
Спорт бол нэг төрлийн бүтэн “Соронзон” орон зай. Энэ салбарт нэгэнт хөл тавьсан л бол тэр соронзон орон зайд татагдаж, хэзээ ч үл гарч чадах амттан магад маш их сонирхол татам хил хязгааргүй уншууртай номтой би зүйрлэнэ.
Энэ л амттай номонд дурлаж, тэр дундаа гэр бүлээрээ спортоор хичээллэж яваа хөдөлмөрч, хичээнгүй, ширэн бээлийтнүүдийг “Оргилд хүрэх зам” нэвтрүүлэгтээ хүндэтгэн урилаа.

Тэд бол Боксын спортын ОУХМ Хархүүгийн Энх-Амар, түүний төрсөн дүү 2026 оны Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт, ОУХМ Хархүүгийн Билгүүнсайхан, боксын спортын анхны Ази тивийн аварга, ОУХМ Төмөрхуягийн Болортуул нар юм.
Х.Энх-Амар, Т.Болортуул нарыг боксын спортын ертөнц холбож, гэр бүлийн амьдралаа, амжилт ялалтаа, спортын гоё мэдрэмж, сайн сайхан бүхнийг рингнээс л олж авчээ.


Ингээд спортлог боксчин гэр бүлийнхэнтэй хөөрөлдсөнөө уншигч та бүхэнд сийрүүлэн хүргэе.
Сонирхогчдын боксын ОУХМ, мэргэжлийн боксын 4 ялалтыг аваад буй Х.Энхмандах: Боксын спорт бол рингэн дээрх “Бүжиг” юм


-Миний хувьд “Бээжин-2008” зуны олимпын наадмын боксын тулааныг үзэж суухдаа, тэр олимпоос алт, мөнгөн медальтнууд төрөн гарсан агшныг харсан цагаас л энэ спортоор хичээллэх хүсэл, мөрөөдлөөр жигүүрлэсэн. Ингээд боксын спортоор гэнэт нь хичээллэхээр шийдвэрлэж, бэлтгэлдээ анх А.Гантулга багш дээрээ шавь болон орж байсан нь маш сайхан дурсамж.
Анх боксын спортоор хичээллэх болсон цагаас гэртээ бээлийгээ тавьчихдаг байлаа. Тэр бээлийг хараад манай төрсөн дүү нарт боксоор хичээллэх, ахынхаа залгамж халаа болох тэр л чанарыг олгож өгсөн дөө.
Бид эцэг, эхээс 6-уулаа. Үүнээс одоо 4 нь боксын спортоор хичээллэж байна. Охин дүү маань хичээллэж байгаад, өсвөрийн УАШТ-нээс хүрэл медаль зүүсэн. Ингээд хичээллэхээ гэнэт л больчихсон.
Харин одоо боксын Үндэсний шигшээ багт Х.Билгүүнсайхан, Х.Дөлгөөнсайхан дүү нар маань харьяалагдан бэлтгэл сургуулилтаа хийж, Монгол Улсынхаа нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд тулалдаж явна. Мөн Х.Энхмандах дүү маань АНУ-д мэргэжлийн боксын спортод хүч үзэж байгаа.



Миний хувьд мэргэжлийн боксын спортод 4 тулаан хийж, 4-т нь ялалт байгуулсан. Одоо би “Алдар” спорт хороонд багш дасгалжуулагчаар ажиллаж, А.Гантулга багштайгаа хамтдаа шавь нараа бэлтгэж байна. Мөн тамирчнаар харьяалагддаг. Анхны боксын спортын суурийг тавьж өгсөн А.Гантулга багшаасаа маш их зүйлийг сурч мэдэж авч байна даа.
Би олон хувилбараар тоглохыг илүүд үздэг. Манай тамирчид мэргэжлийн бокст замыг нь нээгээд, эхлийг нь тавиад өгчихсөн шүү дээ. Одоо Цэндбаатар, Энхмандах, Баярхүү гэсэн тамирчдын хувьд дараа дараагийн тамирчдад боломж бий гэдгийг нээгээд өгчихлөө. Миний хувьд мөн 2016 оноос хойш мэргэжлээрээ тоглосон. Одоо удахгүй нэг тов яригдаж байгаа.


Одоо онцлоод хэлбэл сонирхогчдын боксоор хичээллэж байгаа тамирчин маш дайчин, хурдтай, хүчтэй, басхүү зальтай сэргэлэн байж өрсөлдөгчөө хождог болсон. Ер нь л сонирхогчийн бокст аль болох зальтай, мэдрэмжтэй, сэргэлэн хүн л урагшаа давжиж тулалддаг тийм л хүн Олимп, Дэлхийн медальтан болж байна даа.


Сонирхогчдын боксын ОУХМ, Ази тивийн анхны аварга Т.Болортуул: Би амьдралаа боксын спортгүйгээр хэзээ ч төсөөлшгүй
Анх жүдо, самбо бөхөөр хичээллэдэг байсан, бараг 6 сар орчим болгосон байх. Тэгээд явж байгаад чөлөөт бөхийн Ази тивийн аваргын анхны хүрэл медальт С.Цэрэнчимэд найз маань бокс руу оръё, бокс руу оръё гэсээр байгаад тэгээд би бокст анх хөл тавьж байсан./инээв/
Анхлан талийгаач Буядаа багш дээр явдаг байсан юм. Боксын спортод хөл тавьж орсон цагаас л маш иих сонирхол татаж, энэ спортдоо маш их дурласан даа. Ингээд л 2004 оноос хойш тасралтгүй хичээллэж байна.


Энэ спортоос миний амьдралыг салгаж, ойлгомгүй. Боксын спортоор хичээллэж яваад Үндэсний шигшээ багт харьяалагдаж байгаад, анх нөхөртэйгээ танилцаад, гэр бүл болоод өдгөө хоёр сайхан хүүхдийн аав, ээж болчихсон сууж байна. Том хүү маань боксын спортод маш дуртай, бас эвсэлтэй. “Олимпын гараа” тэмцээнд өнгөрсөн жил 23зг-д өрсөлдөж байсан бол энэ жил мөн л энэ тэмцээнд хүүгээ 28кг-ийн жинд тулалдуулахаар бэлтгэж байна даа.
Манай хүн анх ид мандаж явсан үе. Улсын аварга шалгаруулах тэмцээнээр бүх өрсөлдөгч нараа дутуу гаргаад л, маш дайчин, төлөв даруу, ясны хариуцлагатай хүн дээ. Тэгээд л Х.Энхмандах шигшээ багт дуудагдаад л, бэлтгэлийн зааланд анх танилцаж билээ./инээв/


Одоо ингээд “Алдар” спорт хороон дээр өөрөө тамирчнаас гадна багш дасгалжуулагчаар эмэгтэй тамирчид дээр ажиллаж байна. Одоо жаахан бэртэл гэмтэлтэй байгаа. Үүнийгээ эдгээчихээд пробокст хүч үзнэ гэж төлөвлөж байгаа. Бээлий нь нимгэн, маш их эрсдэлтэй, боксчноос бүх зүйлийг төгс шаарддаг пробоксоор цаашдаа түлхүү хичээллээд, тэмцээн уралдаанд тулалдана гэж төлөвлөж байна даа.



“Алдар” спорт хорооны үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан үе үеийн Алдарын хамт олондоо мөн Г.Өсөхбаяр захирал болон удирдлагууддаа, боксын багш нартаа бүгдэд нь маш их баярлаж явдгаа илэрхийлмээр байна.


Сонирхогчдын боксын ОУХМ, Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт Х.Билгүүнсайхан: “Лос Анжелес-2028” зуны олимпт
амжилттай эрхээ авч оролцохыг зорьж төлөвлөж байна
Анх ахыгаа боксын спортоор хичээллэхийг дэргэдээс нь хараад л үлгэрлэж өссөн дөө. Ах гэртээ бээлийгээ үлдээнэ. Тэрийг нь бид нар өмсөөд л, хоорондоо ноцолдоод л тэгээд илүү энэ спортод дурласан даа. Сая Монгол Улсад болсон Ази тивийн АШТ-нээр мөнгөн медаль хүртсэндээ маш их баяртай байна. Энэ тэмцээн бараг сонирхогчдын боксын ДАШТ-ний дайтай олимпын оноог олгосноороо онцлогтой болсон.


Одоо ирэх 6 дугаар сарын 01-нээс боксын ҮШБ-ийнхан бид урд хөршийг зорино. Тэнд хамтарсан бэлтгэл хийж байгаад Дэлхийн боксын холбооноос зохион байгуулах Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд тулалдана.
Мэдээж ҮШБ-ийн хамт олон, Баянмөнх захиралтай боксын холбоо, гэр бүл, найз нөхдийнхөө итгэл сэтгэлийг алдахгүй улам бүр хичээж, “Лос Анжелес-2028” зуны олимпын наадамд эрхээ авч амжилттай өрсөлдөх гол зорилго мөрөөдөлтэй бэлтгэл сургуулилтаа хийж байна. Илүү их хичээх хариуцлага өмнө маань ирсэн. Боксын спортын анхны багш А.Гантулга, ҮШБ-ийн багш дасгалжуулагч, хамт олон, гэр бүлийнхэндээ бүгдэд нь маш их баярлаж явдгаа хэлмээр байна.
Боксын спорт бол үнэхээр сайхан. Рингэн дээрээ өрсөлдөгчөө ялчихаад буух тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй маш өвөрмөц мэдрэмж байдаг.








Ярилцсанд баярлалаа.
Спортын сэтгүүлч А.Алтанчимэг
Зураглаач О.Батболд, Г.Дөлгөөн
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийг бүтэн үзэх линк:







