
Тайж хайрхны бэлд энэ өдрүүдэд ерөөл магтаал эгшиглэж, морин хуур, хэл хуурын аялгуу гэрээс гэрийн хооронд сонсогдоно. Нэг гэрт үндэсний дээл урлаж байхад нөгөөд нь Алтайн ятга тоглож, цаахна нь монгол банхар, шонхор сонирхсон хүмүүс цугларчээ. Наймдугаар сарын 21-23-нд болсон “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль монгол орны өнцөг булан бүрээс өвлөн уламжлагч, гар урчууд, уран бүтээлчид, малчдыг Тайж хайрхны бэлд нэгтгэсэн нь энэ.

Дорнод аймгийн Хэрлэн сумаас ирсэн Ч.Соль 13 настайгаасаа дээл урлаж эхэлжээ. Багш мэргэжилтэй, олон шавьтай түүнийг нутгийнхан нь “Та тайлбарлаж, зааж өгөхгүй бол энэ бүхэн тантай хамт дуусна” гэж яаруулдаг байсан гэнэ. Тиймээс тэр бүтээлээ дэлгэн үзүүлэхээс гадна мэддэг, чаддагаа залууст зааж, өөрөөсөө хойш үргэлжлүүлэхийг чухалчилдаг.
Харин контент бүтээгч Т.Саруултөгс өв соёлыг өөрийнхөөрөө тээж яваа залуусын нэг. Тэрбээр морь уяж, хурдан морь унадаггүй ч монгол банхар, шонхор тэжээн, үндэсний ахуй, нүүдэлчдийн соёлыг контентоор дамжуулан сурталчилдаг. Өв соёлоо хадгалах арга хүн бүрд өөр байж болох ч гол нь өөрийн чадах зүйлээрээ оролцох хэрэгтэйг түүний яриа харуулна.
Фестивалийн гэрүүдээр ороход эртний хөгжмийн зэмсгийн аялгуу тасрахгүй. МУГЖ, дэд профессор Ч.Мөнх-Эрдэнэ Алтайн хормойгоос олдсон Алтайн ятгыг уламжлалт цомцог гэрт тоглож сонирхуулсан бол урлаач Тунгалаг хэл хуур, нуман хуурыг байгалийн салхи, нум сум, монголчуудын тэнгэр шүтлэгтэй холбон тайлбарлаж байлаа.
Өв соёлын үзүүлбэрүүдийн зэрэгцээ фестивалийн хамгийн олон хүнийг хамарсан үйл явдал нь Монгол хорхгийг Гиннесийн амжилтад бүртгүүлэх оролдлого байв. Энэ үеэр 1000 хүн нэгэн зэрэг хорхог хийж, хөдөө орон нутаг, хилийн цэрэг, Батлан хамгаалах салбар, төмөр замын тогоочид хүчээ нэгтгэлээ.


Олон хүн оролцсон учраас хүнсний аюулгүй байдал хамгийн чухал асуудлын нэг байв. Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, зөвлөх инженер Д.Буяндэлгэрийн хэлснээр хүнсний бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн газруудаас авч, Гиннесийн байгууллагаас тавьсан стандартын дагуу бэлтгэжээ. Үйл ажиллагааны явцад зөвшөөрөгдсөн эрүүл ахуйн байцаагчид хяналт тавьсан байна. Харин хоол үйлдвэрлэлийн салбарт 30 гаруй жил ажилласан П.Амарбаясгалан “Монгол хүн бүр, ялангуяа эрчүүд хорхог хийж чаддаг гэхэд хилсдэхгүй” хэмээн хуучлав.
Фестивалийг зорин ирсэн гадаадын зочдод ч монголчуудын ахуй, харилцаа сонирхолтой санагджээ. Шведийн хойд нутгаас ирсэн Гүн Олофссон хүмүүсийн найрсаг занг онцолж, хоолны болон үзвэрийн хэсгүүдийг тусад нь зохион байгуулсан нь таалагдсаныг хэлэв.
Зохион байгуулалтын хувьд хүүхдүүдэд өөрийнх нь болон асран хамгаалагчийн нэрийг бичсэн бугуйвч зүүлгэсэн нь оновчтой шийдэл байлаа. Хүүхэд төөрөх, яаралтай тусламж хэрэгтэй үед уг бугуйвчийг ашиглан ар гэртэй нь хурдан холбогдох боломжтой.
Гэхдээ фестивальд хүрч очиход тулгарсан хамгийн том асуудал нь автомашины зогсоол байв. Зогсоолыг үндсэн талбайгаас тав орчим километрийн зайд байрлуулсан нь бага насны хүүхэдтэй гэр бүл, ахмад настан, ачаа бараатай хүмүүсийг багагүй чирэгдүүлэв. Фестивалийн талбай доторх зохион байгуулалт боломжийн байсан ч иргэдийг зогсоолоос наадмын хэсэгт хүргэх дотоод тээвэр, хөдөлгөөний зохицуулалтыг илүү хүртээмжтэй хийх шаардлагатай байгааг иргэд хэлж байв.
Хэдийгээр зам, зогсоолын асуудал оролцогчдыг багагүй ядраасан ч Тайж хайрхны бэлд дэлгэсэн өв соёл тэднийг саатуулж байсан юм.









