
Universal студи Кристофер Ноланы “The Odyssey” уран сайхны киноны зураг авалтад ашигласан усан онгоцыг эздэд нь буцааж өгөхдөө завины сүүл хэсэг болон шурагт учруулсан хохирлоо барагдуулаагүй хэмээн тус завийг эзэмшигч Шведийн ашгийн бус Vikingaleden байгууллага мэдэгджээ.
Данийн Роскилле булангийн ёроолоос олдсон викингчүүдийн хөлөг онгоцыг дуурайлган хийсэн Glad av Gillberga нэртэй усан онгоцыг Universal студи “The Odyssey” кино зураг авалтад ашиглахаар авахдаа зураг авалтын явцад усан онгоцонд учирсан эвдрэл гэмтлийг засах бүх зардлыг даана гэдгээ мэдэгдсэн аж.
Тус усан онгоцыг эзэмшигч Шведийн Vikingaleden ашгийн бус байгууллагын мэдээлснээр Glad av Gillberga усан онгоц сүүлийн 30 жилд ямар ч эвдрэл гэмтэлгүйгээр Хойд тэнгис, Балтын тэнгисийг гаталж, Канадын эрэг хүртэл аялж байсан түүхтэй аж.
Vikingaleden байгууллагын зүгээс Universal студиэс зөвхөн усан онгоцыг засахад ашигласан материалын мөнгө болох 6000 ам.долларыг нэхэмжилсэн ч одоо хүртэл нэхэмжилсэн мөнгөө авч чадаагүй хэмээн мэдэгджээ.
Vikingaleden байгууллагын тэргүүн Питер Олауссон усан онгоц нь “The Odyssey” кинон дээр гарч байгаагаар бахархсан хэдий ч Universal студийн хувьд 6000 ам.доллар нь их мөнгө биш байж болох ч нутагтаа викингчүүдийн тосгон, музей зэргийг ажиллуулдаг Vikingaleden байгууллагын хувьд 6000 ам.доллар нь их хэмжээний мөнгө гэдгийг онцолжээ.
7 хоногийн өмнө нээлтээ хийсэн К.Ноланы “The Odyssey” кино нээлтээ хийсэн даруйдаа дэлхий даяар 264 сая ам.долларын орлого олсон юм.
Universal студийн зүгээс, “Glad av Gillberga усан онгоцны эзэмшигчээс нэхэмжилсэн бүх мөнгийг тэр дундаа хохирлын нөхөн төлбөрийг бид бүрэн барагдуулсан. Манай студи бий болсон үл ойлголцлыг арилгахаар Vikingaleden байгууллагатай холбогдсон.” гэжээ.







