Видео нэвтрүүлгийн ЭНД дарж үзнэ үү
Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа сонгуулийн тухай хуульд зааснаар, авлига, албан тушаалын хэрэг нь шүүхээр тогтоогдоод, шүүхээс ял авсан бол нэр дэвшиж болохгүй. Харин хүн амины, хулгайн, залилангийн шинжтэй гэх мэт бусад хэрэг үйлдэж, ялаа эдлээд дууссан бол тухайн хүн сонгуульд нэр дэвших боломжтой хууль манай улсад үйлчилдэг.
Тэгвэл ёс зүйн хувьд, татвар төлөгч таны мөнгөөр өөрийнхөө болон, ойр дотнын хэн нэгнийгээ гадаадад сургачхаад одоог хүртэл зээлээ төлөхгүй байгаа, баригдангуутаа зээлээ төлсөн атлаа хүүг нь төлөхгүй байгаа, эсхүл хууль бусаар үр хүүхдээ гадаадад сургасан хүмүүсийн мэдээллийг цувралаар хүргэсэн.
Энэ удаа УИХ-ын сонгууль ойртсон энэ үед нэр дэвших магадлалтай 50 гаруй улс төрчийн жагсаалтыг гаргасан. Эдгээр хүний зээлийг нь төлүүлчхээд, сонгохыг үзэгч танд сануулж, ХАР ТАМГА дарж байна.
УИХ-ын гишүүн Даваасүрэн.
Түүний охин Д.Долзодмаа 172 мянган ам долларыг БЗС-гаас авсан. Одоог хүртэл зээлээ төлөөгүй байна. БЗС-гийн тухайд зээл авчхаад эргэн төлөөгүй бол Монголд ирж таван жил ажиллах ёстой. Гэтэл Даваасүрэн гишүүний охин монголд ч ирээгүй байсаар байна. Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчийн л мөнгө гэж бий.
Эрүүл мэндийн сайд З.Чинзориг.
Түүний охин Ч.Дэлгэрмаа, Ч.Норовдэлгэр нар БЗС-гаас тус бүр 32 мянган долларын зээл авсан ч төлөөгүй. З.Чинзориг Өвөрхангай аймгийг хамарсан тойрогт нэр давших магадлалтай.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр.
Тэр Баянзүрх дүүргээс, эсвэл Дорнод аймгийг хамарсан тойргоос өрсөлдөх магадлалтай. Түүний төгсөөгүй сургуулийн төлбөрийг татвар төлөгч та бид төлсөн. Энэ асуудал ил болоход эргэн төлөлтөө хийсэн ч хүүг нь одоо болтол төлөөгүй.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц.
Тэрээр БЗС-гаас 72 мянган доллар зээлж өөрийн охин Х.Намууныг гадаадад сургасан. Зээлээ одоог хүртэл төлөөгүй талаар Өрөг.мн сайт сурвалжлахад, сэтгүүлч У.Болортуяад өргөдөл гаргаж, цагдаагийн байгууллагад хандсан. Үндэслэл нь гүтгэсэн гэх. Гэвч цагдаагийн байгууллагаас гүтгэлэг биш гэж үзээд гомдлыг нь хаасан. Б.Хурц СБД, ЧД-ээс нэр дэвших магадлалтай.
АН-ын дарга Л.Гантөмөр.
Боловсролын сайдаар дөрвөн жил ажилласан энэ хүн сайд байх үедээ өөрийн охин Г.Хуланд 151 мянган доллар шилжүүлсэн. Баригдангуутаа зээлээ төлсөн ч хүүг нь төлөөгүй, бас ард түмнээс уучлал гуйгаагүй.
АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт.
Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гэж гурван шатны шүүхээс шийдвэр гаргасан хэдий ч дээд шүүх хэргийг нь буцаах шийдвэр гаргасан. Харин одоо түүний хэрэг прокурорын шатанд гацсан байдалтай байна. Тэр өөрийн хамаарал бүхий Баярбат, Баярмаа, Баярхишиг гэсэн гурван хүнд тус бүр 32 мянган ам долларын зээл авсан. Эргэн төлөлтөө эдгээр гурван хүний хоёр нь төлөөгүй. Монголын ард түмэн эдгээр хүмүүст өргүй. Зээлээд авсан бол өрөө төл.