
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарын 38 мэргэжлийн холбоо нэгдэж, “Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо”-г байгууллаа.
Тус холбоог байгуулах Их хурал долдугаар сарын 21-нд болж, 38 холбооны 47 төлөөлөгч оролцсон байна. Хурлаар холбооны дүрэм, бүтэц, үйл ажиллагааны суурь зарчмыг баталж, Г.Батцэнгэлийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ерөнхийлөгчөөр сонгожээ.
Мөн салбарын төлөөллөөс бүрдсэн 11 гишүүнтэй Удирдах зөвлөл, гурван гишүүнтэй Хяналтын зөвлөлийг байгуулж, Удирдах зөвлөлийн тэргүүнээр доктор Д.Цогбаатарыг сонгосон байна.
Шинээр байгуулагдсан холбоо нь мэргэжлийн байгууллагуудын дуу хоолойг нэгтгэж, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, төр болон олон нийтэд шинжлэх ухаан, мэргэжлийн үндэслэлтэй байр суурь хүргэх зорилготой аж.


Цаашид мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын стандартыг нэвтрүүлэх, мэргэжлийн ёс зүйг бэхжүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ.










