
Зээлийн мэдээллийн сантай холбоотой асуудлаар Монголбанкнаас холбогдох чиглэлээр мэдээлэл өглөө.
Зээлийн онооны мэдээллийг тав хоногт засах боломжтой болно
УИХ-ын дарга С.Бямбацогт энэ оны долдугаар сарын 29-нд Монголбанкны Ерөнхийлөгчид зээлийн мэдээллийн сантай холбоотой зарим үйл ажиллагааг сайжруулах чиглэл өгчээ. Үүний дагуу Монголбанк ажлын хэсэг байгуулж, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зээлийн мэдээллийн сантай холбоотой 10 чиглэлээр ажиллахаар болжээ.
Энэ хүрээнд иргэдийн зээлийн мэдээлэл, зээлийн оноотой холбоотой хэд хэдэн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, зээлийн мэдээлэлд засвар хийх үйл явцыг цахимжуулж, өмнө нь цаасан хэлбэрээр шийдвэрлэдэг байсан асуудлыг цахимаар шийдвэрлэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр зээлийн мэдээлэлд алдаа гарсан тохиолдолд засварлах үйл явц хялбаршиж, зээлийн оноог тав хоногийн дотор засах боломжтой болох аж.
Мөн иргэдийн зээлийн мэдээллийг хариуцах, мэдээлэл солилцох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор И-Монголиа болон ЦХИХХЯ-тай хамтран цахим систем хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Зээлийн лавлагаа болон зээлийн оноо ялгаатай
Зээлийн лавлагаа нь тухайн иргэний өмнө нь авсан болон төлж байгаа зээлийн мэдээлэл, түүхийг харуулдаг бол зээлийн оноо нь зээлдэгч зээлээ хэрхэн төлдөг, санхүүгийн сахилга бат ямар байгааг илэрхийлдэг байна. Өнөөдрийн байдлаар төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тухайн мэдээлэл зээлийн оноонд сөргөөр нөлөөлдөг. Харин цаашид зээлийн оноог илүү бодитой, шударгаар тооцох чиглэлээр өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа аж.
Түүнчлэн иргэдийн ус, цахилгаан, дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй мэдээллийг зээлийн түүхэнд бүртгэдэг байдлыг цаашид зогсоохоор төлөвлөжээ. Одоогийн зохицуулалтаар зээлээ бүрэн төлж дууссанаас хойш тухайн мэдээлэл тодорхой хугацаанд буюу таван жил хадгалагддаг байна. Харин зээлийн мэдээллийн тогтолцоог шинэчлэх хүрээнд энэхүү зохицуулалтад өөрчлөлт оруулах асуудлыг мөн авч үзэж байгаа аж.
Мөн зээлийн түүх болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороотой хамтран ажиллахаар болжээ. Эдгээр арга хэмжээ нь иргэдийн зээлийн мэдээллийг илүү шуурхай, үнэн зөв болгох, санхүүгийн сахилга батыг хамгаалах, зээлдэгчийн бодит төлөлтийн зан төлөвт үндэслэн зээлийн оноог үнэлэх зорилготой юм.
Одоогийн байдлаар нийт 400 мянга орчим зээл “хар жагсаалт”-д бүртгэлтэй байгаа талаар мэдээлжээ.









