
Б.Отгонболд: Спортын амжилт бол бүх зүйлийн цогц нийлбэр
Хөдөлмөр хүнийг бүтээдэг. Тэгвэл хүн хөдөлмөрлөж гэмээнэ өөрийн амьдралаа бүтээж, түүх, дурсамжаа бичдэг. Харин хэрхэн амжилттай, ялалттай амьдралаа зурах эсэх нь хувь хүнээс л шалтгаална. Амжилт, ялалт, өөрийн байр суурь, бүтээсэн карьер ганцхан өдрийнх, магад ганц жилийнх ч биш. Асар олон өдөр, сар, цаг хугацааг зарцуулан байж, өнөөдөрт хүрнэ. Ийм л хатуу бөгөөд шударга зарчмаар спортын замнал явагддаг.
Гагцхүү спортын замыг сонгосон л бол үл шантралгүй өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө тууштай зүтгэхийг өөрөөрөө үлгэрлэж яваа олон залуус бий. Тийм л залуусын тод томруун төлөөлөл Байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Ази тивийн аварга, ОУХМ Баатархуягийн Отгонболдыг “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ шинэ дугаарт хүндэтгэн урилаа.

Б.Отгонболд анхлан өсвөрийн тэмцээнд амжилттай оролцож хоёр хүрэл медаль хүртсэн нь байт харвааны спортод гүн дурлуулжээ. Ингээд 2009 оноос түүний спортын замнал эхэлжээ.


-Сайн байна уу? Юуны өмнө нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсанд нь талархлаа. Бэлтгэл сургуулилт нь ямар байна вэ?
-Сайн байна уу. Байт харвааны шигшээ багийн тамирчид 5 сарын 05-10-ны хооронд Шанхай хотод дэлхийн цомын 2 дахь цуврал тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Энэ оны хамгийн том тэмцээн 9 сарын сүүлээр Япон улсад зохиогдох Азийн наадам бий. Тус наадмаас “Лос Анжелес-2028” зуны олимпын эрх олгогдож эхэлнэ. Тииймээс бид бүхэн баг хамт олноороо бэлтгэл сургуулилтаа чамбайруулаад байж байна.
50метрийн стандартын заалтай болсноор бидний амжилт ахиж байна
-Танай хамт олон саяхан Олон улсын стандартад нийцсэн 50метрийн бэлтгэлийн заалтай болжээ?
-Тийм. Бид маш баяртай байгаа. И мартын В1 давхарт байрлах 50 метрийн бэлтгэлийн энэ заал маань өнгөрсөн 2 сард ашиглалтад орсон. Энэхүү заалыг барихад тусалсан Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгч Х.Отгонтуяа даргадаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ийм заалтай болсноороо бид нар 70 метрт харваж байгаатай дүйцэхүйц хэмжээний мэдрэмжээр 50 метрт зөвхөн техникийн бэлтгэлээ хийж, өндөр оноо онох боломжтой болсон. Тэгээд үүгээрээ ч давуу тал болсон юм уу? Сая 3 сард Тайланд улсад зохиогдсон Азийн цомын тэмцээнд ганцаарчилсан болон багийн төрөлд амжилттай оролцоод хос алтан медалийг хүртээд ирсэн байгаа. Үүнийг бид нарын амжилт 2-3 шатаар шууд ахиж байна гэж дүгнээд тун баяртай байгаа. Яагаад гэхээр манай монголын хувьд чинь том заал байхгүй, улирлын шинж чанартай болохоор заал нь 18 метрээс л бэлтгэл хийдэг байлаа. Гэтэл манай тэмцээнүүд маань яг л өвлийн улиралд болж эхэлж байдаг.
18-аас харваж байгаад 70 метрт очихоор зайны зөрүү, урд гар тогтоол, мэдрэмж гээд л бүх зүйл шал өөр болчхоод байдаг юм. Сая Б.Оюун-Эрдэнэ тамирчинтайгаа хамт холимог багаар алтан медаль хүртсэн нь энэ зааланд бэлтгэл хийсний гол түлхэц болж өгсөн.


Шигшээ багийн тамирчид 5 сарын эхээр Дэлхийн цомд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байгаа
-Байт харвааны шигшээ багт хэдэн тамирчны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Одоо яг шигшээ баг дээр 8 тамирчин нэг дасгалжуулагч буюу 9 хүний орон тоотой бэлтгэл сургуулилтаа хийж байна. Дасгалжуулагчаар Нарантуяа багш маань ажиллаж байгаа.
-Б.Отгонболдын хувьд байд харвааны спорттой хэзээнээс холбогдчихов?
-Миний хувьд хамгийн анх 2009 онд энэхүү спортоор хичээллэж эхэлсэн. 17 дахь жилдээ хичээллэж байна. Манай “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ганзориг, Цэрэнмядаг, Гомбо багш нар маань ойролцоох сургуулиуд дээр элсэлт авч явж таараад, тэгээд манай ангид орж ирээд ийм спорт байна, сонирхож байгаа хүүхдүүд байвал бүртгүүлээрэй гэж байлаа. Би бүр хамгийн сүүлд бүртгүүлж байсан юм. Тэгээд за нэг сонирхоод үзье дээ гэж бодоод л бүртгүүлээд 2 сарын 1-нд хамгийн эхний бэлтгэл эхэлж байсан.
Би яг л энэ спортоор явах ёстой юм шиг яг л энэ спорт одоо миний амьдралд байх ёстой байсан зүйл гэж би хувьдаа боддог. Эргэлт буцалтгүй орчхоод, энэ спортдоо дурлачихсан, мэргэжлийн түвшинд ҮШБ-ийн тамирчин болоод явж байна. Хувь тохиол л болов уу гэж хувьдаа боддог доо.


Б.Отгонболд: Аав минь надад “Миний хүү хичээгээрэй, чи чаднаа” гэж хэлдэг үг улам зоригжуулдаг
-Аав, ээжийгээ танилцуулна уу?
-Миний ард манай гэр бүл, үргэлж намайг дэмждэг хүмүүс байгаа болохоор би өдий хүртэл шантрахгүй ингэж явсан байх гэж боддог. Гэр бүлийнхэндээ маш их баярлаж явдаг. Одоо миний ээж Энхжаргал гэж хүн бий. Өдөр бүр халуун хоол цайг минь бэлтгэж өгсөөр ирсэн. Аав маань намайг дагаж явсаар одоо байт харвааны спортын Монгол Улсын шүүгч болчихсон.
Би хоёр ахтай, айлын бага хүү. Ах нар маань надад бэлэглэсэн 2 нумаар тэмцээн уралдаандаа амжилттай оролцож, цаашлаад “Токио-2020” олимпын наадмын эрхээ хүртэл тэр нумаар авч байлаа. Үндэсний шигшээ багтаа элсэн орж, бүр ОУХМ цолоо хүртэл авсан даа. Үнэхээр намайг өдий хүртэл түшиж тулсаар ирсэн тэд нарынхаа ачаар би сайн яваа. Та нартаа баярлалаа, хайртай шүү гэж хэлье.
-Аав нь тэмцээний өмнө хэлж урамшуулдаг, хүч өгдөг тэр үгс?
-Аав надад тэмцээний өмнө нэг л үг хэлдэг. Миний хүү хичээгээрэй, чи чаднаа гэдэг.
-Байт харвааны спортын хамгийн гоё нандин мэдрэмж нь юу вэ?
-Тэр байны голын шар 10 оноог хараалсан сум маань онох тэр мэдрэмж л намайг энэ спорт руу гүн оруулсан байх. Байт харваа бол миний амьдралын бүх зүйл гэж хэлмээр байна. Аз жаргалыг мэдэрч чаддаг, тэгээд кайфыг мэдэрдэг. Уналт босолт бүх зүйлийг энэ спортоос мэдэрдэг дээ.


-Спорт таны амьдралд ямар эерэг өнгийг өгөв?
-Спорт намайг бас хүмүүжүүлсэн гэж боддог болохоор энэ байт харвааны спортоор 17 жил хичээллэж байгаа болов уу. Миний тамирчны карьер дууслаа гэхэд дасгалжуулагч болно гэсэн бодолтойгоор 2022 онд ҮБТДС-ийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байгаа. Спорт намайг ер нь бол маш сайн хүмүүжүүлсэн. Би чинь ер нь бол хичээл сургуульдаа их сайн хүүхэд байлаа.
-Тамирчдад ер нь л цаг зав хомс. Бэлтгэлээс тэмцээний хооронд завгүй байдаг. Гэхдээ чөлөөт цаг гарвал өөртөө хэрхэн зарцуулдаг вэ?
-Өнгөрсөн жилээс эхлээд ер нь өөртөө жаахан цаг зав гаргадаг болсон. Жишээлбэл цанаар гулгах, өөрийнхөө хоббиг хөгжүүлээд зураг зурах гэх мэтчилэн өөрийгөө хөгжүүлэх тал дээр ажиллаж байгаа. Би англи хэлээр маш сайн ойлгодог хэрнээ ярихдаа жаахан хүндрэлтэй, хэцүү байгаад байдаг. Тэгээд яг өөрөө үүн дээр зорилго тавиад хувиараа суралцаж байгаа.


Тамирчид бэлтгэлийнхээ үеэр өдөрт доод тал нь 20км зайд алхдаг
-Байт харвааны тамирчдын бэлтгэлийн онцлог маш шахуу, чанга харагддаг. Өдөрт тавьсан сумаа очиж авах, буцаж зогсоолдоо ирэх хооронд л нэлээн олон км зайд алхдаг байх?
-Нэлээн чанга шүү. Бид нар чинь яг л ажлын 8 цаг шиг бэлтгэл сургуулилтаа хийдэг. Яг нэг нум татахад 20кг орчим эрчүүдийнх бол хамгийн багадаа тийм байдаг. За тэгээд өдөрт 300 сум харвалаа гэхэд 6 тонн ачааллыг бид нар авч байдаг. Тэгээд энэ спортоор хичээллэж тэмцээн уралдаанд орж байхдаа сандарч огт болохгүй. Өөрийгөө маш тайван байлгах ёстой, зүрхний хэмнэл нэмэгдээд л ирвэл урд, ардаас салганалт, чичгэнэлт үүснэ. Мөн биеийн хүчний бэлтгэл дутуу тохиолдолд урд гар дээр савлагаа үүснэ. Маш олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг. Одоо 2-3 хоногийн бэлтгэл алдлаа гэхэд л урд гар дээр чичигнээд салганаа үүсэж байдаг, мэдрэмж алдагдаж байдаг гээд ер нь бол энэ бэлтгэл сургуулилалтыг бол тасалж ерөөсөө болдоггүй. Одоо байнга л бэлтгэлтэй байх, өдөр бүр ирээд ганц цаг ч болов, 30 минут ч болтугай өдөрт ирээд харваж байх шаардлагатай байдаг. Тэгэж байж өндөр түвшнээ хадгалаад, дэлхийд өндөр түвшинд харвалт бүх зүйлээ мэдэрч байх ёстой байдаг. Нөгөө харвасан сумаа очиж авах гээд л тоон статистик байдаг. Одоо очихдоо 70метр газар, алхаж очиж ирэхдээ 70метр. Тэгээд дунджаар 150 метр. Бид нар нэг өдөрт гэхэд л 40 удаа нааш, цаашаа явчихна.
Нэг зогсоолоос 6-12 сум харвадаг. Ингээл харвачхаад л сумаа очиж аваад л 40 зогсоол, хамгийн багадаа гэж бодоход л 6км алхана. Нэг удаа бэлтгэлийн үеэрээ яг хэдэн км алхаж байна вэ гээд тооцоолоод үзтэл 20км алхсан байналээ. Хөлийн ул маш их өвддөг.


Тэмцээний яг өмнө анх эхэлсэн тэр цэгээ маш сайн санаж, өөртөө хэзээ ч битгий бууж өг гэж хэлдэг
-Яг өрсөлдөөний талбарт орохоор зогсож байхдаа өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
-Ер нь бол спорт бүх зүйл нийлж байж цогц болохын хэрээр амжилт үзүүлнэ. Яг нэг эвгүй болоод сэтгэл санаа тиймхэн байх үедээ өөртөө хэлдэг нэг үг бий. “Хэрвээ чи одоо буугаад өгвөл анх эхэлсэн газартаа буцаад л очно. Гэхдээ чи энэ зэрэгт хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэж байсан. Тийм болохоор хэзээ ч битгий бууж өг” гэдэг үгийг хэлнэ.
Заримдаа үнэхээр бууж өгмөөр санагддаг байхгүй юу. Тэгээд л би анх яах гэж үүнийг эхэлсэн юм. Энэ спортоор хичээллэж эхэлсэн юм чинь ямар зорилготой юм гэдгээ заавал санах шаардлагатай үеүд байдаг. Тэгээд л яг тэмцээний талбай дээр очоод заримдаа сум маань цэнхэр рүү оноод, 7 юмуу 6 оноо авчих үед маш их стресс орж ирнэ шүү дээ. Нэг жаахан дүрс хийгээд ингээд л мэдрэмжүүд орж ирнэ. Амьсгал дээрээ анхаараад л, гүнзгий амьсгаа аваад л, тэгээд өөрийгөө богино хугацаанд тайвшруулж байх ёстой. Тэгэхгүй бол яг ингэчихсэн үедээ буцаад л яг тэр чиглэлтэйгээ, тийшээ орчих юм бол зүрхний хэмнэл чинь нэмэгдчихнэ. Бэлтгэл хэр сайн байна, тэр хүн өөртөө маш их итгэлтэй байна. Өөртөө итгэлтэй хүн хэнээс ч айхгүй эмээхгүйгээр өрсөлдөнө гэсэн үг.


Б.Отгонболд: Хилийн дээс алхсан ч, Монголдоо байгаа ч бид Үндэсний шигшээ багт “шигшигдэж” орж ирсэн учраас зөв үлгэрлэлтэй,
хариуцлагаа ухамсарлах ёстой
-Хилийн дээс алхаад л Монгол Улсын нэрийг дуурсгана. Бүтэн улс төлөөлдөг учраас тамирчдад хариуцлага бүтэн ирдэг?
-Тийм. Монгол Улсаа таниулан сурталчлахын төлөө явдаг учраас хилийн дээс алхаад л Монгол хүн шүү дээ. Нэн тэргүүнд биеэ зөв авч явах ёстой.
Тэнд Монгол гэж харна уу гэхээс биш хувь хүн гэдэг талаас нь ерөөсөө харахгүй шүү дээ. Тамирчидтай хэрхэн ёс зүйтэй харьцах вэ, шүүгч нартай хэрхэн харьцах вэ баг хамт олонтойгоо хэрхэн харьцаж байна гэдэг бүх зүйлийг ер нь бол ухамсарлаж байх чухал. Яагаад гэхээр бид нар чинь одоо клубын тамирчин бус Монгол Улсын ҮШБ-ийн тамирчин гэдгээрээ 1 дүгээрт бахархаж байх ёстой. Тэгээд хилийн дээс алхлаа. Чи Отгонболд биш Монгол Улсын шигшээ багийн тамирчин тийм болохоороо өөрөө тэр хариуцлагыг маш сайн мэдэрч байх хэрэгтэй. Тамирчидтай эелдэг зөөлөн харьцаж байх, ер нь гадаад гэлтгүй Монголдоо ч гэсэн тийм байх хэрэгтэй л гэж боддог доо. Яагаад гэхээр ҮШБ-ийн тамирчид шигшигдэж орж ирсэн хүн гэдгээрээ хариуцлагаа өөрсдөө сайн ухамсарлаж байх ёстой.


-Спортоор дөнгөж хичээллэж эхэлж буй хүүхэд, залууст хандаж юу гэж хэлэх вэ?
-Амархан даваа гэж байхгүй. Спортоор хичээллэхийг хүсэж байгаа хүүхэд залуучуудыгаа битгий шантраарай гэж хэлмээр байна. Ер нь зарим хүмүүс ихэвчлэн маш богино хугацаанд амжилт үзүүлж, том амжилт гаргана гэж үзээд байдаг байхгүй юу. Ганц жил хичээллээд л шууд олимпын аварга болчих юм шиг боддог байхгүй юу. Цаг хугацаа маш их орохын хувьд бол орно, тэгэхдээ битгий шантраарай л гэж хэлье дээ.
Ярилцсанд баярлалаа.
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:
Спортын сэтгүүлч А.Алтанчимэг
Зураглаач О.Батболд, Д.Гэлэгжамц








