
СУИС-д суралцаж байхдаа ангийнхаа долоон хөвгүүний хүчирхийлэлд өртсөн хохирогч Н.Шинэцэцэг бүсгүй “Чамайг тэвэрье” гэх амьд үлдсэн түүх, тэмдэглэлээ ном болгон бүтээжээ. СУИС-ийн II дамжаанд суралцаж байхдаа буюу 10 гаруй жилийн өмнө ангийнхаа 7 эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэх 34 настай эмэгтэй олон нийтэд хандаад багагүй хугацаа өнгөрч буй билээ. Тэгвэл энэхүү асуудал болон яагаад ном гаргах болсон талаараа Н.Шинэцэцэг дараах байдлаар ярилаа.
Н.Шинэцэцэг: Эмэгтэй хүний бие бол ичих зүйл биш. Ер нь нүцгэн явж байсан ч ичих асуудал биш. Бэлэг эрхтэн, эмэгтэй хүн бэлгийн харилцаанд орох нь ичмээр зүйл биш. Харин гэмт хэрэг бол ичмээр зүйл. Гэмт хэргээс ичих хэрэгтэй хүмүүс нь гэмт хэрэгтэн. Муухай хүмүүс зөрүүлээд муу хандаж болно. Зүгээр байгаа гэмгүй хүмүүсийг хохироох, гэм учруулсан хүмүүсийн өөдөөс дайрч биеэ хамгаалах гэдэг тусдаа ойлголт гэдгийг ойлгосны дараа л би тэмцэж эхэлсэн. Яагаад ийм олон жил болсон бэ гэдэг асуултыг хүн болгон надад тавьдаг. Би хүн болгонд хариулж чадахгүй. Энэ асуултад хариулахаар сэтгэл хямраад байдаг болохоор ирээдүйд дахин сонсмооргүй санагдаад миний өмнөөс ярих номоо гаргасан. Тэр асуултын ард миний 15 жилийн сэтгэл зүйн асуудлаа даван гарсан туулал бий. Би итгэл алдраад унавал унахаар, бүх зүйлийг орхивол орхихоор хэдэн мянгаар тоологдох өдөр байгаа.
Тэр болгонд бууж өгөлгүйгээр өнөөдрийг хүрсэндээ баяртай байна. Яагаад гэвэл 15 жилийн дараа нэрээ цэвэрлэж чадлаа. Тэгэхээр яг энэ мэдэрсэн мэдрэмжийг уншигчид маань аваасай гэж бодож байна. Тухайн хэрэг гарах үед би 19 настай хүүхэд байлаа. Одоо 34-тэй болохоор тэр үе минь надад дүү шиг минь жаахан санагддаг. Тэр үеийн би одоо байхгүй болсон болохоор надаас тусдаа хүн шиг мэдрэмж төрдөг. Хэрэг гарах үед намайг хамгаалах хэн ч байгаагүй учраас хэрэгтэй байсан хүн нь болоод очоод тэвэрчихмээр санагддаг. Ер нь тэр хүслээ өөрийн номоороо дамжуулан бичсэн. Хэний ч сонсох, харахыг хүсдэггүй тийм муухай түүх миний амьдралд болсон.

Тэр амьдралаараа амьдарсан. Муухай учраас нуух, үүнийгээ ярихгүй байх ёстой юм шиг байдалд байсан бол “Зүгээрээ муухай байсан чи амьдарсан. Чиний амьдрал бол бодит. Үүнээс ичиж, нуугдах шаардлагагүй. Үүнийг би болгосон хүмүүс ичихгүй байхад түүнийг туулж байгаа би яагаад ичнэ гэж вэ” гээд өөрийгөө номоороо дамжуулан тэвэрч буй юм. Хэрэг гараад олон жил өнгөрчихлөө 19-тэй байх үедээ мэддэггүй байсан зүйлээ одоо мэддэг болчихлоо.
Тэр хүмүүст бас мэддэг зүйл бий болж байгаа учраас тэдэнд арай өөр сэтгэгдэл орж ирэх болов уу гэсэн бодол, хүлээлт надад маш их байсан. Иймд 2020 онд ангийнхантайгаа холбогдоод бодит үнэнтэй улаан нүүрээрээ тулсан.Тийм зүйл байхгүй гэдгийг харсан. Мөн 2026 онд олон нийтэд хандаад одоо бүх зүйл илэрсэн болохоор ядаж уучлалт гуйхыг хүсэх нэг хүн байж болно шүү дээ. Уучлаарай гэх үгийн у үсэг цухуйх болов уу гэж хүлээсэн ч тийм зүйл байгаагүй. Ер нь миний ойлгосноор гэмт хэрэгтнүүд бол чадаж байгаа учраас гэмт хэрэг хийдэг. Тэдэнд өрөвдөх, хэзээ нэгэн цагт ухаарах сэтгэхүй байсан бол гэмт хэрэг хийхгүй л байсан. Үүнтэй эвлэрэх хэцүү байсан.
Гэмт хэрэгт өртсөн хохирогч энэ нууцаа булш руугаа аваад орох биш. Хэчнээн жил өнгөрсөн байсан, хэдэн ч жил ярьж чадахгүй явсан байсан, хэдийд ч хамаагүй өөрт тохиолдсон гэмт хэргээ ярих ёстой гэж боддог. Энэ нь хохирогчийн үүрч дуусах ёстой ачаа биш. Харин гэмт хэрэг үйлдсэн хүмүүс өөрсдөө энэ ачаагаа үүрч, ялаа эдлэх ёстой.
Түүний хувьд бүлэг хүчингийн хэрэгт 2011 онд өртсөн ба эл хэргийг шалгуулахаар 2020 онд хуулийн байгууллагад хандсан боловч өнгөрсөн хугацаанд хэрэг дөрвөн удаа хаагдсан гэх мэдээллийг өгч байв. Ийнхүү түүний хэрэг хууль, хяналтын байгууллагаар эцэслэн шийдэгдэлгүй тав гаруй жилийн хугацаа өнгөрсөн. Харин олон нийтийн шаардлага, дэмжлэгийн үр дүнд хэргийн шүүх хурлын тов өнөөдөр хэмээн зарлагдаад байсан. Гэвч хэрэгт холбогдсон хүмүүсийн санал хүсэлтийг үндэслэн өнөөдөр шүүх хурлын хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
Г.Хэрлэн









