
Азийн орнуудын шилдэг тамирчдыг нэгтгэсэн “Physical Asia” шоуны Япон багийн тамирчин Кацүми Накамүра Монгол Улсад анх удаа хүрэлцэн иржээ. Энэ үеэр Монгол Улсын гавьяат тамирчин, холимог тулаанч Б.Энх-Оргилтой уулзаж, “Physical Asia” шоуны дурсамж, тамирчны бэлтгэл, монгол эрчүүдийн бяр чадал, нүүдэлчин ахуй соёлын талаар ярилцлаа. Мөн Накамүра монголын уламжлалт хоол, морь унах соёлтой танилцаж, монголд дахин ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
-Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна вэ? Дахин уулзаж байгаадаа таатай байна.
-Накамүра: Миний хувьд Монгол Улсад анх удаа хүрэлцэн ирж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Онгоцны буудлаас хотын төв рүү орж ирэх замдаа хээр тал, таван хошуу малаа хараад үнэхээр их сонирхож харлаа. Мөн Монголын өвлийг их хүйтэн болов уу гэж төсөөлж ирсэн. Харин эсрэгээрээ цаг агаар нь дулаахан, тухтай, таатай санагдаж байна.
-Монголын өвөл дуусахтай зэрэгцээд ирчихэв үү дээ. /инээв/ Өвөл бол үнэхээр хүйтэн шүү дээ.
-Накамүра: Үнэнийг хэлэхэд Монголын өвлийг их сонирхож байсан. Хоёрдугаар сард ирэх төлөвлөгөөтэй байсан ч тэмцээний улмаас өөр улс руу явах шаардлагатай болсон тэгээд ирж чадаагүй. Гэхдээ ирэх өвөл монголд ирэх төлөвлөгөөтэй байгаа.

-Б.Энх-Оргил ахад дуулгахад, Накамүра сан бид хоёр Японд Цагаан сарын үеэр уулзаж нэвтрүүлэг хийж байсан. Тэр үед монголд ирэх туйлын хүсэлтэй байгаагаа хэлээд, монголын цасан дээр Lamborghini-гаар дрифт хиймээр байна гэж ярьж байсан юм.
-Б.Энх-Оргил: Ирэхээр төлөвлөж байгаа бол нэгдүгээр сарын дундуур ирвэл зүгээр. Гол нь харзны усанд орж үзэх хэрэгтэй.
-Накамүра: Тэгэлгүй яах вэ. Үнэхээр туршиж үзэхийг хүсэж байна.
-Б.Энх-Оргил: Манай монгол эрчүүд чинь арванхоёрдугаар сарын 22-ноос нэг ес эхлэхээр харзны усанд орж эхэлдэг, дөрвөн ес дуустал тэр хүйтэнд ордог шүү дээ.
-Долоо хоногт нэг удаа ордог юм уу?
-Б.Энх-Оргил: Тамирчид саунд орчхоод араас нь мөстэй усанд ордог шүү дээ. Яг түүнтэй ижил үйл явц.
-Тэр нь биеийг чийрэгжүүлж байна гэсэн үг үү?
-Б.Энх-Оргил: Ерөнхийдөө булчинд цочрол өгч, шинэ эсээр нөхөн төлжүүлж байна гэсэн үг.
-Накамүра: Би ч гэсэн Японд саунд орох дуртай. Тийм болохоор хүйтэн мөстэй усанд орох мэдрэмж нь бүр өөр түвшинд мэдрэгдэх байх гэж бодож байна.
-Та хоёр өчигдөр уулзаад, өнөөдөр хамт бэлтгэл хийсэн юм байна. Б.Энх-Оргил ахын хувьд сонин сайхан юу байна вэ?
-Б.Энх-Оргил: Нам тайван бэлтгэлээ хийгээд л явж байна. Наадмаас өмнө тулалдах болов уу гэж бодож байгаа. Тов нь хараахан гараагүй. Мөн кросс фитийн бэлтгэл хийж байгаа. Кросс фитийн цуврал тэмцээнүүд байгаа, түүндээ ч бас бэлдэж байна. Энэ сарын 16-нд кросс фитийн тэмцээнтэй.


-Өчигдөр уулзаад, өнөөдөр хамт бэлтгэл хийсэн тухайгаа ярьж болох уу?
-Накамүра: “Physical Asia”-гийн үеэр түүнийг хүчтэй тамирчин гэдгийг мэдэж байсан. Өнөөдөр хамт бэлтгэл хийхэд Б.Энх-Оргил тамирчин надад хамгийн зөөлөн хандсан байх. Гэхдээ миний бие булчин цочрол авсан мэдрэмж төрж байна. Эр хүний дотор эрх хүн байдаг гэдгийг Б.Энх-Оргил тамирчнаас харж болох юм болов уу гэж бодлоо.
-Б.Энх-Оргил: “Physical Asia” дээр Накамүра олстой төрөл дээр багана барьдаг байсан шүү дээ.
-Накамүра: Тэмцээний тухай эргээд ярих юм бол энэ талаар ярьж болох эсэхээ сайн мэдэхгүй л байна. Манай тэмцээний нэг хэсэг эфирт гараагүй. Миний хувьд бүр булчингаа таттал барьж байсан хэсэг гарч чадаагүй. Гэхдээ монголын тамирчдаас Б.Энх-Оргил болон А.Адъяасүрэн хоёр үнэхээр гайхамшгийг харуулсан. Японы багийнхан хүртэл тэр их хүч хаанаас гарч байна вэ гэж гайхаж ярьж байсан.


-За хоолоо идээрэй.
-Б.Энх-Оргил: Магтсанд баярлалаа. Гэхдээ өнгөрсөн юм өнгөрсөндөө үлддэг дээ. /инээв/
-Өчигдөр монгол хоол идсэн гэсэн тийм ээ?
-Б.Энх-Оргил: Өнөөдөр нэмээд хорхог, бууз идүүлнэ.
-Накамүра: Хорхог идэхийг үнэхээр хүсэж байсан. Дотор нь халуун чулуу байдаг уу?
-Накамүра хорхогийг хүртэл мэдэж байна шүү. Энэ удаагийнх гэхдээ чулуугүй хорхог байна.
-Б.Энх-Оргил: Жинхэнэ хорхогийг би Накамүрад наадмаар үзүүлнэ ээ.
-Хорхогийн талаар хаанаас сонссон юм бэ?
-Накамүра: Монгол хоолны талаар судалж үзэхэд хорхог, бууз хамгийн алдартай гэсэн мэдээлэл гарч ирсэн. Японд уулзаж байхад та надаас “хамгийн түрүүнд ямар хоол идмээр байна вэ” гэж асууж байсан шүү дээ. Тэгэхэд би хорхог, бууз идмээр байна гэж хариулж байсан.


-Японд ярилцаж байхдаа хорхог иднэ гэж байсан хүн энд ирээд идэж байна гэхээр сонин тохиолдол шүү.
-Накамүра: Хүсэн хүлээсэн хоолоо одоо идэх гэж байна.
-За амтархан идээрэй. хорхог гэдэг чинь тэр чигтээ л мах даа.
-Накамүра: Японы какүни гэдэг хоолтой төстэй амттай юм байна. Гэхдээ мэдээж амталгааны хувьд өөр юм.
-Энэ болохоор хонины толгой байна. /Накамүра гайхав./ Иддэггүй юу?
-Накамүра: Мэдээж байхгүй. /инээв/
-Маш амттай шүү.
-Накамүра: Тэгвэл нэг амсаж үзье.
-Б.Энх-Оргил: Энэ хонины хэл.
-Накамүра: Анх удаа идэж үзэх гэж байна.
-Б.Энх-Оргил: За тагнай дархан болоорой. /инээв/ Сонгино, гурилтайгаа холиод идээрэй. Ер нь манайхан сонгино, төмс, луувантай нь холиод иддэг. Энэ болохоор хонины нүд шүү. /инээв/
-Нээрээ иддэг билүү?
-Б.Энх-Оргил: Идэлгүй яах вэ. Дотор талын харыг нь аваад хаячихна, үлдсэн нь яг зөөлөн мах байдаг юм.
/Накамүра Б.Энх-Оргилтой хамт хонины нүд амсаж үзэв./
-За ёстой сонин experience боллоо доо. Гоё байна уу?
-Накамүра: Амттай байна. /Өөр зүйл рүү заав./ Энэ юу вэ?
-Чих нь юм биш үү?
-Б.Энх-Оргил: Чих.
-Накамүра: Чих нь тослог ихтэй юм байна. Коллаген ихтэй юм болов уу?
-Б.Энх-Оргил: Стүжин гээд коллаген ихтэй хоол байдаг шүү дээ. Тэрийг чинь толгой шийрээр хийдэг байхгүй юу.
-Накамүра: Хонины толгойг мөн анх удаа идэж үзлээ.
-Дахин хоол ирж байна. Энэ удаа хонины амталж шарсан хаа иржээ. Монголчууд ер нь их мах иддэг улс шүү.
-Накамүра: Өнөөдөр Б.Энх-Оргил тамирчинтай хамт бэлтгэл хийхдээ өрсөлдөгч нь яаж довтолбол хаанаас яаж бэлдэх ёстой вэ, түрүүлээд ямар үйлдэл хийх хэрэгтэй вэ гэдгийг маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. “Physical Asia” эхлэхээс өмнө ингэж хэлж өгсөн бол их зүгээр байж дээ. /инээлдэв/


-Монголд ямар нэгэн ажлаар ирсэн үү, эсвэл зүгээр аялахаар ирсэн үү?
-Накамүра: Аялахаар ирсэн.
-Өмнө ярилцахдаа морь унаж үзмээр байна гэж хэлж байсан. Өнөөдөр морь унаж үзсэн гэсэн. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Накамүра: Миний хувьд анх удаа тэмээ болон морин дээр сууж үзлээ. Анхны удаа болохоор их сэтгэл хангалуун байсан талаараа Б.Энх-Оргилд хэлтэл “Чиний саяынх морь унасан гэж хэлэхгүй ээ. Зун жинхэнэ морь унахыг үзүүлье” гэсэн. /инээлдэв/
-Б.Энх-Оргил: Туул голын хамгийн өргөн урсгалтай хэсгээр сэлүүлнэ гэсэн шүү дээ.
-Жинхэнэ утгаар нь морь унана гэхээр яаж унах гээд байгаа юм бэ?
-Б.Энх-Оргил: Давхиулна, гол гатлуулна. Гол гатлахдаа бүр морьтойгоо сэлүүлнэ. /инээв/
-Накамүра: Морин дээр давхиулаад, голоор гатлуулна гэхээр миний хувьд өөрөө сэлээд явсан нь хурдан байх юм шиг санагдаж байна. /инээв/
-Б.Энх-Оргил: Морьтой гол гатлах аймар гоё мэдрэмж байдаг юм. Одоо наадмаар хурдан морь уралдаж байгааг нь заавал үзүүлэх хэрэгтэй.
-За тэгвэл зун дахиж ирэхээс өөр аргагүй боллоо доо.
-Накамүра: Ер нь монголд дахин ирэхийг хүсэж байна.
-Б.Энх-Оргил: Амжихгүй бол дараа жилийн зун байна. Бүр амжихгүй бол тэрний дараагийн зун ч байна шүү дээ. /инээв/
/Энэ үеэр Накамүра монголын уран нугаралтын үзүүлбэрийг үзэж гайхширч байлаа./
-Манай монголчуудын бас нэг онцгой урлаг шүү дээ.
-Накамүра: Шүдээрээ бүх биеэ өргөчихөөд маш хүнд үзүүлбэрийг амархан юм шиг хийж байна. Өнөөдөр би нум сумаар харваж үзсэн. Гараараа бай оноход хүртэл маш хэцүү байсан. Гэтэл саяын үзүүлбэр дээр хөлөөрөө нэг л удаа шууд онож байна шүү дээ. Үнэхээр гайхалтай байлаа. Би өөрөө оролдоод огт оноогүй.
-Монголын багийг хүчтэй өрсөлдөгч байсан гэж та хэлж байсан. Тэгвэл Б.Энх-Оргилын бэлтгэлийг хараад монгол эрчүүдийн бяр чадал юундаа байдаг гэж харсан бэ?
-Накамүра: “Physical Asia”-ийн тавдугаар даалгавар дээр бид маш их хичээсэн ч цаг нь дууссан. Дараа нь бичлэгээ үзэхэд монголын баг ч гэсэн хаалга хаах дээр нэлээд хүндрэлтэй байсан нь харагдсан. Гэхдээ тэр үед Б.Энх-Оргил тамирчин маш хурдан сэтгэж, нөхцөл байдлыг ойлгоод санаачилгатай хөдөлж байсан. Тэгэхээр энэ гүйлгээ ухаан гэдэг зүйл монгол тамирчдын нэг онцлог юм болов уу гэж бодсон.
-Харин Б.Энх-Оргилын хувьд монгол хүний бяр чадал юунд байдаг гэж боддог вэ?
-Б.Энх-Оргил: Нүүдэлчин соёлдоо л байдаг байх. Морь унаж сурахаас эхлээд хурдан морь унах хүртэл хүүхэд наснаас нь бяр суудаг юм шиг санагддаг.
-Ахуйн өдөр тутмын ажил нь өөрөө бяр, ухаан суулгадаг гэсэн үг үү?
-Б.Энх-Оргил: Даага сургахаас, голоос ус зөөхөөс л эхэлдэг байх.
-Нээрээ л тийм юм байна.
-Б.Энх-Оргил: Намайг хүүхэд байхад манай эмээ таван үнээ саадаг байсан. Тугалыг нь татаж, эвлүүлж байгаад хамаг чадлаараа ноцолдоно шүү дээ.
-Монгол охид Накамүра санд их талтай юм шиг байна. Улаанбаатарын гудамжаар явж үзэв үү, монгол охидын талаар ямар сэтгэгдэл төрөв?
-Накамүра: Өөрийгөө хэлэхэд жаахан эвгүй юм аа. /инээв/ Онгоцонд суухаас өмнө хүртэл надтай мэндлээд зураг даруулж байсан хүмүүс байсан. Өнөөдөр ч гэсэн фитнест бэлтгэл хийж байхад эмэгтэй, эрэгтэй хүмүүс ирээд зураг авхуулж байсан. Онгоцны үйлчлэгч нар хүртэл зураг авч болох уу гэж асууж байсан. Монгол хүмүүс их дулаахан, дэмждэг санагдлаа. Манай японд бол таньсан ч гэсэн чимээгүй өнгөрөх нь их байдаг.
-Танд Накамүра сангаас асуух зүйл байна уу?
-Б.Энх-Оргил: Асуугаад байх зүйл алга аа. Тамирчид ер нь нэгнийхээ амьдралыг гадарладаг болохоор.
-Накамүра: Тийм шүү. Тамирчин хүний өдөр тутмын бэлтгэл л амжилтын үр дүн байдаг. Шоуны үеэр бид нэг буудалд хамт байрлаж, хамт хооллож байсан. Б.Энх-Оргил тамирчин чөлөөт цагаараа хүртэл фитнест тогтмол бэлтгэл хийдэг байсан. Манай багийнхан “Нэг хүн яг байгаа даа” гэж хоорондоо ярьдаг байсан. Очиход Б.Энх-Оргил байж л байдаг байсан. /инээлдэв/
-Б.Энх-Оргил: Жишээ нь өнөөдөр маш өндөр ачаалалтай бэлтгэл хийчихээд орой нь бага зэрэг архи, шар айраг уулаа гэж бодъё. Маргааш нь бэлтгэл дээр өмнөх эрчээ гаргаж чаддаггүй. Эсвэл ганцхан өдөр оройтож унтлаа гэхэд л булчин амарч чадаагүй байдаг учраас ачааллаа даахгүй, бэртэх гээд байдаг. Тиймээс тамирчид нойр, амьдралын хэв маягаа маш сайн барьдаг. Нэг удаа л шоудлаа гэхэд буцаад хэвэндээ ортол тав, зургаа хонодог.
-Накамүра сан одоо олимпод бэлдэж байгаа. Бэлтгэлийн ачаалал хэр их байдаг вэ. Олимп дөхөх тусам сэтгэл зүйн дарамт нэмэгддэг үү, тэр бүхнээ хэрхэн даван туулж байна вэ?
-Накамүра: Японд олимпын өмнө олон дотоодын тэмцээн болдог. Зарим төрлийн тамирчид нэг тэмцээндээ алдаа гаргасан ч дараагийн тэмцээн дээрээ илүү сайн амжилт үзүүлээд нийлбэр оноогоороо боломжоо хадгалж чаддаг.
Харин усанд сэлэлтийн тамирчдын хувьд арай өөр. Олимп болох жилийн дөрөвдүгээр сард “Olympic Trial” гэж ганцхан сонгон шалгаруулах тэмцээн болдог. Тэр тэмцээнд бид ердөө нэг удаа оролцоно. Өөрөөр хэлбэл ганцхан гарааны үр дүнгээр олимпын эрх, цаашдын хувь заяа шийдэгддэг гэсэн үг.
Тийм болохоор сэтгэл зүйн хувьд байнга бэлтгэлтэй байх шаардлагатай. Гаднаасаа тайван харагддаг ч дотроо маш өндөр ачаалалтай байдаг. Хамгийн чухал нь огт өвдөж болохгүй. Нэг ханиад хүрэх төдийд л хоёр, гурван жилийн хөдөлмөр талаар өнгөрөх эрсдэлтэй.
Тиймээс бид өдөр бүр биеэ маш сайн анхаарч, урт хугацааны сахилга баттай бэлтгэл хийдэг. Дараагийн олимп хүртэл хоёр жилийн хугацаа байгаа ч би сэтгэл зүйн бэлтгэлээ аль хэдийн эхлүүлчихсэн явж байна.
-Монгол хоолноос хамгийн их таалагдсан нь юу байв. Нэгээс арван оноогоор үнэлбэл хэд өгөх вэ?
-Накамүра: Миний хувьд хонины толгой хамгийн сонирхолтой хоол байлаа. Анх удаа идэж үзсэн. Амт нь хэсэг бүр дээрээ өөр өөр байсан. Ялангуяа шанааны мах нь маш зөөлөн, чих нь тослог ихтэй санагдсан. Нүд хүртэл идэж үзлээ. Тэр бол миний хувьд мартагдахгүй дурсамж боллоо.
Мөн нэг монгол ютүбэрийн бичлэг үзсэн юм. Гол дээрээс барьсан загасаа хөлдөөж байгаад, нар жаргахыг харангаа хөлдүү загасаа үрж идэж байсан. Тэр дүр зураг их тансаг, өвөрмөц санагдсан. Монголд байх хугацаандаа заавал туршиж үзмээр байна.
-За баярлалаа. Монголд зорьж ирж, бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Нэвтрүүлгийн төгсгөлд үзэгчдэдээ хандаж үг хэлэхгүй юу.
-Накамүра: Монголд ирсэндээ үнэхээр баяртай байна. Бид хоёр хоёрдугаар сард Японд уулзах үеэр “Монголд заавал ирээрэй” гэж хэлж байсан. Тэр үгийн дагуу өнөөдөр энд сууж байгаадаа баяртай байна. Би хувь хүнийхээ хувьд ч, усанд сэлэлтийн тамирчны хувьд ч Монгол Улсад дахин ирэхийг хүсэж байна.
Хэрвээ гудамжинд эсвэл ямар нэгэн арга хэмжээний үеэр надтай таарвал санаа зоволгүй хүрч ирээд хамт зураг авахуулж, ярилцаарай. Би үргэлж баяртай хүлээж авах болно. Бүгдээрээ эрч хүчтэй, сайхан байгаарай. Баярлалаа.
-За баярлалаа. Накамүра сан зураг авахуулахад үргэлж нээлттэй юм байна шүү. Мөн Б.Энх-Оргил ахдаа баярлалаа. Цаг гарган нэвтрүүлэгт оролцож, монголыг зорин ирсэн зочныг маань аялуулж, монгол ахуй соёлоо танилцуулсанд баярлалаа. Удахгүй болох тэмцээнд нь өндөр амжилт хүсье.
-Б.Энх-Оргил: За баярлалаа.
Видео үзэх холбоос:







