
Бид энэ удаагийн ярилцлагын буландаа, “60 насандаа ч оюутан байж магадгүй” гэж инээд алдан ярих ШУТИС-ийн оюутан Э.Эрдэнэцэцэгийг онцоллоо. Дөч гаруй насандаа дөрөв дэх мэргэжлээ эзэмшиж буй тэр сурахад оройтдоггүйн үлгэрлэлийг үзүүлж, эмэгтэй хүн өөртөө таалагдаж эхэлсэн цагтаа аз жаргалтай, сэтгэл хангалуун байж чаддаг талаар онцолсон юм.
Тэрээр ярихдаа, Миний хувьд МУИС, Удирдлагын академид болон зөв хооллолт иогийн чиглэлээр Энэтхэгт сурсан. Мөнхийн суралцаад явах сонирхолтой. Одоо ШУТИС-д Хоол зүйч, шим тэжээл судлаач мэргэжлээр сурдаг. Анх Сэтгүүлч, утга зохиол судлаач мэргэжлийг эзэмшиж, багагүй хугацаанд ажилласан. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө одоогийн сурч буй чиглэлийн мэдлэгтэй болохыг хүссэн юм. Хоол зүй, шим тэжээлийн мэдлэг эзэгтэй хүний хувьд ч хэрэг болсон. Нийгэмдээ оролцоотой байх, зөв дуу хоолой болъё гэж өөрийгөө эрэлхийлдэг хүний хувьд ч гэсэн зайлшгүй шаардлага үүссэн учраас судлаач болох гээд бэлтгэгдэж байгаа.
-Ээжийн минь хэлсэн үг миний амьдралын зохиол болчихсон-
Нэг мэдсэн дипломын цуглуулга гэдэг шиг л болж байна. Гэхдээ би үүнийг муу талаас нь огт хардаггүй. Манай дүү ч гэсэн шүүмжилж байсан. “Юуны төлөө, нялх хүүхэдтэй, 40 гаруй настай хэрнэ, оюутан болж байна гээд цүнх үүрээд хар өглөөгүүр гараад явдаг юм” гэж. Эцсийн эцэст хүн өөрийнхөө төлөө л сурдаг. Өөртөө аз жаргал өгч байгаа тэр зүйл юу вэ гэдгийг хүн олоод харчихсан бол түүнийгээ л хийнэ шүү дээ.
Тасралтгүй шинжлэх ухааны мэдлэгт шунаад л, дурлаад л, түүнийхээ гарц гаргалгааг олох гээд явж байгаа маань амьдарч байгаа агшин юм. Бага байхад ээж хэлдэг байсан. Хүн толгойд байгаа мэдлэг, сурсан зүйлээрээ л гоёдог гэж захидаг байсан л даа. Тэр үг л миний амьдралын зохиол болчихсон юм болов уу гэж хааяа боддог.
-40 гаруй насанд илүү хариуцлагатай, зүрхнийхээ ховдлоос сурдаг-
20 гаруй насанд сурах, 40 гаруй насанд сурах хоёрын хооронд их ялгаа байдаг юм билээ. Одоо сурч байгаа нь илүү хариуцлагатай, бүр зүрхнийхээ ховдлоос сурдаг юм шиг. Тэгэхээр эзэгтэй нар маань завгүй байна, олон хүүхэдтэй байна гэж хойш нь тавихгүйгээр дотор байгаа сурагч охиноо гаргаж, эрхлүүлээд, дуртай зүйлд нь сургаад, амжуулаад байж болдог юм байна. Эмэгтэй хүн чинхүү сэтгэлдээ үнэн байгаад, тэрхүү үнэн байдал нь өөрт таалагдаж эхэлсэн цагт жинхэнэ гоо үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй, бусдын хайр халамжийг горьдоод байхааргүй оршиж чаддаг. Эрх чөлөөтэй шувуу байж чаддаг” хэмээн ярилаа.