
Спорт бол хүн төрөлхтний баяр баясгалан, омогшил, сэтгэлийн хөөрөл, үзэгч фанатуудын цангаа стрессийг тайлагч өвөрмөц соронзон орон зай.
Тэр дотроо дэлхийн олон тэрбум хүнийг нэгэн дээвэр дор нэгтгэж чаддаг нь багийн спорт буюу “Хөлбөмбөг”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.
Хөлбөмбөгийн ДАШТ болж буй энэ гоё өдрүүдэд “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ зочноор Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин, “ФС Улаанбаатар” багийн довтлогч Амараагийн Дөлгөөний урин оролцууллаа.

Ингээд хөлбөмбөгийн тэр дотроо А.Дөлгөөний ертөнцөөр та бүхнийг аялуулъя.
–Сайн байна уу? Хөл бөмбөгийн үндэсний лигийн тоглолтууд маш ширүүхэн өрнөж байна. Лигийн тоглолтын үр дүнгээр амжилт, үзүүлэлтээрээ танай баг тэргүүлж байна?
-Сайн байна уу. Энэ жилийн хувьд манай баг ахмад болон залуу үеийнхэнтэйгээ хамт лигтээ оролцож байгаа. Нэг онцлох зүйл нь манайх Япон улсаас 1 легионер тоглогчийг багтаа нэгтгэсэн. Өмнө нь яг энэ багтайгаа Япон тоглогч маань Үндэсний дээд лигийн аваргын цомыг хамтдаа өргөж байсан. Дээд лиг анх 10 багтай эхэлсэн ч нэг баг нь тодорхой шалтгааны улмаас дундаас нь гарч, одоогоор есөн багтай үргэлжилж байна. Тоглолтын чанарын хувьд тун дажгүй байгаа шүү. Тоглолт бүр маш ширүүн, өрсөлдөөнтэй болдог. Жишээ нь, хүснэгтийн долоодугаар байранд яваа баг нь тэргүүлэгч багийг хожих тохиолдол ч гарч байна. Тэгэхээр өрсөлдөөн үнэхээр ширүүн, сонирхолтой байгаа.


Үндэсний дээд лигийн аваргын цомыг өргөж, цаашлаад AFC cup тэмцээний дараа, дараагийн шатанд шалгарах зорилготой
-Танай баг хамт олны болон өөрийнх нь зорилгын талаар сонирхоё?
-Манай багийн ойрын зорилго бол лигтээ аварга авах төдийгүй Азийн Хөлбөмбөгийн Холбооны AFC Cup тэмцээнд оролцож, дараа дараагийн шатанд шалгарч томоохон амжилтыг үзүүлэх зорилготой. Миний хувьд “ФС Улаанбаатар” багт нэгдэж ороод гурав дахь жилдээ тоглож байна. Эхний хоёр жил Монгол дасгалжуулагчтай бүрэлдэхүүнд, энэ жилийнхийг бодвол тийм ч дотно байж чадаагүй. Энэ жил маш том зорилго тавьж, хэд хэдэн тамирчдыг багтаа нэгтгээд мөн дасгалжуулагчаа сольсон.
–Испани улсаас дасгалжуулагч ажиллаж байна уу?
-Испаниас 33 настай Mario Peso гээд эрхмийг авчирсан. Дасгалжуулагчийн хувьд өөрөө залуухан болохоор бид хэдтэй тулж ярьж, харилцдаг нь маш том давуу тал болж байгаа юм болов уу гэж бодож байна. Бид нартай бэлтгэл дээр ч бэлтгэлийн гадуур ч яриад ойлголцоод, ингэе тэгье гээд санаагаа илэрхийлээд явж байгаа нь маш том давуу талтай.


-А.Дөлгөөний хувьд ерөнхийдөө “ФС Улаанбаатар” клубт хэдэн оноос нэгдэв?
-Багтайгаа 2023 оны намраас нэгдсэн. Тухайн үед “ФС Улаанбаатар” аварга авчхаад AFC цомын тэмцээний хэсгийн тоглолтод орчихсон байсан. Гурван багтай, эзэн, зочин гээд хоёр тоглоход, тухайн тоглолтын яг эхний хоёрт нь оролцож чадаагүй. Сүүлийн дөрвөн тоглолтод оролцоод баг хамт олонтойгоо гурав хожиж, нэг хожигдоод, зооноосоо гарахад маш ойрхон байсан. Хэрвээ энэ жил аварга авбал биелүүлж чадаагүй даалгавраа биелүүлнэ ээ гэж бодож байгаа. Найзууд маань тухайн клубт ихэнх нь байдаг болохоор намайг сонгосон юм болов уу даа.
-Анхны дасгалжуулагч хүнд маш чухал суурийг нь тавьдаг. Анхны дасгалжуулагчаа танилцуулна уу?
-Бага байхдаа 2015-2018 онд “Дэрэн” клубийн ахлах дасгалжуулагчаар Серби гаралтай Войеслав Бралушич дасгалжуулагч маань ажиллаж байсан. Тэрбээр надтай уулзаад “Чи манайд ирээч ээ хоёулаа хамтарч ажиллая аа” гээд урьж байсан.
–Тэгэхээр дасгалжуулагчаа сонгож очсон гэж хэлэхэд буруудахгүй юу?
-Тийм. Войкан дасгалжуулагчийн хувьд сахилга бат өндөр, их ширүүн төрлийн хүн. Би багадаа ааваасаа илүү Войкан багшаасаа их айдаг байсан. Бэлтгэлдээ очихгүй болвол муухай хараад, загнаад, тэгээд л бүр болохгүй бол алганы амт ч үзүүлнэ. Тэгэж байж л хөлбөмбөгийг илүү сайн сурсан юм болов уу гэж бодож байгаа.
А.Дөлгөөн: Войкан багшдаа их хайртай, хүндэлж явдаг. Их ч зүйлийг энэ дасгалжуулагчаасаа суралцсан


–2019 онд ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод багтаа хожлын гоол авчирч байсан. Тэр үед ердөө 18-хан настай байлаа. Ёстой л жинхэнэ од болж байсан шүү дээ?
-Одоо ч од шүү дээ.(инээв) Тэр үед насаар жаахан байсан ч, тэр тэмцээн маш том туршлага болж өгсөн дөө. Сэтгэлд маш том дурсамж үлдээсэн гоё тогллт.
-Багийнхан нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Бид зөвхөн бэлтгэлийн үеэр уулздаггүй л дээ. Бэлтгэлээс гадуур ч уулзаж, хоорондоо чөлөөтэй ярилцдаг. Чөлөөт цагаараа хамтдаа РС тоглодог маань багийг илүү нягт, нэгдмэл болгож чаддаг.


Ахыгаа дагаж хөлбөмбөгийн спортод дурласан даа
-Хөлбөмбөгийн спортоор хичээллэх анхны сэдлийг хэн өгөв?
-Багадаа ахтайгаа л хөлбөмбөг тоглож өссөн дөө. Лагерь дээр ч, байрныхаа гадаа ч хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглож, хийж үзээгүй зүйл гэж байхгүй. Ахыгаа “Дуулиан 2020” тэмцээнд тоглож байхад нь үзэж байсан юм. Тоглолт дууссаны дараа манай сургуулийн биеийн тамирын багш Ц.Болдбаатар “Хамт бэлтгэл хийх үү?” хэмээн санал тавьж байсан тэр цаг үеэс л хөлбөмбөгт дурлаж тоглодог болсон доо. Тэгэхээр анхны багш маань Ц.Болдбаатар гэж хүн бий.
-Хөлбөмбөгт дуртай болгож нөлөөлсөн ахынхаа талаар ярихгүй юу?
-Манай ахыг А.Тэмүүжин гэдэг. Бид хоёр хамтдаа “Дэрэн” клубт 2017 он хүртэл хүчин зүтгэх хугацаандаа лигт хоёр жил хамт тоглосон. Харин ах маань 2017 оноос хойш “Улаанбаатар Сити” клубтэй нэгдэж, одоог хүртэл тоглож байна даа.


–Спорттой нөхөрлөснөөс хойш хөлбөмбөгийн спортод хэдэн жилийг өнгөрүүлээд байна вэ?
-12 настайгаасаа эхэлсэн гэхээр одоо 13 дахь жилдээ хөлбөмбөг тоглож байна. Анх 12 настайдаа хөлбөмбөгөөр хичээллэж эхлээд, 14 настайгаасаа шууд Дээд лигт анхны тоглолтоо хийж байлаа. Үеийнхнээсээ арай эрт, насандаа багамдмаар залуудаа тоглож эхэлсэн гэсэн үг. Өөрөөсөө хоёр, гурван насаар ах тамирчидтай тогтмол ахиж тоглодог байсан маань надад маш том туршлага болсон.


Манай багийн уур амьсгал маш гоё, бас эерэг
–Танай баг дотроос хамгийн хөгжилтэй уур амьсгалыг гартаа авдаг нь хэн бэ?
-Хөгжилтэй хүн гэвэл хоёр гурваар тогтохгүй. Цэнд-Аюуш, Болор-Эрдэнэ ах нар байна. Тэр хоёр ирэхгүй бол бэлтгэл уйтгартай байдаг.(инээв)
–Хэрвээ хэн нэг нь чөлөөтэй эсвэл өөр шалтгаанаар ирж чадахгүй бол багийнхаа тоглолтыг талбай дээр 90 минутын турш зангидаж, удирддаг гол хүн нь хэн бэ?
-Багийн ахлагч Д.Төрбат ах байна. Түүний хувьд зөвхөн тоглохоос гадна талбай дээр тоглогч бүртэй ярилцаж, маш сайн ойлголцдог. Мөн Х.Цэнд-Аюуш ах бий. Аль аль нь үндэсний шигшээ баг болон клубынхээ ахлагч нар учраас тамирчдаа маш сайн удирддаг. Тамирчид ч тэдний үгийг дуулгавартай дагадаг юм. Ер нь ахлагч нарынхаа үгнээс зөрвөл багийн тоглолт алдагдах эрсдэлтэй.


-Төрүүлж өсгөсөн аав, ээжийгээ манай уншигчдад танилцуулаач?
-Манай аавыг Амараа гэдэг, хувиараа ажил эрхэлдэг. Ээж маань 20 дугаар сургуулийн бага ангийн багш. Намайг багад манай ангийн багш байсан юм. Миний анхны хөлбөмбөгийн шипиг ээж маань Нарантуул зах руу дагуулж яваад худалдаж авч өгч байлаа.
Ээж маань надад үргэлж урам зориг өгдөг. Намайг 12-14 настай байхад тэмцээнд явахын өмнө ээж “Амжилт хүсье” гээд үнсэхэд л би яг хождог байсан. Харин яагаад ч юм тэгж хэлж амжаагүй өдрүүдэд сонин хожигдчихдог байв. Ээж ажил ихтэй болохоор тэр бүр миний тоглолтыг ирж үзэж амждаггүй. Би багаасаа авхуулаад одоог хүртэл бараг 1000-аад тоглолтод оролцсон байгаа шүү дээ. Түүнээс ээж минь ердөө гурав, дөрвийг нь л үзсэн. Тэдгээр нь үнэхээр чухал тоглолтууд байсан бөгөөд сонирхолтой нь ээжийн ирж үзсэн тоглолт болгонд манай баг хожиж таардаг байлаа. Ер нь аав, ээж хоёр маань намайг маш их дэмждэг. Тэмцээн бүрийг минь дэргэдээс үзэж чаддаггүй ч хүүгээрээ үргэлж бахархаж явдаг нь мэдрэгддэг дээ.


-“Дэрэн” болон “ДМЮ” анхны хөлбөмбөгийн баг нь. Анхны багийнхаа талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-Анх энэ багийнхантайгаа клубүүдийн өсвөрийн тамирчид хамтран ОХУ-ыг зорьж, 99 оныхонтой хоёр нас ахиж, амжилттай оролцон анхныхаа медалийг хүртэж байсан. “Дэрэн” клуб хөл бөмбөгийн тамирчин болоход замналын үүдийг нээж өгсөн.
Би “Дэрэн” клубт 12 настайгаасаа хойш хичээллэж эхэлсэн. Тухайн үед манай ах “Дэрэн” клубт тоглодог байлаа. Амараагийн Тэмүүжин гээд Монголд тоглож байх хугацаандаа Дэрэн, Улаанбаатар, Ситид тоглож байгаад одоо Солонгос улс руу сурахаар явсан. Ахыгаа дагаж “Дэрэн” клубын нэг эд эс болсон нь намайг өөрийн эрхгүй хөл бөмбөгийн спортод дурлуулсан. Багадаа гадагшаа явж үзэхийг мөрөөддөг байв. Эхний жилдээ Швед улс руу явж тэмцээн оролцоод, олон багтай өрсөлдөж хожсон. Тэр мэдрэмжийг багаараа тэмдэглэх маш сайхан байсан. Тэгээд л илүү хөлбөмбөгт лав татагдсан юм болов уу.


ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод эсрэг багийнхаа хаалганд хожлын гоол оруулж байсан нь маш сайхан дурсамж
–Миний санахаар 2019 онд хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод эсрэг багийнхаа хаалганд хожлын гоолыг А.Дөлгөөн оруулж байсан. Тухайн үеийн нандин дурсамжаасаа хуваалцаач?
-Тэр бол миний хувьд хамгийн үнэ цэнтэй тоглолт байсан. Тухайн үед яг шигшээ багтаа дуудагдаад байлаа. Брунейн багийн эсрэг хийсэн эхний тоглолтод сэлгээнд суусан тул талбайд гарч чадаагүй юм. Монголын шигшээ баг өмнө нь ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрдугаар шатанд шалгарч байсан удаагүй. Харин манайх Брунейг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожсоноор түүхэндээ анх удаа хоёрдугаар шатанд шалгарч, Япон, Мьянмар, Киргизстан, Тажикистан гэсэн багуудтай нэг зоонд орсон юм. Тэгээд хэсгийн хамгийн эхний тоглолтоо Мьянмарын эсрэг хийсэн. Миний хувьд хамгийн дурсамжтай бөгөөд маш их сандарсан тоглолт байлаа. Тэр үед би ердөө 18 настай, багийнхаа хамгийн залуу тоглогч нь байсан болохоор дандаа ах нартайгаа тоглосон. Үндэсний шигшээ багийнхаа төлөө, эх орондоо анх удаа талбайд гарч байсан учраас сандрал маш өндөр байсан. Гэвч тоглолтын 17 дахь минутад хожлын гоол оруулж, баяраа тэмдэглэх тэр агшинд үнэхээр үгээр хэлэхийн аргагүй их баярласан даа.


-Тамирчин хүн ялангуяа Улсын шигшээ багийн тамирчин байна гэдэг энэхүү нэр хүндийг өөртөө тээж явах хариуцлага, үүрэг ухамсар, ур ухаан ямар байх ёстой юм бэ?
-Тамирчин хүн биеэ зөв авч явах хэрэгтэй. Олон нийтийн газар, хаана ч биеэ зөв авч явч бусдадаа үлгэрлэх нь зайлшгүй зүйл. Тамирчныг эвддэг юм гэвэл залхуу зан. Хамраа сөхөж биеэ тоох нь тамирчдыг эвддэг юм болов уу гэж боддог. Иймэрхүү зүйлсээс ангид байсан цагт сайн тамирчид төрөх байх. Шигшээ багт тоглоод ч юм уу, шигшээ багт дуудагдаад ирэхээрээ биеэ тоодог хүмүүс мэр сэр байдаг. Хөл бөмбөгчдийн хувьд, би би гээд амжидт олохгүй шүү дээ. Багийн спорт учир нэг хүн алдахад л багаараа алддаг.


Пушкаш академийн шалгаруулалтад тэнцэж, Европыг зорьсон нь нэр төрийн хэрэг. Тэндээс маш их зүйлийг сурсан
–Дөлгөөний хувьд яг одоо ногоон талбай дээр тэмцээн ид явагдаж байхад тамирчны хувьд онцлох тоглолтын арга барил ур чадварын хувьд ямар тамирчин бэ?
-Би их шартай, хүний ард орох дургүй, дайчин зан чанараар тоглолтууддаа анхаардаг. Тийм болохоор их дайрч зүтгэж, хамаг хүчээрээ гүйж тоглодог.
-А.Дөлгөөний хувьд Монгол Улсаас одоо шалгаруулалтад тэнцээд Унгарын Пушкаш академийг зорьсон цөөхөн хэдэн хөл бөмбөгчдийн нэг. Тухайн үеийн шалгаруулалт болохыг хаанаас мэдэв? Шалгаруулалт тэнцсэн тэр мэдээгээ аваад тухайн үеийн мэдрэмж сэтгэгдэл ямар байв?
-Яг шалгаруулалт болохыг мэдээгүй. Клубээс тав зургаан тамирчны нэр өгчихсөн байсан. Өмнөх өдөр нь мэдсэн. Шалгаруулалт болохоос арван хэд хоногийн өмнө би талбай дээр тоглож байгаад шүдээ бэртээгээд тоглохгүй байв. Нэг өдөр манай найз залгаад маргааш ийм шалгаруулалт болох гэж байна. Чиний нэр байгаан байна цугтаа очъё гэхэд. Тухайн үед надад шипи ч байхгүй ахын нэг, хоёр размер томдсон шипиг нь өмсөж очоод тоглосон. Тухайн үед 60-70-аад хүүхэд очсон байв. Унгарын Бошкаш академиас техникийн захирал дасгалжуулагчаар 2 хүн ирж шалгаруулалт авч байсан. Гадаадад орчинд нь, тэр дундаа Европт хөл бөмбөг тоглоно гэдэг миний хувьд маш нэр хүндийн хэрэг байлаа. Бид нэг жилийн хугацаанд Унгар хүүхдүүдтэй хамт бөмбөг тоглоод туршлага солилцож тоглож байсан. Миний ажигласанаар монгол тамирчид Европт очоод хангалттай тоглоод сурчихсан. Өөрийн биеэр очоод болдог гэдгийн мэдэрсэн. Би ч энэнээс илүү юм байна даа гэх бодол ч төрсөн. Ур чадварын хувьд нэг их дутахаар байгаагүй. Довтлогч хүн цуцашгүй дайчин байх хэрэгтэй юм байналээ.


А.Дөлгөөн: Би талбай дээр дайчин тоглож, өөрийгөө хурцалдаг
–Тэгэхээр тоглолтын талбай дээр манлайллыг үзүүлнэ гэдэг чинь А.Дөлгөөний хувьд ямар ойлголт вэ?
-Тоглолт болгон дээр би дайчин тоглож, өөрөөгөө хурцалдаг. Тэрнээсээ ч кайф мэдэрснээр багийнхан маань хүртэл урамшиж сайхан тоглодог. Үүгээрээ баг хамт олонтойгоо цуг хождог.
Ярилцлагынхаа төгсгөлд намайг үргэлж дэмждэг аав, ээж, ах, дүү нартаа маш их баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Мөн намайг хурцалж өгдөг багийнхандаа, хамт олон, дасгалжуулагч нартаа их талархаж байдаг. Бүгдээрээ багаараа урагшаа, чаднаа гэж хэлмээр байна
Ярилцсанд баярлалаа.


Спортын сэтгүүлч: А.Алтанчимэг
Зураглаач: Д.Төгөлдөр, Г.Дөлгөөн
Эвлүүлгийн найруулагч: А.Батбаяр
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийг үзэх линк:









