
Австрийн цагдаагийн газар Швейцарын HiPP компанийн үйлдвэрлэн борлуулдаг бага насны хүүхдүүдэд зориулсан хүүхдийн ногооны нухаш дотроос хархны хор илрүүлжээ. Хууль сахиулагчид гэмт этгээдүүд үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг задалж, дотор нь санаатайгаар хархны хор хийсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.
Австрийн Бургенланд мужид оршин суудаг эмэгтэй Spar сүлжээ супермаркетаас худалдан авсан хүүхдийн ногооны нухшийг өмнө нь хүн задалчихсан байж болзошгүйг талаар мэдүүлж, цагдаагийн газарт ханджээ. Шалгалтаар хууль сахиулагчид тухайн эмэгтэйн худалдан авсан нухшинд хархны хор хийж хольсон байсныг илрүүлжээ.
Цагдаа нар дотор нь хархны хор хийж хольсон багадаа нэг шил хүүхдийн нухаш дэлгүүрүүдийн лангуун дээр байгаа гэж үзэж байгаа ба иргэдэд тухайн нухашны таглааны битүүмжлэл алдагдсан, савлагаа боодол нь бүрэн бүтэн байгаа эсэх, бүтээгдэхүүнээс муудсан эсвэл өвөрмөц үнэр үнэртэж байгаа эсэх мөн шилний ёроолд цагаан дээр дугуй улаан дүрстэй наалт наасан байгаа эсэхийг шалгаж авахыг зөвлөжээ. Түүнчлэн уг нухшийг худалдан авсан иргэд нухшаа буцааж болох аж.
Уг хэрэг явдалтай холбоотойгоор Австрийн цагдаагийн газарт ХБНГУ-ын мөрдөгчдөөс мөн анхааруулга ирж, Чех болон Словакт задалчихсан шилтэй нухашнууд илэрсэн тохиолдлууд бүртгэгджээ.
Өнгөрсөн бямба гарагт HiPP компани Австрийн Spar сүлжээ супермаркетуудад нийлүүлсэн нухашнуудаа бүгдийг нь татан авчээ. Ингэхдээ үйлдвэрээс гарахдаа бүтээгдэхүүнүүд нь бүрэн бүтэн, тагууд нь битүүмжлэлтэй байсныг онцолж, тэдгээр бүтээгдэхүүнүүдээ татан авч байгаа нь бүтээгдэхүүний чанартай огт холбоогүй, харин хууль сахиулагчдын шалгаж буй гэмт үйлдэлтэй холбоотой гэжээ.
Spar супермаркетууд HiPP брэндийн хүүхдийн нухашнаас гадна тус брэндийг найруулдаг каш, хоолнуудыг мөн лангуунаасаа буулгажээ.
Түүнчлэн Чех, Словакийн дэлгүүрүүд ч мөн HiPP-н нухашнуудыг борлуулахаа зогсоосон байна.
Өнгөрсөн 1 ба 2-р сард Nestle болон Danone компаниудын хүүхдийн найруулдаг хуурай сүүнээс церулид хэмээх хортой бодис илэрсэнтэй холбоотойгоор дээрх хоёр компани 60 гаруй оронд нийлүүлсэн хуурай сүүнүүдээ татан авахад хүрсэн билээ.








