Зулын 25-ны их дүйчэн өдөр ирэх Даваа гарагт тохионо
Бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог болоод хэрхэн хүүхдээ ойлгож харилцах талаар сэтгэл зүйч Г.Хулан дараах зөвлөгөөг хүргэж байна.
- Эцэг эхчүүд хүүхдэдээ “болохгүй” гэж их хэлдэг. “Болохгүй” гэж хэлэхээр хүүхэд юу болдгийг хэлж мэдэхгүй учраас тухайн үйлдлээ дахин, дахин давтаад байдаг юм. Жишээлбэл, хүүхэд орон дээр үсэрч байлаа. Орон дээр үсэрч болохгүй гээд шууд хэлж байгаа бол араас нь үргэлжлүүлээд хаана үсэрч болохыг нь хэлнэ. Тэртээ тэргүй хүүхдэд тухайн хэрэгцээ байгаа учраас үсэрсээр л байх болно. Болохгүй гэдгээ дандаа яаж болох вэ гэдгээр өөрчлөөд хэлэх юм бол хүүхэд суралцаж эхэлдэг.
- Бага насны хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг, энэ үед суурь хүмүүжил, төлөвшлийн суурь тавигддаг учраас эцэг эхчүүд хүүхдээ ойлгож харилцах нь хамгийн чухал юм. Хүүхдээ яагаад уурласныг мэдэхгүй бол сэтгэл хөдлөл илэрхийлсэн зурагт карт болон хүүхдийнхээ хамгийн дуртай тоглоомыг ашиглан харилцаж болдог. Тухайн сэтгэл хөдлөл илэрхийлсэн картыг хүүхдэдээ харуулаад чиний бодлоор энэ хүүхэд ямар сэтгэл хөдлөл мэдэрч байна. Энэ хүүхэд яагаад ийм сэтгэл хөдлөл мэдрээд байгаа юм бол гээд асууна. Ингээд хэлэхээр хүүхэд хэдий картын талаар ярьж байгаа ч гэсэн яг өөрийнхөө талаар ярьж эхэлдэг. “Энэ хүүхэд айж байна. Тэгвэл би ямар үед айдаг вэ” гээд өөрийнхөө айдсуудыг ч гэсэн илэрхийлэх боломжтой болж байгаа юм. Ингээд хүүхэдтэйгээ ярилцаад эхлэхээр маш олон төрлийн айдсууд гарч ирдэг
- Хэрвээ хариулт нь хангалтгүй байх юм бол хүүхэд өөрөөр яаж сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээ мэдэхгүй байх магадлал өндөр байдаг. Тэгэхээр ээж аавууд маань үүн дээр туслах шаардлагатай. Чи айсан үедээ ингэж болно, чи уурласан үедээ ингэж болно. Ингэж ингэж болдог гээд маш олон төрлийн аргуудыг хүүхдэд заагаад өгчихнө гэсэн үг. Ингэснээр уураа буюу сэтгэл хөдлөлөө зөв аргаар бага багаар гаргаж сурдаг.
- Заримдаа бага насны хүүхэд хэн нэгэнд гомдсоноос болоод эсвэл уур нь хүрч маш их уйлдаг. Ингэж уйлахдаа удаан хугацаагаар уйлж, эцэг эхүүд хэрхэн аргадахаа мэдэхгүй сандрах үе цөөнгүй байдаг. Энэ нь бага насны хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сул учраас маш амархан сэтгэл хөдлөлдөө автаж уйлах, орилох, чарлах зэрэг сөрөг байдлаар илэрхийлж байгаа юм.
- Эцэг эхчүүд та бүхэн өөрсдийн үзэл бодлоо хүүхдэдээ тулгахаас илүү тэднийг ойлгож, ярилцах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар, өөрийгөө үнэлэх үнэлэмж, сонголт хийх чадварт бие даан суралцах боломжтой болох юм.
Б.Аззаяа