
“Гэрт ойр сургууль” хөтөлбөрт зориулж 2026 оны төсвийн тодотголд ₮50 тэрбумыг тусгасан. Харин энэ мөнгөний задаргаанд Хан-Уул дүүрэгт байрлах гурван хувийн сургуулийн асуудал орж ирсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой ашиг сонирхлын эргэлзээг бий болгоод байна.
Учир нь дээрх гурван сургуулийн нэг болох “Их засаг кинг” сургуулийн захирал, эцсийн өмчлөгчөөр Ж.Цэцэгмаа бүртгэлтэй. Ж.Цэцэгмаа нь Ерөнхий сайд Н.Учралын ээж юм.
Тэгвэл хамгийн гол асуулт нь,
Ерөнхий сайд Н.Учрал өөрийн ээжийн өмчлөлийн сургуульд улсын төсвөөс мөнгө олгохоор төсвийн тодотголд тусгуулсан уу?
“Гэрт ойр сургууль” хөтөлбөрт нийт ₮50 тэрбумыг төсөвлөсний,
- ₮13.9 тэрбумыг 22 барилгын ажилд,
- ₮18.7 тэрбумыг тоног төхөөрөмж, ширээ сандалд,
- ₮15 тэрбумыг төрөлжсөн ахлах сургууль байгуулахад,
- ₮2.4 тэрбумыг төрийн өмчийн бус сургуулийн хувьсах зардлын зөрүүд зарцуулахаар төлөвлөсөн нь төсвийн тодотголын төсөлд тусгажээ.
Харин тоног төхөөрөмж, ширээ сандлын ₮18.7 тэрбумын хүрээнд Хан-Уул дүүргийн “Их засаг кинг”, “Шинэ санаа”, “Империал” гэсэн гурван хувийн сургуультай холбоотой ₮7 тэрбумын асуудал яригдаж эхэлсэн.
Энэ мэдээллийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир өчигдөрхөн тайлбарлахдаа,
“Их засаг кинг”, “Шинэ санаа”, “Империал” … зэрэг 5 сургууль Боловсролын яаманд хүсэлтээ өгсөн, тэдэнд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн гэсэн агуулгатай тайлбар хийв.
Гэвч удалгүй тайлбар нь өөрчлөгдөж,
“Их засаг кинг” сургууль хамтран ажиллах хүсэлт тавиагүй, харин яамны зүгээс санал тавьсан боловч тус сургууль хүлээж аваагүй гэж мэдэгдсэн нь төрийн хариуцлагатай алба хаагч худал мэдээлэл өгсөн үү? эсвэл Ерөнхий сайдын ээжийн эзэмшлийн сургуульд төсвийн мөнгө олгохоор төлөвлөсөн нь ил болж, Ерөнхий сайд Т.Ням-Очир төрийн нарийнийг дарамталсан учраас уу?
Харин “Их засаг-Кингс” сургуулийн зүгээс төрөөс санхүүжилт хүссэн гэх мэдээллийг албан ёсоор үгүйсгэж, төрөөс санхүүжилт хүсээгүй гэдгээ өнөө өглөө албан мэдэгдэл гаргасан.

Ингэхээр нэг асуудлын талаар гурван өөр мэдээлэл гарч байна.
Боловсролын яамны ТНБД эхлээд сургууль өөрөө хүсэлт гаргасан гэж хэлсэн.
Дараа нь яам өөрөө санал тавьсан гэж тайлбарласан.
Харин сургууль төрөөс санхүүжилт хүсээгүй гэж мэдэгдсэн.
Тэгвэл энэ мөнгийг яг хэнд, ямар үндэслэлээр төсөвт тусгасан бэ?
Бүр тодруулбал, “Их засаг кинг” сургуульд төсвөөс ₮3.52 тэрбумын хувьсах зардал олгохоор төлөвлөсөн гэх мэдээлэл мөн гарсан. Тус сургууль 640 сурагчтай бөгөөд нэг сурагчид ногдох хувьсах зардлыг ₮5.5 саяар тооцсон гэх мэдээлэл ч бий.


Энд ялгаж ойлгох зүйл нь Хувийн сургуулийн сурагчдад хувьсах зардлын санхүүжилт олгох асуудал нэг хэрэг. Харин хувийн сургуулийн тоног төхөөрөмжийг улсын төсвөөр шинэчлэх асуудал өөр хэрэг.
Төрийн өмчийн бус сургуульд хувьсах зардлын зөрүү олгох ₮2.4 тэрбумыг “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийн төсөвт тусгасан нь өөрөө тусдаа бодлогын асуудал. Харин хувийн сургуулийн тоног төхөөрөмжид ₮7 тэрбум зарцуулах асуудал гарч ирж байгаа нь илүү ноцтой асуудал мөн.
Учир нь “Их засаг кинг” сургуулийн эцсийн өмчлөгч нь Ерөнхий сайдын ээж.
Гэхдээ Ерөнхий сайдын ээжийн өмчлөлийн сургууль төсвийн санхүүжилттэй холбоотой төсөлд нэрлэгдсэн эсэх, энэ шийдвэрийг хэн гаргасан, ямар шалгуураар тус сургууль сонгогдсон, Н.Учрал уг шийдвэрт оролцсон эсэх нь зайлшгүй тодруулах ёстой асуудал болжээ.
Өөрөөр хэлбэл асуудлын гол зангилаа нь “мөнгө авсан уу, үгүй юу” дээр ч дуусахгүй.
Төсөвт мөнгө суулгах санал хэнийх байсан бэ? Яамны зүгээс санал болгосон уу, сургууль өөрөө хүссэн үү? Яагаад заавал эдгээр гурван хувийн сургууль сонгогдсон бэ? Ерөнхий сайд Н.Учрал уг шийдвэрийг гаргахад оролцсон уу? Ерөнхий сайдын ээжийн өмчлөлийн сургуульд төсвийн хөрөнгө чиглүүлэхээр төлөвлөсөн нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх эсэхийг хэн шалгасан бэ?
Эдгээр асуултын хариу тодорхой болох хүртэл “Ерөнхий сайд ээжийнхээ сургуульд төсвөөс мөнгө өгсөн” гэж эцэслэн хэлэх боломжгүй ч нэг зүйл тодорхой.
Ерөнхий сайдын ээжийн өмчлөлийн сургууль улсын төсвийн тодотголтой холбогдсон. Харин уг сургуулийг төсөвт хэн, ямар үндэслэлээр оруулсан талаарх тайлбарууд хоорондоо зөрж байна.
Тиймээс энэ удаагийн асуудал бол “мөнгө авсан эсэх”-ээсээ илүүтэй төсвийн мөнгөний шийдвэр гаргалт хэний ашиг сонирхолд нийцэж байна вэ гэдэг тод харагдаж байна.











Mgl d iim hereggui olon huviin surguuli ulsaar tejeelgeed.malchdiin harmaa suilaad baih heregtei uo.Ymar bolovsrol.ymar surguuli tugssen hun surguuli bauguuldag uom.Nym osor chin evleliin ajiltan bsan hun gee bizde
урдах ерөнхий сайдын хүүгийн найз охиндоо өгсөн цүнх бол үүний дэргэд бол юу ч биш байжээ шууд огцрох өргөдлөө их хуралд гаргаач ухраагч Учрал аа!!!