БНАСАУ шар тэнгисийг чиглэсэн хэд хэдэн далавчит пуужин харвасныг БНСУ-ын арми мэдэгдлээ. БНСУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооноос БНАСАУ-ын өдөөн хатгасан шинжтэй үйлдлүүдэд хяналт, мониторинг байнгын хийж байгаа гэсэн бөгөөд АНУ-тай энэ асуудлаар хамтран ажиллаж байгаа гэсэн.
Сүүлд харвасан энэ далавчит пуужингууд нь хол зайг туулсан ба газраас хөөргөсөн байх өндөр магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлж буй. Мөн уг далавчит пуужингууд нь Хвасан-31 цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай Хвасал-1 эсвэл 2 байж магадгүй гэж албаныхан таамаглаж байна. Ингэснээр Хойд Солонгос сүүлийн таван сарын хугацаанд анх удаа далавчит пуужин харвасан тохиолдол болж байна.
Хамгийн сүүлд тэд өнгөрсөн оны есдүгээр сард мөн шар тэнгисийг чиглэсэн алсын тусгалын стратегийн далавчит хоёр пуужинг туршсан юм. Түүнчлэн он гарснаас хойших анхны пуужингаа Хойд Солонгос 10 хоногийн өмнө харвасан. Энэ нь дууны хурдаас тав дахин их хурдтай хэт авианы (гиперсоник) пуужин байсан юм. Хэт авианы пуужингууд нь маневрлах чадвар өндөр, мөн чиглэлээ өөрчлөх чадвартай байдаг.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос БНСУ, АНУ, Японы хамтарсан тэнгисийн сургуулилтын хариуд усан доорх цөмийн зэвсгийн системийг туршиж үзсэн гэж мэдэгдсэн юм.
Энэ сард БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хоёр Солонгос хэзээ ч нэгдэхгүй хэмээгээд эсрэгээрээ үндсэн хуульдаа БНСУ-г “гол дайсан” гэж тодорхойлох хэрэгтэй гэсэн. Тодруулбал, ардын дээд хуралд тавьсан илтгэлдээ “БНСУ бол тус улсын хувиршгүй гол дайсан гэдгийг ард иргэддээ ойлгуулахын тулд үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай” гэдгийг тодотгосон.
БНАСАУ-ын удирдагч “Хойд Солонгос дайн хүсээгүй ч дайн болох юм бол хойш суухгүй” гэж мөн хэлснийг төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээлж байсан юм. Тэрбээр хоёр солонгосын асуудлаар “шинэ байр суурь” баримталж байгаагаа илэрхийлж, энэ асуудлаар үйл ажиллагаагаа явуулдаг бүх байгууллагыг татан буулгана гэсэн юм.
Харин БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл умардаас ирэх аливаа өдөөн хатгалгын хариуг хэд дахин нугалж өгөх болно гэж хэлээд буй.