
Хойд Солонгосын эмэгтэй хөлбөмбөгийн баг БНСУ-ын багтай тоглохоор иржээ
Хойд Солонгосын эмэгтэй хөлбөмбөгийн Naegohyang FC багийн тамирчид ирэх лхагва гарагт AFC Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээний хагас шигшээд БНСУ-ын Suwon FC багийн эсрэг тоглохоор БНСУ-д хүрэлцэн иржээ. Хойд Солонгосын тамирчид хамгийн сүүлд БНСУ-д 8 жилийн өмнө ирж байсан түүхтэй аж.
Сүвон хотод болох хагас шигшээгийн тоглолт нь хоёр Солонгосын Солилцоо ба Хамтын ажиллагааны тухай хуулийн ачаар зохион байгуулагдаж байна. БНСУ-ын тал Хойд Солонгосын Naegohyang FC багийн 27 тамирчин, тэднийг дагалдаж ирсэн 12 хүний БНСУ-д байрлах бүх зардлыг дааж байгаа гэжээ.
Ёнхап агентлагийн мэдээлснээр тус тоглолтын 7087 тасалбар нэг өдрийн дотор борлуулагдаж дууссан байна. БНСУ-ын Хоёр Солонгосыг нэгтгэх асуудлыг хариуцсан яамны сайд Чун Донг Ён тус тоглолтыг үзэж сонирхохоор төлөвлөжээ.
Хагас шигшээд ялсан баг Австралийн Melbourne City FC эсвэл Японы Tokyo Verdy багтай тоглох бөгөөд БНСУ-ын эрх баригчид Naegohyang FC баг БНСУ-ын багт хожигдвол ирэх пүрэв гараг гэхэд эх орон руугаа буцна гэж таамаглаж байгаа аж.







