
ХҮН намын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээллээ. Тэрээр, “Хамтарсан Засгийн газар гэрээнийхээ дагуу маш сайн ажилласан. АН маш сайн ажилласан. Л.Гантөмөр дарга бүх галыг өөр дээрээ авч сайн ажилласан. Бид нийгмээрээ шүүмжлүүлсэн ч, эрчим хүчний реформоо амжилттай хийж чадсан. Үр дүнд нь хөрөнгө оруулалт нэмэгдэж, 2028-2030 он гэхэд эрчим хүчний хараат бус улс болох болно. Үүнийг гурван нам хамтарч хийчхээд, нэг намыг нь гэрээний заалт биелүүлсэнгүй гэж байгаад дотроо харамсаж байна. Албан ёсоор яаж хандахыг нь харъя.
Монгол Улс бол парламентын засаглалтай улс. Засгийн газрыг УИХ бүрдүүлнэ. Энэ бол төрийн эрх барих дээд шатны байгууллага. МАН-ын нэг шийдвэрээр засаг төр өөрчлөгдөөд байж болохгүй. Ерөнхий сайдын хувьд орлогоо нотлох нь зүйтэй. Гэтэл орлогоо нотлоод явах асуудлыг хамтарсан засгийн газрын асуудал болгож хувиргаад ардын намын бага хурлаар хэлэлцээд явж байгаа нь буруу. ХҮН намын хувьд, засаглал солих асуудлыг эрс эсэргүүцэнэ” гэв.