Замын халтиргаа, гулгаа хэрээс хэтэрч, олон нийт цахим сүлжээнд бухимдлаа илэрхийлсээр байна. Машинууд мөргөлдөж, халтирч унаад бэртсэн олон нийт, “Иргэн бүр нэг уут давс цацах аян эхлүүлэх үү” гэх мэтээр ёжилж, бухимдлаа илэрхийлж буй юм. Тэд мөн "нийслэл хотод эзэн байна уу?" гэх асуултыг эрх баригчдад тавьж байна.
Ингээд бухимдлаа илэрхийлсэн иргэдийн зарим постыг уншигч танд хүргэе.
ХАЛТИРГАА, ГУЛГАА ИХ БАЙВАЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР АЖЛАА МУУ ХИЙЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГО
Дээрх асуудалтай холбогдуулан энэ сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий менежерээр томилогдсон Ц.Төрхүү тайлбар өглөө. Инхгэхдээ замын халтиргаа гулгааг дүүргүүд хариуцах болсон талаар хэлж, давс, бодис хангалттай цацаж байгаа тул хэвийн байдалтай байгаа гэж мэлзэв.
Энэ талаар ярихдаа, “Нэгдүгээр сарын 3-ны өдөр бүх дүүргээс 500 гаруй хүн зам талбайд ажилласан. Мөн өдөртөө 80 гаруй машин техник ажиллаж байна. Өглөө бүр бодис, давс цацдаг. Нэг өдөрт гэхэд дунджаар 79 тонн давс, 146 тонн бодис цацаж байгаа. Гүнтийн даваан дээр цасыг нь хусаж бодис цацсан. Түүнчлэн гэр хорооллын замуудыг янзалсаар байгаа. Одоогоор хэвийн байдалтай байна.
Халтиргаа, гулгаа гэх мэт нийтийн асуудлыг дүүргүүд хариуцдаг боллоо. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг хэлэх нь зүй. Үүнээс хойш нийслэл бүх ачааг үүрэх биш дүүргүүд хувааж ажлуудаа авна. Дүүргийн засаг дарга нар 100 хувь хариуцаж байгаа гэсэн үг. Халтиргаа, гулгаа их байвал дүүргийн засаг дарга нар ажлаа муу хийж байна гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм.