
Энэ сарын 21-ний 15.00 цагт эхэлсэн МАН-ын Бага хурал өнөөдөр үүрээр 03:00 орчимд өндөрлөсөн. Хурлаар Засгийн газрыг огцруулж, дараагийн Засгийг МАН дангаараа бүрдүүлэх шийдвэр гаргасан юм.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаагийн хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй бол ёс зүйн хариуцлага хүлээнэ гэж мэдэгдсэн. Энэ дагуу тэрээр хариуцлагаа хүлээгээд, явах нь тодорхой болов.
Тэгвэл АН-ынхан МАН-ын бага хурлын дүгнэлтийн талаар хэвлэлд юу юу ярив?
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ардчилсан нам гэрээгээ зөрчөөгүй гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: АН-ын сайд нар өөрсөд дээрээ гал авч, олон жил гацсан төслүүдийг эхлүүлсэн. Манай найман сайд зоригтой байж чадсан.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Шүүмжлэлтэй хандлаа гээд засгаас гаргаж байгаа бол энэ дарангуйлал
АН-ын дарга Л.Гантөмөр: Манай нам гэрээгээ зөрчөөгүй. МАН хамтын хариуцлагаа хүлээнэ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Манай намд МАН урилга өгч, засагт оруулсан. Том төслүүдээ хөдөлгөх нь чухал байсан. Дийлэнх ажлуудаа манай намын сайд нар нугалчихлаа. Олонх болсон нам кабинетаа унагаах, урих нь тэдний асуудал. Би бол цочирдож, гайхаж хүлээж аваагүй. МАН хийж дадсан зальжин аргаа энэ удаад дахин хэрэглэлээ л гэж харж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хамтарсан засагт ажилласан сайд нараасаа би асуусан. Манай сайд нар Л.Оюун-Эрдэнийн хүүд юм авч өгөөгүй гэсэн. Гэхдээ АН сөрөг хүчнийхээ байр сууринд эргэн ирсэнд баяртай байна гэлцэв.