Бид энэ удаа АНУ-ын Сан-Франциско хотод өөрийн гоо сайхны “Оюу косметикс” брэндээ үүсгэн байгуулаад дөрвөн жил болж буй Д.Төгс-Оюуныг онцоллоо. “Оюу косметикс” өнөөдрийн байдлаар 23 нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж буй. Түүнээс хоёр нэр төрлийн бүтээгдэхүүн нь Амазонгийн бестселлерээр шалгарсан бол Бүүстэр серум нь Топ 7-д багтаж байна.
-Манай үзэгч, уншигчдад өөрийгөө танилцуулна уу? Анх ямар зорилгоор брэндээ үүсгэн байгуулсан бэ?
-Сайн байцгаана уу? Энэ холоос зорьж ирсэн та бүхэнд баярлалаа. Оюу косметикс анх 2020 онд үүсгэн байгуулагдсан. Тэр үед химийн бодисоос салъя, юу идэж уухдаа анхаардаг шигээ, гаднаасаа ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаадаа анхааръя гэсэн зорилгоор бизнесээ эхлүүлсэн. Ингээд гол зорилго маань органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон.
-Яаж органик бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг вэ?
-Манай бүтээгдэхүүн бүгдээрээ органик шошготой бүтээгдэхүүнээс татаж авч нийлүүлдэг. Зарим бүтээгдэхүүн нь Монголын чацарганы тос, зарим нь хонины сүүлний тостой бүтээгдэхүүн бий. Монголоос яг органик шошготойг авчирдаг. Найрлагыг нь зохиогоод гар аргаар үйлдвэрлэдэг.
-Уг нь та өөр салбарын мэргэжилтэй хүн. Энэ чиглэлээр сурсан гэсэн үг үү?
-Энэ чиглэлээр сурсан. Анх магистрт сурч байхдаа, 2009 онд органик гоо сайхны дэлгүүрт ажилладаг байсан юм. Тэгээд л энэ салбарт дуртай болоод, гоо сайхны бүтээгдэхүүндээ анхаарах ёстойг ойлгосон. Ингээд цааш сурч, өөрийгөө энэ салбарт хөгжүүлж эхэлсэн.
-Бидэнд тоон мэдээлэл өгөөч? Хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ? Амазон дээр хоёр бүтээгдэхүүн нь бэстселлер болсон байгаа гэсэн шүү дээ.
-Манайд 23 нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа. Албан ёсоор Амазон дээр гарчихсан. Өрийн веб сайт дээр бас борлуулж байгаа. Бэстселлер бүтээгдэхүүн болох Бүүстэр серум маань топ 7-д явж байгаа.
-Хэдэн ажилтантай вэ?
-Албан ёсоор таван ажилтантай. Xамтран үүсгэн байгуулагч нь манай нөхөр. AI-аар гоо сайхны зөвлөгөө өгдөг. Мөн чатбот хийсэн байгаа. Skin care consulting буюу зөвлөгөө өгдөг Ai тусдаа хийж байна. Үүнийг хариуцсан тусдаа ажилтан бий.
-Ажлынхаа хажуугаар ямар ажил хийж байсан бэ?
-Би их олон салбарт ажиллаж байсан. Монголд байхдаа Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд ажиллаж байсан. Энд ирээд санхүүгийн нягтлан бодох компанид ажиллаж байсан. Яг одоо Moss Adams нягтлан бодох компанид ажилладаг. Тэндээ ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Moss Adams нь Америкт топ 12-д ордог компани.
-Америкт косметикийн бизнес эрхлэхийн онцлог нь юу байдаг вэ? Ойрын хугацааны төлөвлөгөөгөө юу гэж хардаг вэ?
-Ерөнхийдөө цаанаасаа хууль тогтоомж нь тодорхой. Санхүүгийн тооцоолол татварын систем нь тодорхой. Татвараа ингэж бодно, өөр муж руу худалдан авалт хийх юм бол, татвараа ингэж бодно гээд бүх юм нь тодорхой байдаг. Хэцүү зүйл нь маркетинг хийх. Хэтийн зорилго бол бүтээгдэхүүнээ зарах зорилготой. Тэрнийхээ үндэс суурийг тавиад Нью Йорк хотод ирсэн нь энэ.
-Танд баярлалаа. Ажил, бизнес, амьдралд нь амжилт хүсье.
-Баярлалаа.