
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн эхнэр/найз бүсгүйгээ үнэтэй брэндээр “эрхлүүлж” буй асуудал олны анхаарлыг татаад байна. Татвар төлөгчдийн хөрөнгөөр туйлж байж болзошгүй эл асуудалд Засгийн газрын хэвлэлийн алба тайлбар өгөхөөс татгалзлаа.
Ингэхдээ, “Бид Ерөнхий сайдын гэр бүл, үр хүүхдүүдийн талаар тайлбарлах, мэдээлэл өгөх, үнэн худлыг хэлэх хүмүүс биш. Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах үүрэгтэй” гэв. Уг нь тэд “public figure” буюу олон нийтийн хүн. Хэвлэлийн албанаас эл асуудалд тайлбар өгөхгүй бол, өөр хэн мэдээлэл, тайлбар өгөх вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван хүүхэдтэй гэх мэдээлэл бий. Нас нь 20 гарсан хоёр хүүтэй. Харин сошиал сүлжээнд О.Тэмүүлэнг 20 гаруй настай болохыг мэдээлж буй. Тэгвэл 20 гаруй настай, эрх баригчийн хүүхэд найз охин/ эхнэртэйгээ халуун орноор аялж, 3500 ам.доллар буюу 12 сая төгрөгийн үнэтэй цүнх бэлэглэж, дэлхийн тансаг брэндээр эрхлүүлж байгаа нь эргэлзээ төрүүлнэ.
Солонгосын ерөнхийлөгч эхнэрийнхээ өмнөөс уучлал хүссэн шиг, Ерөнхий сайд уучлал хүсэх үү
Нэг жилийн өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёолын эхнэр Dior брэндийн гар цүнх болон бусад бэлэг авсан гэх хэргээр шалгагдаж байв. Улмаар солонгосын ард түмэн жагсаж, ерөнхийлөгч Юн эхнэрийнхээ “ухаалаг бус үйлдэл”-д санаа зовсондоо уучлалт гуйсан удаатай. Сөрөг хүчнийхэн ч тэргүүн хатагтайг хатуу шүүмжилж, тусгай өмгөөлөгчөөр мөрдөн байцаалт явуулахыг шаардаж байсан юм.
Бид Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны ХОМ-ийг доор танилцууллаа. Үүнээс харвал хүүгээ, хүүгийнхээ найз охин/эхнэрийг энэ мэт брэндээр эрхлүүлж, эдлүүлж, аялуулбал, төд удалгүй “ядуурахаар” харагдаж байна. Тэгвэл зугаацахдаа зарцуулж буй энэ их хөрөнгийн эх үүсвэр нь юу вэ?, Түүний хүү О.Тэмүүлэн өөрөө бизнес эрхэлдэг үү?, Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үү? гэх асуултуудыг олон нийт тавьж буй. Өөрөөр хэлбэл О.Тэмүүлэнгийн чинээлэг байхыг үгүйсгээгүй ч, амарч, аялж зугаалж, брэндээр “тоглож” байгаа хөрөнгийнхөө эх үүсвэрийг нотлохыг шаардаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн эхнэрээ “эрхлүүлж” буй мөнгө татвар төлөгчдийнх биш бол орлогоо нотлохыг олон нийт шаардаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ХОМ-тэй танилц /2024 он/
- Түүний орлого 2013 онд 233.5 сая байсан бол 2023 онд 244 сая төгрөг болсон нь дөрвөн жилийн хугацаанд орлого бараг нэмэгдээгүй мэт харагдаж байна.
- Ерөнхий сайд нэг нийтийн орон сууцтай, зуслангийн байшингүй. Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдэл нь 133 сая төгрөг бөгөөд бусдад өр, авлагагүй.
- Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтыгхарвал “Херо энтертайнмент” групп ХХК-ийн 50 хувь, “Хүлэг контент” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.