
Хэдхэн хоногийн дараа Улсын их баяр наадам болох гэж байна даа…Бидний багад эмээ, өвөө ганган гоё дээлээ өмсөөд л, өнгө зүс сайтай морьдоо шилж сонгоод л, ижилсэж аваад сумын наадмаа зорьдог байлаа. Бага насны тэр л монгол ахуйтай басхүү өвөөгийн морь уядаг байсан нандин үеүүдийн дурсамж хамгаас сайхан, сэтгэлд нэг тийм содон өег.

Баяр наадам дөхөж буй энэ өдрүүдэд уламжлал ёсоор 2 зураглаачийнхаа хамтаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгийг зорилоо. Өвс ногоо сайтай, газрын гарз гоёхон, ээ дээ сайхан зун болж байна даа. Ингэж Улаанбаатараас тус нутгийг зорьсон зорилго нь Баяр наадмаар үзэгч, уншигч та бүхэндээ бэлтгэн хүргэх “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн зураг авалтаа хийх байв.
Учир нь нэвтрүүлэгт уригдсан зочин маань Аймгийн алдарт уяач, Монголын мэргэжлийн анхны жокей Лодойсүрэнгийн Лхагвасүрэн Дэлгэрхаан суманд хурдан буянгийнхаа уяа сойлгыг тааруулангаа зусаж байгаа гэлээ.


Хэнтий аймаг Цэнхэрмандал-Жаргалтхаан-Дэлгэрхаан гэсэн маршрутаар бид зорьсон газраа хүрч очлоо. Зочноо тодотговол Монголдоо алдартай асгат саарал, зандан хүрэн хүлгүүдийг унаж, олон баяр наадамд түрүү болон айраг хүртэж байсан амжилтын түүх арвинтай “Өөдөс” нэрээрээ морин уралдаан сонирхогчдын дунд алдартай залуу юм. Түүний хувьд 6 наснаасаа эхлэн хурдан буянгуудын нуруун дээр салхи татуулан давхиж, ийн ахуйд Уяачийн эрдэмд суралцсаар, ид үедээ Ирланд улс руу Монголын анхны мэргэжлийн жокейгоор бүр академид нь суралцаад авсан адтай, дайчин, сүрхий залуу.
Л.Лхагвасүрэнгийн унаж уралдсан “Асгат саарал”, “Зандан хүрэн” хэмээх алдартай хурдан хүлгүүдийг морин спорт сонирхогчид андахгүй


-Сайн байна уу? Сайхан зусаж байна уу. Морь хурдан уу?
-Сайн байна уу? Сайхан зусаж байна. Бид чинь Улсын баяр наадмын өмнөхөн жижиг наадмуудаар морьдынхоо сунгаануудыг тааруулаад хийгээд явчихдаг. Хэдхэн хоногийн мөнө Чойрт бага сунгаагаа хийсэн. Тэгээд Дэлгэрхаан руу нүүж ирээд, Хэрлэнбаян улааны наадмаар дунд сунгаа хийлээ. Морьд хурдан сайхан байна аа.
-Өөрөө багадаа хурдан морины уралдаанч хүү байсан. За нөгөө алдартай Асгат саарал, Зандан хүрэн хурдан буянгуудыг унаж, олон ч түрүү, айраг хүртсэн дээ. Хэзээнээс адуутай холбогдчихов?
-Манай гэр бүл хөдөө байдаг байсан. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул хүмүүс. Би 6 настайгаасаа л морь унаж эхэлсэн дээ. Макс группийн Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар 2 ах дээрээ морь унаж, тэндээсээ л анх амжилт минь эхэлсэн дээ. Тэгээд л туслах уяач хийж яваад сүүлд 9-р ангиа төгсөөд мэргэжлийн жокейгоор суралцахаар Ирланд улсыг зориод, сураад ирсэн. Монголдоо одоо суурин морио уяад байж байна даа.


9 дүгээр анги хүртлээ хурдан морь унаж уралддаг байсан тэрбээр 30 гаруй түрүү, 40-50 айраг хүртсэн амжилттай
-Уралдаанч байхдаа хэдэн айраг, түрүү хүртсэн амжилтууд үзүүлж байв?
-Би багаасаа л адуу малтай холбогдсон. Уралдаанч байхдаа 30 гаруй түрүү мөн 40-50-аад тавиад айраг авсан даа. Одоо уяач болсноос хойш Аймгийн алдарт уяачийн болзол хангачихсан байгаа. Морьдынхоо уяа сойлгыг сайхан л тааруулж байна. Удахгүй 07-р сарын 08 хавьцаа Улаанбаатарын төв рүүгээ улсын наадам руугаа дөхөх бодолтой л байна даа.


Л.Лхагвасүрэн: Аав маань морь уяж, манай ах хурдан морь унадаг байсан
-Улсын баяр наадам руу хэдэн насны морьдтой зорих гэж байна вэ?
-Өө тэгээд морьдоо харж байгаад л ямар ч байсан хэдэн багачуудтайгаа зорино доо.
-Төв аймгийн Сэргэлэн сум хурдан адуу, ур чадвар сайтай Уяачдаараа алдартай нутаг даа?
-Тийм. Манай аав Лодойсүрэн залуудаа морь мал уяж байлаа. Тэгээд манай ах морь унаж байгаад, мориноос хасагдах алдад би очиж унаж эхэлсэн. Ээж маань Бямбажав гэдэг хүн бий. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат ийм улсууд байдаг даа. Намайг уралдаан, баяр наадамд оролцох бүрт л байнгын сүү өргөөд л даатгаад явдаг л даа.


Л.Лхагвасүрэн: “Асгат бид хоёрын хамтдаа уралдаж байхдаа бүтээсэн дурсамжууд их”
-Асгат саарал, Зандан хүрэн хоёр яг л зэрэг уралдаж байсан. Өөрийн тань хувьд энэ сайхан хүлгүүдийг унаж уралдаж, олон амжилт үзүүлснийг морь сонирхогчид андахгүй?
-Миний анхны наадам бол улсын наадам. Тэрэнд мордоод л гайгүй давхиулж байсан юм. Тэгээд л тэрнээс хойш 2001 оноос 2009 он хүртэл ер нь бол айраг, түрүү улс болон бүсээс тасраагүй ээ.
Асгат сааралтайгаа соёолон байхад нь анх улсад түрүүлж, тэрнээс хойш бүх наадмуудад л айраг, түрүү хүртдэг байлаа. Хүүхэд байхдаа хурдан буянгууд унаж уралдаад, бүх л дурсамж асгат сааралтайгаа уралдсан үеүдтэй холбоотой.
Тэгээд би чинь анх Асгаттайгаа соёолон түрүүлж байлаа. Бас би өөрөө ойчоод, айрагдаж чадаагүй нэг жил өнжиж байсан юм. Мөн Их хурдад зүтгэсээр байгаад л айрагдаад л тэгээд асгаттай ер нь холбоотой амжилтууд их байдаг юм даа. Ер нь уралдаанч хүүхэд байхдаа өчнөөн л морь айраг, түрүүлсэн л дээ.


Асгат сааралтайгаа соёолон насанд нь Архангайд бас улсад түрүүлчхээд, тэр аймагт очоод тухайн жил чинь бас айхтар гол үерлээд нэлээн олон гол гарч уралдсан юм аа. Тэгээд бид 2 чинь нэг хол өнгөлж явж байгаад, нөгөө олон гол дээр очоод хоёулаа жоохон хөлгүй юм руу ороод, хөвж хөвж байгаад буцаж гарч ирээд л, түрүүлж байсан дурсамж бол зөндөө л дөө.
-Уяачийн эрдэмд суралцаад, энэ ажлаас авдаг хамгийн сайхан мэдрэмж?
-Их сайхан буянтай ажил л даа. Тэгээд энэ адуу малаа дагаад л, уяа сойлгыг нь ягштал тааруулаад, улс, бүсийн баяр наадамд амжилттай сайн давхиулах нь эндээс авах хамгийн сайхан мэдрэмж. Бас ажил хөдөлмөрийн үр шим дээ.


Монголын анхны мэргэжлийн жокейгоор суралцахад “Макс” группийн ах нартай маш их холбоотой. Хоёр ахдаа баярлаж явдаг
-Ирланд улсад Монголын анхны мэргэжлийн Жокейгоор суралцаж төгссөн нь шинэлэг содон байсан?
-Энэ чиглэлээр суралцсандаа маш их баяртай байдаг. “Макс” группийн 2 ах маань л анхны жимийг гаргаж өгсөн дөө. Тэгээд төгсөж ирээд Америкийн виз маань гараагүй юм. Харин дараа нь Английн виз өгтөл гарчихсан. Ингээд Англи улсыг зориод Их Британийн Хатан хааны нэрэмжит уралдаанд Mongolian Saturday уралдахад арын албанд нь ажиллаж, багийн гишүүнээр оролцсон доо.


Хүүхэд байхдаа хурдан морьж унаж байгаад, сүүлдээ туслах уяач хийдэг байлаа. Ингээд Тод манлай Д.Онон ахаас уяачийн эрдэмд суралцсан даа
-Охидууд нь аавыгаа дагаад моринд дуртай, адуутай ойрхон өсөж байгаа нь Монгол ахуйд суралцаж буй болов уу?
-Тийм. Би хоёр охинтой. Хоёулаа адуунд их дуртай. Одоо том нь намайг дагаад ингээд адуутайгаа ойр яваа. Бага маань хөдөө өвөө, эмээ дээрээ очсон. Хоёуланг нь аваад хамтдаа морь малаа уях гэхээр би чинь нөгөө тасралтгүй ундарсан ажил ихтэй болохоор арай завдахгүй юм.


-Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсанд талархлаа. Сайхан наадаарай. Олон баяр наадмын айраг, түрүү хүртэх болтугай.
-Маш их баярлалаа. Монгол ахуйг цаашлаад Уяач бидний энэ сайхан ажлыг сурталчилж, түмэнд түгээн дэлгэрүүлж өгсөнд нь талархлаа.
Ярилцсанд баярлалаа.


Спортын сэтгүүлч: А.Алтанчимэг
Зураглаач: Д.Төгөлдөр, Г.Дөлгөөн
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийг үзэх линк:









