
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Сэддорж, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн, С.Эрдэнэбат нарын өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Тус хуулийн төсөлд тухайн онд найман нас хүрэх малчин өрхийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн сургах, сургуульд суралцаж буй малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтээр зайн болон цахим хэлбэрээр зохион байгуулах, ингэж суралцсан хүүхдийг 3 дугаар ангиас танхимын сургалтад үргэлжлүүлэн хамруулах зэрэг зохицуулалтыг тусгажээ. Мөн энэхүү сургалтыг хэрэгжүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар төсөлд заасан байна.
Гэвч боловсрол тэгш, хүртээмжтэй байх ёстой гэсэн үндсэн зарчимтай энэ төсөл зөрчилдөж болзошгүй талаар шүүмжлэл өрнөж байна. Хот, хөдөөгийн амьдралын нөхцөлөөр ялгаварлан, төр өөрөө боловсролын хүртээмжид ялгаа бий болгож байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэх байр суурь ч бий. Сурч боловсрох эрхийг хамгаалах ёстой төрийн бодлого урт хугацаандаа тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй гэж шүүмжлэгчид үзэж байна.
Түүнчлэн уг зохицуулалт нь хот, хөдөөгийн боловсролын ялгааг нэмэгдүүлэх, хүүхдийн хичээлийн хоцрогдлыг өсгөх, нийгэмших үйл явцад сөргөөр нөлөөлөх, интернет болон багшийн хүртээмжийн асуудлыг даамжруулах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Мөн цахимаар суралцаж буй хүүхдүүд сул цагтаа хөдөлмөр эрхлэх, хурдан морь унуулах зэрэг эрсдэлтэй нөхцөлд өртөж болзошгүй талаар ч анхааруулж байна.
Хуулийн төслийг дэмжихгүй байгаа байр сууриуд:
Залуу малчин Н.Бямбаахүү:
Хөдөө гэртээ цахимаар сурсан хүүхэд гэнэт танхимын сургалтад шилжихэд шинэ орчиндоо дасан зохицоход хүндрэлтэй. Хэрэв тэднийг ‘малчны хүүхэд’, ‘хоцрогдсон хүүхэд’ гэж ялгаварлан харвал яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.
Иргэний нийгмийн идэвхтэн Д.Тунгалаг:
Боловсрол судлаачид бага насны хүүхэд, тэр дундаа 1, 2 дугаар ангийн сурагчдыг зайнаас үр дүнтэй сургах боломж хязгаарлагдмал гэж үздэг. Уншиж, бичиж дөнгөж сурч буй хүүхдийг гэрээр нь сургах нь хүндрэлтэй. Мөн багш нарыг алслагдсан бүс нутагт явуулын хэлбэрээр ажиллуулах нь цаг агаар, зам харилцааны хүндрэлээс шалтгаалан бодит байдал дээр хэрэгжихэд амаргүй. Харин дотуур байрны тогтолцоо нь малчдын болон алслагдсан бүсийн хүүхдүүдийг боловсролд хамруулах үр дүнтэй шийдэл болж ирсэн. Тиймээс дотуур байрны орчин, үйлчилгээ, асран хамгаалалтыг сайжруулах бодлого хэрэгжүүлэх нь илүү зөв гарц.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
Малчны хүүхэд’ гэсэн ангиллаар хуульчлах нь өөрөө ялгаварлан гадуурхах эрсдэлтэй. Цар тахлын үеийн цахим сургалтын үр дагаврыг бид өнөөдөр ч мэдэрч байна. Гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг хадгална гэсэн шалтгаанаар бага ангийн хүүхдийг цахимаар сургах шийдвэрийг дан ганц энэ өнцгөөс харах боломжгүй.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр:
Малчны хүүхдийг цахимаар сургана гэж хуулийг хялбаршуулж болохгүй. Бид 130 мянга орчим хүүхдийн боловсролын асуудлыг ярьж байна. Танхимаар суралцсан хүүхдүүдтэй харьцуулахад хоцрогдох эрсдэл өндөр. Ялангуяа бага насны хүүхдүүд бие даан суралцах чадвар сул байдаг. Харин алслагдсан бүс нутагт бага сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт ойр байршилтай сургалтын тогтолцоог хөгжүүлэх боломж бий.









