
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад COP17-ыг бодит хэрэгжилтэд чиглэсэн бага хурал болгоход талуудын оролцоо чухал гэдгийг онцоллоо.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт талуудын төлөөлөл, уугуул болон орон нутгийн иргэд, залуучууд, эмэгтэйчүүд, түнш байгууллагуудын санал бодлыг сонссон бөгөөд энэ долоо хоногт санхүүжилт, газар ба хүн, ус, эрүүл хөрс гэсэн дөрвөн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж буйг дурдав.

Мөн газрын асуудлыг зөвхөн байгаль орчны хүрээнд бус, эдийн засаг, нийгэм, иргэдийн амьжиргаа болон орон нутгийн тогтвортой байдалтай уялдуулан авч үзэх шаардлагатайг хэллээ.
COP17-ын үеэр бэлчээрийн талаарх амлалтуудыг зарласан бөгөөд Ясмин Фуад үүнийг Монгол Улсын үлдээх чухал өв хэмээн тодотгов. Бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд оролцогч талууд уг амлалтыг хэрэгжүүлэх нарийвчилсан асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.









