээлийн хэрэгслийг багадаа 700 мянган төгрөгөөр бэлдэж байна гээд харвал гурван хүүхэдтэй айлынх хэд болох вэ. Ийм эдийн засгийн хүнд нөхцлөөс шалтгаалж иргэд зээл авч л шийдэж байна. Цалин, өрхийн орлого иргэдийн амжиргаанд хүрэхгүй байгаа учраас зээл өнөөдөр бодит хэрэгцээ болчихлоо.
Хөдөө малчид малаа услахад л хүндрэл үүсэж эхэлсэн. Хүүхдээ сургуульд хүргэж өгөх бензингүй болох хэмжээнд хүрч байна. Инфляц хэдий 13 хувь байгаа ч удалгүй шатахууны үнийн өсөлт, бодлогын хүүгийн нэмэгдлээс шалтгаалан удалгүй инфляц бүр илүү өснө.
Н.Ганибал: Иймээс Н.Учралын Засгийн газрыг Ардчилсан намын зүгээс огцруулъя гэж байгаа
Төсвийн алдагдал 2.4 их наядад хүрчихсэн бөгөөд инфляцын өсөлтөөс болж алдагдал дахиад ч нэмэгдэхээр байна. Засгийн газрын бодлого буруутай гэв.
Монгол улсаа хөгжүүлэх хүсэлтэй аль ч намын гишүүд нэгдээд энэ Засгийн газрыг огцруулах байх гэж найдаж байна гэв.









