
Элсэлтийн ерөнхий шалгалт ойртож буй энэ үед төгсөх ангийн сурагчдын дунд айдас, түгшүүр, стресс нэмэгдэх хандлагатай байдаг. Зарим нь өөрийн үнэ цэнийг шалгалтын дүнтэй холбож ойлгон, сэтгэлзүйн дарамтад орох нь бий. Тэгвэл энэ үеийн сэтгэлзүйн онцлог, шалгалтын дарамтыг хэрхэн зөв даван туулах талаар Урлагийн сэтгэл заслын үндэсний төвийн сэтгэл зүйч Б.Нарантулгатай “Элсэлтийн ерөнхий шалгалтын үеийн сэтгэлзүйн түгшүүр” сэдвээр ярилцлаа.
Өсвөр нас гэдэг нь бага насны хүүхдээс насанд хүрсэн хүн болох шилжилтийн үе гэж мэргэжилтнүүд үздэг. Энэ үед өмнө нь “Аав, ээж, би” гэсэн ойлголт давамгайлж байсан бол “Би гэж хэн бэ, ирээдүйд юу хийж бүтээх вэ?” гэсэн асуултууд илүү тод гарч ирдэг. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүдийн дотоод ертөнцөд олон төрлийн сэтгэлзүйн өөрчлөлт, түгшүүр явагддаг байна.
Ялангуяа “Миний төсөөлж буй дүр юу вэ, би түүндээ хүрч чадах уу?” гэсэн эргэлзээ өсвөр насанд хүчтэй илэрдэг. Үүнтэй уялдан эцэг эхчүүд болон хүүхдүүдийн сэтгэлзүйн төвд ханддаг хамгийн түгээмэл асуудлын нэг нь мэргэжил сонголт байдаг аж.
Эцэг эхчүүд хүүхдэдээ өөрсдийн үзэл бодол, амьдралын туршлага дээр тулгуурлан мэргэжил зөвлөдөг. “Зураач сайхан мэргэжил”, “Хуульч ирээдүйтэй”, “Манай хамаатанд эмч байхгүй, миний хүүхэд эмч бол.” гэх мэтээр зарим тохиолдолд өөрсдийн биелүүлж чадаагүй мөрөөдлөө хүүхдээрээ биелүүлэхийг хүсэх нь ч бий. Ингэснээр хүүхэд өөрөө нухацтай бодож амжаагүй байхдаа тухайн мэргэжлийг сонгох, улмаар тодорхой хугацааны дараа эргэлзэх, сургуулиа орхих хүртэл эрсдэл үүсдэг.
Үүнтэй холбоотойгоор сэтгэл зүйч Б.Нарантулга “Бусдын зөвлөгөөг мэдээж авч болно. Гэхдээ өөрийгөө ирээдүйд тавьж бодох хэрэгтэй. Жишээлбэл, би эмч мэргэжлийг сонголоо гэж бодоход долоо хоногийн 40 цаг яг энэ ажлыг хийвэл надад ямар байх вэ гэдгийг маш сайн төсөөлж, судалж байж шийдвэр гаргах нь чухал.” хэмээн зөвлөсөн юм. Харин хэн нэгний ятгалга, үзэл бодолд тулгуурлан гаргасан шийдвэр хоёр, гурван жилийн дараа “энэ биш юм байна” гэсэн эргэлзээг бий болгодог байна.
Мөн зарим тохиолдолд залуус нэг жил өнжих сонголт хийдэг. Үүнийг насанд хүрэгчид “Нэг жил алдчихлаа” гэж харахаас илүүтэй тухайн хүн өөрийгөө хайж, чиглэлээ тодорхойлох хугацаа гэж ойлгох хэрэгтэйг тэрбээр онцолж байлаа. Гэхдээ энэ нь хүн бүр заавал жилийн чөлөө авах ёстой гэсэн үг биш, харин үнэхээр мэргэжлээ тодорхойлоогүй бол яаран шийдвэр гаргахгүй, өөртэйгөө ярилцах хугацаа гаргах нь зөв юм.
Өсвөр насныхны хувьд өөрийн хүсэл, эцэг эхийн хүлээлт хоёр зөрөх нь элбэг. Энэ зөрүү нь дарамт болж, ялангуяа элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр илүү мэдрэгддэг. Иймээс эцэг эхчүүд шалгалт, дүн шаардах замаар дарамт үүсгэх бус дэмжиж, ойлгож хамтран ажиллахыг сэтгэл зүйч зөвлөж байна.
Хүүхэд шалгалтдаа бэлдэж байхдаа аль хэдийн түгшиж байдаг. Үүн дээр “Ээж, аав намайг загнах болов уу” гэсэн айдас нэмэгдэхэд стресс улам ихэсдэг. Айдас, түгшүүр, стресс нэмэгдэх тусам асуудлыг бодитоор харах чадвар буурч, өмнө үзсэн хичээлээ ч санахгүй болох тохиолдол бий.
Тиймээс шалгалтын өмнөх үед “Миний үнэ цэн энэ шалгалтын дүнгээр хэмжигдэхгүй.” гэдгийг ухамсарлах явдал юм. Элсэлтийн ерөнхий шалгалт нь амьдралыг бүхэлд нь шийдэх эцсийн зүйл биш харин боломж гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв энэ удаад бүтэлгүйтвэл дараа жил өгөх, өөр боломжуудыг эрэлхийлэх гарц үргэлж байдаг.
Мөн хүүхдүүдийн гаргадаг түгээмэл алдаа нь өөрийгөө бусадтай харьцуулах явдал. “Манай ангийн тэр ийм дүн авсан” гэж бодохын оронд “Би өмнө нь ямар байсан, одоо хэр ахисан бэ?” гэж өөрийгөө өөртэйгөө харьцуулах нь сэтгэлзүйн дарамтыг бууруулахад илүү үр дүнтэй.
Харин стрессээ тайлах энгийн аргын тухайд А4 хэмжээтэй цаасыг хав хар болтол сараачих нь урлагаар өөрийгөө илэрхийлж, тайвшрах энгийн үр дүнтэй арга хэмээн сэтгэл зүйч Б.Нарантулга зөвлөсөн юм.
Өсвөр нас бол төгс шийдвэр гаргах үе биш харин өөрийгөө таньж, алдаж, суралцах үе. Харин элсэлтийн ерөнхий шалгалт бол амьдралын эцсийн зогсоол биш боломжийн нэг шат юм.
Видео үзэх холбоос:








