Орчин цагт хүмүүс гудамж талбай битгий хэл гэрийнхээ шалыг ч хувин зөөж угаахаа больсон. Гэтэл инээмээр ч гэх үү, эмгэнэмээр ч гэх үү үйл явдал цахим орчинд олны анхаарлыг татлаа. Энэ бол Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын төв талбайг хот тохижилтын ажилтан резинэн бээлий өмсөн, хар хувинтай ус зөөсөөр угааж буй бичлэг юм. Яг л арван жилийн сурагч ангийнхаа шалыг зүлгэж буйтай адил.
Энэ дүр зургийг олон нийт шүүмжилж, техник технологийн дэвшилттэй төхөөрөмжөөр угаагаач гэх мэт шаардлагыг тавихад, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, “…Ертөнцийн ямар ч агуу техник арилгаж үл чадах толбо. Гараараа зүлгэхээс өөр аргагүй…” гэх “мунаг” тайлбар хэлж иргэдийг бухимдууллаа.
Дэлхийн ямар агуу техникээр угааж үзээд арилаагүй толбо вэ?
Энэ асуултыг Ц.Төрхүү менежерийн тайлбар постны доор иргэд асуухтай зэрэгцэн тэрээр нийтлэлээ устгав. Өөрөөр хэлбэл хэлсэн тайлбартаа ороогдож, амаа барьсан энэ нь. Ямартай ч 21 дүгээр зуунд бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын нийслэл хот, тэр дундуу хотын төв талбайг ажилтнууд хувинтай ус зөөн цэвэрлэж буй нь ичмээр явдал мөн гэж олон нийт бухимдлаа илэрхийлсээр байна.