
Hula Fashion-ын үүсгэн байгуулагч Б.Хулан: “Ковидын үед улсаас олгосон мөнгөөр анхны бараагаа татан бизнесээ эхлүүлсэн. Өнөөдөр 4 хүүхдийн ээж, бизнес эрхлэгч, бодьбилдингийн тамирчны үүргийг зэрэг амжуулж яваагаа ээж аавынхаа ач гэж боддог.”
“Гашуун Яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Hula Fashion дэлгүүрийн үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч Болинчулууны Хулан оролцож, өөрийн амьдралын түүх, бизнесийн замнал, гэр бүл болон эмэгтэйчүүдэд хандаж хэлэх зөвлөгөөгөө хуваалцлаа.
Бага нас нь яаж өнгөрсөн бэ, таныг ямар хүн болгон төлөвшүүлсэн гэж боддог вэ?
Би гурван охинтой айлын дунд охин. Бусдын адил хөдөө төрж өссөн хүүхэд. Миний аав морь уядаг уяач хүн байсан болохоор багаасаа морьтой их ойр өссөн. Хурдан морь унаж, хөдөө талд давхиж өссөн хүүхэд нас минь өнөөдрийн намайг төлөвшүүлэхэд маш их нөлөөлсөн гэж боддог.
Эмэгтэй хүүхэд хурдан морь унадаг гэхээр хүмүүс их гайхдаг. Гэхдээ тэр үеийн амьдрал надад айж эмээлгүйгээр аливаатай нүүр тулах зориг, тэвчээр, хатуужил суулгасан. Өнөөдөр бизнес эрхлэхэд тулгардаг олон сорилтыг даван туулахад тэр бага насны хүмүүжил их тус болсон.
Ээж байх, Бизнес эрхлэх, Тамирчин зэрэг олон үүргийг хэрхэн зэрэг амжуулдаг вэ?
Бодьбилдингийн тамирчин, дөрвөн хүүхдийн ээж, халамжит эхнэр, бизнес эрхлэгч гээд миний өдөр тутмын амьдрал маш завгүй өнгөрдөг. Гэхдээ би ямар ч нөхцөлд өөртөө цаг гаргахыг хичээдэг. Өдөр бүр фитнесстээ очиж, хоёр цаг орчим дасгал хийх нь надад зөвхөн биеэ хөгжүүлэхээс гадна миний хувьд бясалгал, өөртэйгөө үлдэх цаг. Дасгал хийх үедээ ажлын стресс, амьдралын ачааллаас түр холдож чаддаг.
Мөн би зорилгоо үргэлж бичиж тэмдэглэдэг. Ирээдүйд хийх зүйлсээ төлөвлөж, цаасан дээр буулгаад түүндээ хүрэхийн төлөө тууштай ажилладаг. Миний амжилтын нэг нууц бол зорилгоо тодорхой болгож, түүнийхээ араас тасралтгүй хөдөлмөрлөж байдаг гэж боддог.
Ковидын үеийг боломж болгож чадсан нь юутай холбоотой вэ?
Цар тахлын үед олон байгууллага хаалгаа барьж, бизнесүүд хүнд нөхцөлд орсон. Гэвч нөгөө талдаа хүмүүс цахим орчинд илүү идэвхтэй болж, худалдаа үйлчилгээ шинэ хэлбэрт шилжиж эхэлсэн үе байсан.
Тэр үед улсаас олгосон мөнгийг зүгээр үрэхийг хүсээгүй. Өөрийнхөө, нөхрийнхөө, дөрвөн хүүхдийнхээ мөнгийг нэгтгээд анхны хөрөнгөө бүрдүүлсэн. Ингээд онлайн дэлгүүрээ нээж, хамгийн эхний бараагаа татаж авч байлаа.
Тухайн үед энэ шийдвэр маань эрсдэлтэй мэт санагдаж байсан ч өнөөдөр эргээд харахад амьдралынхаа хамгийн зөв алхмуудын нэг байсан гэж боддог. Хүмүүс боломжгүй мэт харагдах үед ч боломж үргэлж байдаг гэдгийг тэр үе надад ойлгуулсан.
Санхүүгийн бэрхшээлтэй хэрхэн нүүр тулсан бэ?
Бизнес эрхэлж байгаа хүн бүрт санхүүгийн асуудал тулгардаг байх. Миний хувьд ч ялгаагүй байсан. Анх бизнесээ өргөжүүлэхээр банкнаас зээл авах гэсэн ч амар байгаагүй. Фэйсбүүк хуудасны хандалт, ажилласан туршлага, орлогын баримт, дансны хуулга гээд маш олон шалгуур тавигдаж, хэд хэдэн удаа татгалзсан хариу авч байсан үе бий.
Харин нэг өдөр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих санхүүжилтийн тухай мэдээлэл олж хараад хамрагдсан. Тэр боломж миний бизнест маш том дэмжлэг болсон. Бараа таталт хийх, гэнэтийн зардал гарах үед бусдаас мөнгө зээлэхгүйгээр асуудлаа шийдэж, төлөвлөгөөний дагуу эргэн төлөлтөө хийх боломж бүрдсэн. Бизнес эрхлэхэд мөнгө төдийгүй зөв цагт ирсэн санхүүгийн дэмжлэг ямар үнэ цэнтэй байдгийг би өөрийн биеэр мэдэрсэн.
Бизнесийг дэмжих төрийн дэмжлэг бодит амьдрал дээр хэр байгаа оносон бодлого байж чаддаг вэ?
Телевиз, сонин хэвлэлээр эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар олон сайхан мэдээлэл гардаг. Гэвч бодит амьдрал дээр тэр боломжууд хүн бүрт тэгш хүрдэггүй юм шиг санагддаг.Зарим тохиолдолд дэмжлэг авах хүмүүс нь аль хэдийн холбоо хамааралтай, мэдээлэлд ойр байдаг хүмүүс байх нь бий.
Тиймээс бодлого, бодит хэрэгжилтийн хооронд тодорхой хэмжээний зөрүү байгаа мэт харагддаг. Үнэхээр хөдөлмөрлөж байгаа жижиг бизнес эрхлэгчдэд илүү хүртээмжтэй, ил тод дэмжлэг хэрэгтэй гэж боддог.
Ээжүүдэд хандаж хэлэх үг, урам зориг өгөх туршлагаасаа хуваалцаач
Олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа ээжүүддээ нэг зүйлийг онцолж хэлмээр байдаг. Хүүхэд, гэр бүлдээ бүхнээ зориулж байгаа нь сайхан ч өөрийгөө орхиж болохгүй.
Гурав, дөрвөн хүүхэдтэй болчихлоо гээд өөрийн хүсэл мөрөөдөл, эрүүл мэнд, гоо сайхан, хөгжлөө хойш тавих хэрэггүй. Өөртөө цаг гаргаж амарч байгаарай. Эрүүл хооллож, тогтмол хөдөлгөөн хийж, өөрийгөө хайрлаж сураарай.
Аз жаргалтай, эрүүл, өөртөө итгэлтэй ээж байж чадвал гэр бүл тань ч мөн аз жаргалтай байдаг. Эмэгтэй хүн өөрийгөө хамгийн сүүлд биш, бас хамгийн түрүүнд ч биш, харин үргэлж анхаарч явах хэрэгтэй гэж боддог.









