
“Явган хүний замаар тэргэнцэртэйгээ явах ямар ч боломж байхгүй. Энхэл донхол ихтэй, ихэнх нь хөдөлгөөн орчихсон эсвээс замын голд шон дүүрэн. Зүгээр урсаад явахын тулд машин замаар машинтай холилдоод явахаас өөр сонголт бидэнд байдаггүй. Араас ирээд арай ч мөргөчихгүй байлгүй дээ гэж найдаад л, бурхандаа залбираад явдаг даа” хэмээн ярих энэ эмэгтэйг Б.Отгонтуяа гэдэг. Тэрбээр 25 жил орчмын өмнө осолд орж, тэргэнцэр дээр суужээ. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ ээлгүй хотын талаар ярилцлаа.
–Улаанбаатарт зам шинэчлэлийн ажил жил бүр хийдэг. Гэхдээ тэр шинэчлэл нь яг шинэчлэл байж чаддаггүй бололтой. Яг ямар алдаа гаргаад байна вэ?
–Охин маань тавдугаар ангийн сурагч. Хүүхэд учир “Ээжээ хоёулаа талбай оръё” гэнэ. Машингүй талбай руу ирнэ гэдэг бид хоёрын хувьд экстрим аялал гэсэн үг. Талбайн хажуу талын энэ зам Улаанбаатарын хамгийн аятайхан зам. Гэхдээ хагарч, энхэл, донхол болсон ийм замаар байнга явахаар биед их доргилт ирнэ. Муу тэргэнцэртэй хүн бол шууд л унана. Урд талын дугуй нүх рүү орчихсон тохиолдолд бас л тэргэнцрээсээ унах эрсдэлтэй.
Явган хүний гарц нь өгсүүр, овгор учир тэргэнцэртэй бид чинь ганцаараа гарах боломжгүй. Заавал хүний тусламж авна. Миний хувьд хүн туслахгүй бол машин замын эргэлтийг дагаад явдаг. Хурдтай эргэж байгаа машин намайг харахгүй дайрчих эрсдэлтэй.
Уг нь бол замыг шинэчилнэ гэдэг хавтангуудыг нь солихоос гадна зам хооронд налуу огтлолцол хийх, эвдрэл гэмтлийг засах, дунд нь тавьсан элдэв зүйлүүдийг авах гэх мэт стандартын дагуу болгохыг хэлнэ биз дээ. Зүгээр л нэг хавтанг өөр хавтангаар сольж, шаваад өрөхийг зам шинэчлэл гэхгүй л дээ.
Бас цахилгаан дугуй, скүүтерыг явган хүний зам дээр байнга тавьчих юм. “Энийг холдуулаад өгөөч”, “Намайг энүүгээр давуулаад өгөөч” гээд минут тутамд хүмүүсээс гуйх хэрэг гарч байна.
-Танай гэрийн ойр орчим, ганцаараа гараад дэлгүүр хоршоо орох, тэргэнцэртэйгээ явахад зам харгуй нь хэр вэ?
-Манайх хотын төвдөө Натур орчимд байдаг. Үнэхээр хүртээмжгүй. Машинаа унаад гарсан тохиолдолд л би том супер маркет орж, хүнсээ цуглуулдаг. Өөр арга байхгүй. Би хажуу талынхаа дэлгүүр рүү орж ч үзээгүй.
-Эмийн сангийн тухайд?
-Том супер маркет орсон өдрөө л эмийн сан ордог. Түүнээс бусдаар сонголтоо хийж чаддаггүй ээ. Хүн явуулж л авхуулдаг.
Автобусанд бол сууж явж үзээгүй. Автобусанд суугаад ажил амжуулна гэвэл бараг үлгэр биз. Хажуугийнхаа дэлгүүр орж чадахгүй хүртээмжгүй байгаа юм чинь яаж би тэр автобусны буудал хүрэх билээ дээ.
Тэргэнцэртэй, таягтай, тулгарах эрхтний бэрхшээлтэй иргэн хэдэн мянгаараа л тоологдоно. Энэ хүмүүс яагаад үзэгдэхгүй байгаа вэ гэхээр хот өөрөө ийм эрсдэлтэй, ийм хүртээмжгүй байгаа болохоор гэрээсээ гарах хүсэлгүй, урам зориггүй байгаа юм.
-Явган хүний замаар явахаас өөрөөр ямар бэрхшээлтэй та өдөр тутамдаа тулгардаг вэ?

-Энэ хажууханд харагдаж байгаа Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр руу орж дуурь, балет үзэх дуртай. Мөн Соёлын төв өргөө орж тоглолтууд их үздэг л дээ. Гадна талд нь налуу зам байгаа биз. Энийг бид шаардаж байж хийлгэсэн байхгүй юу. Гэхдээ УДБЭТ руу оронгуут хаалга нь нээгдэхгүй, өндөр босготой. Би уг нь ороод хүссэн юмаа үзмээр байгаа байхгүй юу. Даанч тухтай юм үзчих боломж байхгүй. Энэ хүнийг яах уу гэцгээгээд л… Би уг нь мөнгө төлөөд юм үзэх гээд явж байгаа хүн шүү дээ. Гэтэл нэг гэмт хэрэгтэн ч орчихсон юм шиг их тухгүй мэдрэмж өгдөг. Намайг суулгахын тулд хэн нэгнийг босгоод, “Та ийшээ суучих, ийм хүн ирчихлээ” гээд л. Тэр хүмүүст ч асуудал үүсгээд, ингэн барин би хааяа нэг тоглолт үздэг. Үзвэр үйлчилгээний газрууд тэргэнцэртэй иргэдийн юм үзэх хэсэгтэй болох хэрэгтэй. Яагаад ийм соёлыг соёлын газрууд нь өөрсдөө хийчхэж болдоггүй юм. Соёлын яам нь яагаад үүнийг бодчихож болдоггүй юм бол…
Ингээд яриад байвал зөндөө л юм байна. Гэхдээ эхлээд замаасаа л эхэлмээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг маш их зөрчиж байна шүү дээ. Хүний ёсноос гадуур байлгаад байна шүү дээ. Хүн гэж авч хэлэлцэхгүй. Юм хийхдээ биднийг хүн гэж тооцохгүй байна шүү дээ. Энэ байдлыг л өөрчилмөөр байна аа. Бид нар ийм хотын даргыг хүсэж байна.








