
Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд энэ өдрүүдэд нүүдэлчин ахуй, өв соёл, уламжлалт зан заншлыг нэг дороос харах боломж бүрдээд байна.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Монголын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс гадна олон улсын төлөөлөгчид оролцож байна. Фестивалийн талбайд алхахад монголчуудын төдийгүй дэлхийн нүүдэлчин ард түмнүүдийн ахуй соёл, хувцас хэрэглэл, гар урлал, зан заншил өөр өөрийн өнгө төрхөөрөө дэлгэгдэнэ. Харин олны дундаас нэгэн дээлний хээ, хийц, түүнийг өмссөн хүний яриа анхаарал татлаа.
Тэр бол Хятадын Цинхай буюу Хөхнуурын нутгаас ирсэн Гомбын Гучин.

Яриа авахаас өмнө би түүнийг хэсэг ажиглав. Хээ шаагүй, зөрсөн хүн бүртэй мэнд мэдэж, гар гараа халуун дотноор атгалцан өнгөрөх нь өдий хүртэл Монгол нутгаа үзээгүй ч сэтгэлдээ санаж явсан хүнээс л гарах үйлдэл мэт санагдана. Танихгүй нэгэнтэй ч дотно учран золгож буй мэт тэрхүү харилцаа нь түүний хувьд энэ газар цоо шинэ биш, харин олон жилийн өмнө салсан дотнын хүмүүсийнхээ дунд эргэн ирсэн мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
Тэрбээр анх удаа Монгол Улсад ирж байгаа бөгөөд Монголын наадам, нүүдэлчин соёлтой танилцахаар 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн иржээ. Түүний хэлснээр хамт ирсэн хүмүүс нь уламжлалт монгол соёл, зан заншлыг өвлөн тээгчид аж.
Хөхнуурын өндөрлөгт үлдсэн бидний түүх
Хөхнуурын монголчуудыг түүхийн сурвалж, судалгаанд “Дээд монголчууд”, “Хөхнуурын Өөлд” хэмээн нэрлэдэг. Өнөөгийн БНХАУ-ын Цинхай мужид оршин суудаг эдгээр монголчууд Хошууд, Цорос, Торгууд, Хойд, Халх зэрэг олон аймгийн бүрэлдэхүүнтэй.
Хөхнуурын нутаг монголчуудын түүхтэй эртнээс холбогдож ирсэн ч өнөөгийн Хөхнуурын монголчуудын бүрэлдэхүүний үндэс XVII зуунд тавигдсан гэж Монголын түүхийн тайлбар тольд тэмдэглэжээ. 1630-аад оны сүүлчээр Хошуудын Гүүш хан Төрбайх ихэнх ард иргэдээ дагуулан Хөхнуурт очиж нутагласнаар Хөхнуурын монголчуудын шинэ түүх эхэлсэн байна.
Тухайн үед Хөхнуурын өндөрлөг нь Төвдтэй ойр, стратегийн чухал бүс байв. Гүүш хан Хөхнуурт суурьшсаны дараа Төвдийн улс төр, шашны үйл явдалд оролцож, 1642 онд Төвдийн хаан ширээнд өргөмжлөгдсөн түүхтэй.
Хожим Манжийн эрхшээлд орсны дараа Хөхнуурын монголчуудын захиргааны бүтэц өөрчлөгдөж, 1725 онд Хошуудын 21, Торгуудын дөрөв, Цоросын хоёр, Хойдын нэг, Халхын нэг буюу нийт 29 хошуу байгуулагдсан байдаг.
Ийнхүү Монголын төв нутгаас алслагдсан өндөрлөгт хэдэн зуун жилийн турш амьдарсан ч тэд монгол хэл, дуу хөгжим, хувцас, зан заншил зэрэг олон өвөө хадгалан үлджээ. Судалгаанд Дээд монголчуудын нутагт Хөхнуурын монгол, Төвдийн монгол, Цайдамын монголчуудыг хамруулан авч үздэг бөгөөд уртын дуу зэрэг аман уламжлал нь өнөөдөр ч чухал байр суурьтай хэвээр байна.
“Бид угтаа ижил түүхийн эхтэй”
Гомбын Гучин Монголын наадам, монголчуудын уламжлалт соёлыг сонирхож ирсэн гэдгээ ярихдаа өөрийн өмссөн дээлийг онцолсон юм.
Түүний өмссөн дээл энгийн нэгэн хувцас биш. Дээлийн хормой, эмжээрт нь шингэсэн хээг урлахад нийтдээ гурван жилийн хөдөлмөр зарцуулжээ. Ялангуяа хатгамлыг хийх ажил нь дангаараа гурван жил үргэлжилдэг бөгөөд энэ ажлыг эмэгтэй хүн урладаг уламжлалтай аж.
Тэрбээр Монголд анх хөл тавьсан өдрөө “түмэн олонтойгоо харж, учран золгосон ерөөлтэй сайхан өдөр” хэмээн тодорхойлсон юм.“Анх удаа Монгол Улсад ирлээ. Түмэн олноо харж, учран золгосон ерөөлтэй сайхан өдөр байна. Төвдийн өндөрлөгт байх бидэн, Монгол Улсад байх та бүхэн угтаа ижил түүхийн эхтэй.”
Түүний ярианаас Хөхнуурын монголчууд өөрсдийнхөө уг гарвал, өв соёлын тухай ойлголтоо хэрхэн хадгалж ирсэн нь мэдрэгдэнэ. Г.Гучин болон түүний хамт яваа хүмүүсийн хувьд Монголд ирэх нь зөвхөн аялал биш. Өөрсдийн өвөг дээдсийн түүх, соёлын эхтэй холбогдох нэгэн төрлийн учрал аж.Тэрбээр фестивальд ирэхээсээ өмнө Хамрын хийд, Хүслийн нуур зэрэг газраар аялжээ. Харин Монгол Улсад ирээд нутгийн хүмүүсийн халуун дотно хүлээн авсанд талархаж байгаагаа хэлсэн юм.
Дээлний хормойд шингэсэн ахуй
Түүний өмссөн дээлийг анзаарахад зөвхөн хатгамал, хээ угалз нь бус нэгэн жижиг хэрэглэл сонирхол татна. Тэрээр аяга, сав суулгаа дээлийнхээ дотор авч явдаг бөгөөд аягаа бүснээсээ уяж явдаг уламжлалтай аж. Энэ мэт жижиг зүйлс нь хэдэн зуун жилийн өмнөх нүүдэлчин ахуй өнөөдөр хэрхэн амьд хэлбэрээр үргэлжилж байгааг харуулна.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үнэ цэнэ ч энд оршино. Тус фестиваль нь зөвхөн тоглолт, үзүүлбэрээр хязгаарлагдахгүй, угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өв, уламжлалт мэдлэг, арга ухааныг олон нийтэд таниулах, өвлөн уламжлагчдыг дэмжих зорилготой.
Монголын наадмыг үзэхээр Хөхнуурын өндөрлөгөөс 30 орчим хүн иржээ. Тэдний дунд Гомбын Гучин бий. Түүний гурван жил урласан дээл, бүснээсээ уясан аяга, Монголын наадмыг үзэхээр алс нутгаас зорьж ирсэн сэтгэл нь нэг зүйлийг сануулна.
Хил хязгаар өөрчлөгдөж, газар нутаг холдсон ч өв соёл, дурсамж, уламжлал хүнийг хооронд нь холбосоор байдаг. Хөхнуурын өндөрлөгөөс Монголын наадамд ирсэн Гомбын Гучиний хувьд энэ удаагийн аялал чухамдаа тэрхүү холбоог өөрийн нүдээр мэдрэх учрал байлаа.









