
Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоо болгон олны анхаарал татдаг. Гэхдээ энэ удаагийн томилгоонууд нэр дэвшигчдийн боловсрол, туршлагаас илүү тэдний намтар, улс төрийн замнал, шүүхийн маргаантай холбоотой өнгөрсөн үйл явдлуудаар хэмжигдэж эхэллээ.
Үндсэн хуулийн цэц бол УИХ-ын баталсан хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр хүртэл Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянах эрхтэй байгууллага, өөрөөр хэлбэл төрийн бүх эрх мэдэл Үндсэн хуулийн хүрээнд байгаа эсэхийг шалгадаг хамгийн онцгой институцийн нэг юм.
Тиймээс Цэцийн гишүүнээр хэн томилогдох нь албан тушаалын томилгооноос давж, Үндсэн хуулийг хамгаалах эрхийг хэнд даатгах вэ гэсэн асуулт болдог аж.
УИХ-ын хэлэлцэж буй нэр дэвшигчдийн нэг нь МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд асан, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Ж.Сүхбаатар. Өдгөө тэрбээр МАН-ын дарга Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байгаа.
Түүнийг дэмжигчид олон жилийн улс төрийн туршлага, хууль тогтоох байгууллагад ажилласан намтрыг нь онцолж байгаа хэдий ч шүүмжлэгчид өөр асуулт тавьж буй. Тэр нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд заасан “Хууль зүйн өндөр мэргэшилтэй.” гэх шаардлагатай холбоотой.
Парламентын танхимд олон жил ажилласан байх нь Үндсэн хуулийн маргаан шийдвэрлэх хэмжээний хууль зүйн өндөр мэргэшлийн баталгаа мөн үү гэсэн асуултыг хуульчид, иргэдийн зарим хэсэг тавьж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Цэцэд улс төрийн идэвхтэй намтартай хүмүүс олноор очиж байгаа гэх шүүмжлэл давтагдах болсон үед уг асуудал дахин сөхөгдөж байгаа юм.
Үүн дээр “Ногоон автобус”-ны хэрэгтэй холбоотой маргаан нэмэгдэж байна. Уг хэрэг бүрэн дуусаагүй бөгөөд хэрэг гарсан үед Ж.Сүхбаатар Түгжрэлийн сайдаар ажиллаж байсан, зарим холбогдогчийн асуудал шүүхийн шатанд үргэлжилж байгаа. Хэрэгтэй холбоотой мэдүүлгүүдэд “Дээрээс өгсөн чиглэл” гэх агуулга дурдагдсан байдаг бөгөөд Улсын дээд шүүхийн тогтоолд хүртэл уг нөхцөл байдлыг цаашид мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах боломжтой талаар тэмдэглэсэн байдаг.
Ж.Сүхбаатарт холбогдох гэм буруу шүүхээр тогтоогдоогүй. Гэвч тухайн үеийн томилгоо, шийдвэр гаргалт, албан тушаалтнуудын уялдаа холбоотой асуултууд олон нийтийн дунд тайлагдаагүй хэвээр гэж үзэх хүмүүс бий.
Нөгөө талд нь прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан Г.Эрдэнэбатын нэр бий.
Түүний нэрийг тойрсон шүүмжлэл улс төрийн өнгө аяснаас илүүтэй шүүхийн шийдвэртэй холбоотой. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор ял эдэлж байсан иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэг Монголын хууль, шүүхийн түүхэн дэх хамгийн их маргаан дагуулсан хэргүүдийн нэг болсон. Энэ хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудад шүүхээс ял оноосон бөгөөд уг асуудал өнөөдөр ч олон нийтийн ой санамжид тод үлджээ.
Тиймээс хүний эрхийг хамгаалах, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байгууллагын удирдах түвшний хүн Үндсэн хуулийг хамгаалах байгууллагад нэр дэвшиж байгаа нь эсэргүүцэл дагуулж буй гол шалтгаан болж байна.
Үндсэн хуулийн цэцэд ямар хүмүүс ажиллах ёстой вэ?
Төрийн өндөр албан тушаалын томилгоо бүрийн дараа “Улс төрөөс буусан хүмүүсийн дараагийн зогсоол”, “Маргаантай намтартай албан тушаалтнуудын шинэ албан тушаал” гэх шүүмжлэл олонтаа сонсогдох болсон. Энэ удаад тэр шүүмжлэл Үндсэн хуулийн цэц рүү чиглэж байна.
Нэг хэсэг нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан туршлагатай хүмүүсийг Цэцэд ажиллуулах нь буруу биш гэж үздэг бол нөгөө хэсэг нь Үндсэн хуулийг хамгаалах байгууллагад ажиллах хүн зөвхөн мэдлэг, туршлагаар хэмжигдэхгүй, олон нийтийн эргэлзээ төрүүлэхгүй намтартай байх ёстой гэж үзэж байна.
Ялангуяа өмнө нь эрүүгийн хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэртэй байсан эсвэл олон нийтийн дунд тайлагдаагүй асуулт үлдээсэн томоохон маргаануудын төвд байсан хүмүүс Цэцийн босгоор орж ирэх бүрт байгууллагын нэр хүнд дагаж яригдах нь гарцаагүй.
Учир нь Цэцийн шийдвэрийн дараа иргэд “Үндсэн хууль ингэж заасан учраас” гэж хүлээн зөвшөөрөх ёстой болохоос “Энэ хүний улс төрийн өнгөрсөн замнал, хуучин холбоо, эсвэл маргаантай намтар нөлөөлсөн юм биш биз.” гэж эргэлзэх ёсгүй.
Хамгийн гол нь олон нийтийн дунд үүсээд буй асуулт нь Үндсэн хуулийг хамгаалах байгууллагад хамгийн өндөр шалгуур үйлчлэх ёстой юу, эсвэл улс төрийн өндөр албан тушаал хашиж явсан, шүүхийн маргаан дагуулж байсан хүмүүс ч тэр босгыг төвөггүй давах ёстой юу?
Учир нь Үндсэн хуулийн цэц Монгол Улсын хамгийн дээд хуулийг хамгаалах үүрэгтэй институц. Тиймээс тэнд очих хүмүүсийн тухай маргаан үргэлж өрнөх нь ойлгомжтой. Харин өмнө нь шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг, улс төрийн томоохон дуулиант асуудлуудтай нэр холбогдож байсан хүмүүс хүртэл Цэцийн босгоор орж ирж эхэллээ гэж олон нийт харж эхэлбэл маргаан нэр дэвшигчдийн тухай биш Цэц өөрөө ямар байгууллага болж хувирч байна вэ гэсэн асуултад хүрч мэдэх юм.
Танин мэдэхүй: Үндсэн хуулийн цэц гэж юу вэ?
Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчигдсөн эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага юм. УИХ-ын баталсан хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан үздэг.
Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор зэрэг өндөр албан тушаалтнууд Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэх эрхтэй.
Өөрөөр хэлбэл Цэц бол төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх систем юм. Тиймээс Цэцийн гишүүнээр хэн томилогдох вэ гэдэг хэн нэгний карьер биш Монгол Улсын Үндсэн хуульд хэн “манаач” болох вэ гэсэн асуудал байдаг.
М.Солонго









