Бүх дуу нь гэхэд хилсдэхгүй, урт настай, одоо ч аманд аялагдсаар байдаг бүтээлүүдийн эзэн бол Take off хамтлаг. Тэд 20 насны төрсөн өдрөөрөө шинэ, хуучин гишүүдээ нэгтгэн, тоглолтоо хийх гэж байна. Тэд өнгөрсөн хугацаанд бий болсон үзэл санааны зөрчилдөөн, нэгнээ эс хүлээн зөвшөөрсөн маргаантай үеэ хэдийнэ өнгөрөөж, нэгэн зорилгын төлөө нэгдэх болсон тухайгаа “Гашуун яриа” нэвтрүүлгээр ярилаа.
Нэвтрүүлэгт Тake off хамтлагийн ууган гишүүн, үүсгэн байгуулагч Э.Бат-Эрдэнэ /Баагий/, хамтлагийн отгон гишүүн Б.Батзолбоо нарыг урьсан юм.
20 ЖИЛИЙН ДАРАА НЭГДЭЖ, НИЙЛЭЭД БАЙЖ БАЙГАА НЬ ГАЙХАМШИГ
-Юун түрүүн та бүхэнд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ярилцлагаа 20 жилийн өмнөөс эхэлье. Сая дурдсанчлан танай хамтлагийн дууг аялдаггүй хүн одоо ч ховор. Урт настай бүтээлүүд төрөх эхлэл ямар байв?
Э.Бат-Эрдэнэ: Өдрийн мэнд. Төрийн удирдлагын доктрант, судлаач, Тake off хамтлагийн дуучин Э.Бат-Эрдэнэ байна. Тake off хамтлаг бол миний залуу нас. Тэр үед бид ямар нэг санхүүгийн дэмжлэггүй, нөгөө талдаа 3000-4000 төгрөгөөр тоглолт үзүүлэх гэж их зүйл болдог байлаа. Автобусанд суугаад явах хэцүү. Нэг их оддын өвчтэй ч юм шиг, гэх мэт олон асуудал байсан. Энэ олон зүйлийг даван туулсан. Дуртай зүйлээ хийхэд, пирошки идэж, нойргүй хонох нь асуудал болохгүй. Хамгийн хэцүү зүйл бол олон хүмүүс нэгдээд эхлэхээрээ, нэг санаанд багтахгүй байх л зовлонтой. Гэр бүл болоход, хоёр хүн нийлэх гэж яадаг билээ. Хэдэн удаа салж, нийлж, зодоон нүдээн болж байж тогтдог. Хайр болдог. Яг үүнтэй адил зүйл болж байсан. Эцэст нь 20 жилийн дараа нэгдэж нийлээд байж байгаа нь гайхамшиг юм даа. Одоо гэнэтийн бэлэг болоод отгон гишүүнтэй болчихсон сууж байна.
ХҮН ОРЛОНО ГЭДЭГ ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ
-2016 онд хамтлагийн гишүүн болж байсан шүү дээ. Хэрхэн хүлээж авч байв?
Б.Батзолбоо: Сайн байцгаана уу? Яг энэ тухай Баагий бид хоёр нэг ч удаа ам нээж ярьж байгаагүй. Ярих нь дээ. Сонсоогүй зүйлээ их сонсох нь дээ. Би мэргэжлийн дуучин биш. Зүгээр л дуртай, хоббитой. Тэгээд л найзуудтайгаа нийлж тоглолт хийдэг байсан. Би өөрөө зохион байгуулж хамт явдаг байсан юм. Тухайн үед Баагийгийн шийдвэр тийм байсан. Энэ хүний эзгүйд түүнийг орлоно гэдэг маш түгшүүртэй. Түй түй… гэдэг шиг, хүн орлоно гэдэг хамгийн хэцүү нь. Дээрээс нь надад ямар дайралт ирэх бол, яах бол гээд л. Би Баагийгийн бадгуудыг дуулах болчихлоо. Дээрээс нь хамтлагийн гишүүн болж ороод л, бие даасан том тоглолт руу орох гээд байдаг. Дуунуудаа сурахаас эхлээд л хүнд үе байсан. Ингээд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн дээ.
Гол нь 2019 онд 15 жилийн ойн тоглолтод яг дөрвүүлээ орох гэхээр, нэг л хүнийг араар тавьж байгаа юм шиг… Яг тэгж байгаа юм шиг л мэдрэмж байсан юм.
Э.Бат-Эрдэнэ: Зүгээр ээ. Чи тавиагүй шүү дээ. Нөгөө гурав чинь л тавьсан. Уйлаад хэрэггүй. /хошигнол/
Б.Батзолбоо: Яах вэ тийм л зүйл бодогдоод байсан. 20 жилийн ой бол тэгш ой. Үүн дээр зайлшгүй Баагий байх ёстой гээд тавуулаа орж байна.
-Та яагаад хамтлагаа орхих болсон юм бэ? Эргээд нэгдэх саналыг хэрхэн хүлээж авав?
Э.Бат-Эрдэнэ: Хүн хавцал дээр ирэхэд сонголт гарч ирдэг юм билээ. Хүнд нэгхэн сонголт байж байгаад, тэр сонголт нь бүтэлгүй болоод ирэхээр, дараагийнхаа сонголтыг бодож эхэлдэг юм билээ. Өөрийгөө өшөө хөгжүүлэх ёстой юм байна. Өөр салбарт ч гэсэн өөрийгөө сорих ёстой юм байна. Ингээд боловсролыг хөөж эхэлсэн. Миний хувьд үнэт зүйл гэж байдаг л даа. Миний үнэт зүйл бол цэл залуу нас, өсвөр насанд хамтлаг л байсан. Өөр юу ч боддоггүй байсан. Гэтэл яах вэ. Сая манай Золбоо хэлж байна. Араар тавилт гэдэг шиг олон үйлдлүүд гарч байсан л даа. Анхнаасаа Тake off хамтлагийг үүсгэн байгуулагчийн хувьд, манай хамтлагийг сонсдог байсан хүүхдүүд маань эхнээсээ эмээ, өвөө болчихсон, идэр насанд хүрчихсэн, дүү нар маань гэр бүл зохиочихсон, амьдралыг арай өөр түвшинд хардаг болчихсон учраас аливаад их уужуу, үнэт зүйлээ авч үлдэхийн тулд, надад бол асуудал байсангүй. Нөгөө талдаа би их олзуурхаж байгаа. Ялангуяа гурван найзад маань шувууны бага нь жиргэдэг, чөтгөрийн бага нь адтай гэдэг шиг сайхан залуу ирсэн байна.
Б.Батзолбоо: Танай нэвтрүүлгээр бид хоёр анх удаа зэрэгцэж суугаад яриа өгч байна. Дотроо уудлаад… Баярлалаа.
-Нэгнээ хүлээн зөвшөөрөх эсэх асуудал бол 20 жилийг бүхлээр нь аваад үзвэл үзэгдэл төдий жижиг асуудал байх. Энэ хугацаанд бий болсон үнэ цэнийг юу бүтээсэн бэ?
Б.Батзолбоо: Найзууддаа би их баярлаж явдаг юм. Түрүүн би хэлсэн шүү дээ. Гоё нөхөрлөөд явж байна. Ялангуяа гадаад дотоод, хөдөө орон нутгийн тоглолт гээд гэрээс хол үед бид биенээ халамжлахгүй бол өөр хэн халамжлах вэ. Манай хамтлагийн Баясук үнэндээ маш хажиг хүн юм. Нялуун зан байхгүй. Бодь байж байдаг. Тэгэхэд би нэг халуураад, жаахан өвдсөн юм. Орой хуралдаж сууж байгаад, би түрүүлээд орондоо орчихсон, буруу хараад хэвтэж байсан. Намайг унтсан л гэж бодсон байх. Нөгөөх чинь ирснээ, толгой дээр гараа тавьж үзсэнээ, үнсчихээд яваад өгсөн. Би гайхаж байгаа юм. Баясук мөн үү, энэ одоо яачихсан юм бол доо гээд л. Нөгөө талаасаа халамж мэдэрч байгаа юм. Яаж явдаг юм бол доо гэж бодоо байлгүй. Энэ болгон дээрээс хайр халамж мэдрээд нөхөрлөөд явах гоё.
БОЛОХ ЗҮЙЛ, БОЛОХГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ЭЦСИЙН ХЯЗГААР БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ТЭР ЗҮЙЛЭЭ БИ АЛДААГҮЙ
Э.Бат-Эрдэнэ: Урлаг надад олон сайхан зүйлийг өгсөн. Ялангуяа маш богино хугацаанд хүний мөн чанарыг таниулсан. Хайр дурлал ямар байдаг юм. Секс ямар байдаг юм. Араар тавилт, урвалт ямар байдаг юм. Нөхөрлөл ямар байдаг юм. Мөнгөтэй бол, нэр алдарт хүрэхээр ямар байдаг юм. Тэнэг бол ямар байдаг юм гээд бүх зүйлийг маш богино хугацаанд харуулсан. Тэр бол миний хувьд маш гоё он жилүүд. Би залуу байсан учраас омголон үе байсан. Алдаа байлгүй яах вэ. Гэхдээ болох зүйл, болохгүй зүйл гэж эцсийн хязгаар байгаа шүү дээ. Тэр зүйлээ би алдаагүй. Ёстой алдаагүй. Бусад нь бол байсан байх. Тэгэхээр манай тоглолтын онцлог ерөөсөө л энэ. Сайн сайхан, муу муухай бүх зүйл тэр тайзан дээр мэдрэгдэнэ. Энэ л өөрөө хамгийн гоё гэнэтийн бэлэг.
-Ярилцсанд баярлалаа.