УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Б.Чойжилсүрэнгийн сонгуулийн штабаас мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд “Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нь сайт болон “Увсад тавтай морил” Фэйсбүүк группээр дамжуулан УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж байгаа энэ өдөр “2-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн Сонгуулийн штабаас Завхан аймагт мөнгө тараалаа” гэх огт үндэслэлгүй худал мэдээллийг тарааж байгаа нь дэвшигчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан хэрэг юм.
Б.Чойжилсүрэнгийн сонгуулийн штабаас мөнгө тараагаагүй. Завхан аймаг дахь Цагдаагийн газраас дуудаж уулзсан, тайлбар мэдүүлэг авсан, шалгасан зүйл огт байхгүй болно. Иймд үүнийг Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол…” гэж заасанд хамаарах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна.
Мөн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасанчлан, илтэд иргэн миний нэр хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. МАН-аас УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн сонгуулийн штабаас мөнгө, эд зүйл тараасан зүйл байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Бид энэ асуудлаар ЦЕГ-аас тодруулахад, “Сонгуулийн тухай хуульд гэмт хэрэг зөрчилтэй холбоотой асуудлыг шаллгах шаардлагатай бол Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх ёстой. Цагдаагийн байгууллагаас өнөөдрийн байдлаар нэр дэвшигчийг шалгаагүй. Тодорхой мэдээлэл байхгүй” гэсэн тайлбар өглөө.