
СУИС-д оюутан байхдаа ангийнхаа долоон залууд хүчиндүүлсэн гэх 34 настай Ш-ийн гомдолтой холбоотой хэргийн гэм буруугийн шүүх хурал наймдугаар сарын 27-нд Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.
Түүний ярьснаар, есөн жилийн өмнө ангийнхантайгаа шинэ жилийн арга хэмжээнд оролцсоны дараа зочид буудалд үргэлжлүүлэн суух үеэр бие нь муудаж, ухаан алдсан гэх. Улмаар тухайн үед ангийн долоон эрэгтэйд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ.
Тэрбээр тухайн үед болсон явдлын талаар цагдаагийн байгууллагад хандаагүй бөгөөд сургуулиа үргэлжлүүлэн төгссөн гэдэг. Харин 2020 оноос эхлэн хууль, хяналтын байгууллагад хандаж, хэргийг шалгуулж эхэлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хаах санал гарч байсан ч прокурорын байгууллагаас хэргийг буцааж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн байна.
Уг хэрэгт холбогдоод буй иргэд ойр тойрны бүх хүмүүстээ болсон процессыг ярьж явсан, мөн Ш-ийг үл тоож, доромжлох байдлыг сургууль төгстөл нь үзүүлсэн гэж хохирогч мэдээллэж байв.
Хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй тул холбогдогчдыг гэм буруутайд тооцох боломжгүй юм.









